ХБЗХ: Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хэлэлцлээ
2020.10.29

ХБЗХ: Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хэлэлцлээ

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Төсвийн төсөлд тус Байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны төсвөөс нэмэгдүүлсэн зардлын талаар танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийг 607.9 тэрбум төгрөг байхаар өргөн барьсан нь 2020 оны тодотгосон төсвөөс 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 67.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 5 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангасан байна.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийг 5.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн 2020 оны тодотгосон төсвөөс 513.7 сая төгрөгөөр өссөн нь тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 61.3 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж, бүрэн санхүүжүүлэхээр тусгажээ.

Улсын Ерөнхий прокурорын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 78.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 25.5 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн нь өмнөх оноос 18.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 28.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл, арга хэмжээг 13.8 тэрбум, шинээр 13.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төсөл, арга хэмжээг 11.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардал нийт дүнгээрээ 2020 оны тодотгосон төсөвт тусгагдсан урсгал зардлаас 84.9 сая төгрөгөөр буурсан байна. Урсгал зардлыг ангилал тус бүрээр нь авч үзэхэд анхаарал татахуйц буюу төсөвт нөлөөлөхүйц дүнгээр өссөн зардал байхгүй байна. ТЕЗ-ийн төсвийн саналыг Сангийн яам танаж, УИХ-д өргөн мэдүүлсэн харагдаж байна.

Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 900.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор төсөвлөжээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын 2021 оны төсвийн зардлыг 5.4 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд хилсээр хэлмэгдсэн иргэдэд олгох тэтгэмжийг өмнөх оноос 48.9 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. 

Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгчээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.

Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэж дүгнэлтэд дурджээ.

Төслийн талаарх Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналын 2 томъёоллыг гишүүд гаргаж, нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.