2020.10.16

О.Цогтгэрэл: Ковид-19 Монгол Улсад ямар хэмжээний өртөгтэйгөөр тусаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 
  1. Жижиг дунд үйлдвэрлэлийн санд бизнес эрхэлж байгаа хүмүүст хэдий хэмжээний төсөв тавигдсан байна вэ? 
  2. Аймгуудаа авто замаар холбоод дуусч байна. Аймгууд дээр тодорхой хэмжээний бизнесүүдийг хооронд нь холбохын тулд манай улсад тээвэр ложистикийн бодлого байхгүй байна. 2021 оны төсөвт дотоодын тээвэр ложистикийн бодлого, төсвийн төсөл байхгүй байна. Энэ тал дээр бодлогын ямар өөрчлөлт байна вэ? 
  3. Ковид-19 манай эдийн засагт өртгөөр тооцвол хэдий хэмжээний өртөгтэйгөөр 2020-2021 оныг давж байгаа вэ? Өртөгийн цаана алдагдсан боломж гэдэг зүйлийн тухай яриа гардаг учраас. Ковид-19 Монгол Улсад ямар хэмжээний өртөгтэйгөөр тусаж байна вэ?
Түүний асуултад Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

Аймгуудыг холбоод дуусаж байна. Дэд бүтцийн томоохон асуудал нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оролцсон "Нутгийн Зам" хөтөлбөр байна. Үүнд хөдөлгөөний эрчимжилт өндөртэй, нийгмийн ач холбогдолтой, хүн ам олноор суурьшсан, үйлдвэрлэл явагддаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн бизнес эрхэлдэг сумдуудыг аймгийн төвтэй хөнгөн маягаар, хатуу хучилттай авто замаар хучих ажиллагаа байгаа. 

Тээвэр ложистикийн чиглэлээр эхний ээлжид Улаанбаатар хотын баруун зүүн талд нийслэлд байгаа тээвэр ложистикийн төвүүдийг гаргах. Шинээр Налайх, Хөшигтийн хөндий чиглэлийн хоёр тээвэр ложистикийн төвийг байгуулах ажил байгаа. Энэ нь ихэвчлэн төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хувийн хэвшлийг дэмжсэн бодлогоор явагдана. Зүүн талд баригдах зураг төсөл нь дууссан хувийн хэвшлээр ирэх онд баригдаж эхэлнэ. Баруун чиглэл нь Европын  сэргээн босголтын хөгжлийн банк дээр техникийн туслалцаатайгаар зарим нэг зүйл явагдаж байна. Зураг төсөл дуусч техник эдийн засгийн үндэслэлээр, бололцоотой байна гэвэл хувийн хэвшлүүдээр баригдаж эхэлнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
  • ЖДҮ сан, тариалан эрхлэлт, хөдөлмөр эрхлэлт дэмжих сан, Жайка төслүүд, Ази хөгжлийн банкны төсөл, Дэлхийн банкны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гээд нийт төслүүдээс 907 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс 2021 онд орж ирэх нь 577 тэрбум гэж үзэж байна. Хувиарын дагуу төлөгдөх нь 178 тэрбум байна. Хугацаа хэтэрсэн, авах төвөгтэй байгаа 400 тэрбум төгрөг байна. Энэ бүхнээс нийт 378 тэрбум төгрөгийг зээлд гаргах боломж байгаа юм. Зээл авсан бол буцааж төлдөг тогтолцоог сайжруулж явах ёстой.
  • Ковидын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө нь эдийн засаг эхний хагас жилд 9.9 хувиар унасан. Эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүний 36 орчим их наяд гэж үзвэл 3.6 их наяд төгрөг эдийн засаг дээр ирсэн уналт юм. Өртөгийн хувьд төсвийн алдагдал 12.5 хувиар унасан. 2.5 хувиар төсөв дээр шууд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж байна.