2020.10.28

Ц.Сэргэлэн: Өмнөх оноос шилжсэн сургууль, цэцэрлэгийн инженерийн шугамд холбох төсвийг шийдвэрлэж өгнө үү?

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдаж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"2019, 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ажил нь хийгдээд, улсын комисс хүлээж аваад ашиглалтад орж байгаа цэцэрлэг, Соёлын төвүүд манай тойрогт бий. Үүнд шаардлагатай багахан хөрөнгө оруулалтыг шийдчихвэл энэ бүтээн байгуулалтын инженерийн шугам сүлжээг хийгээд ашиглаад эхлэх боломжтой юм.

Үүнийг мөнгө нэмэхүйгээр, зарцуулалт хийхгүйгээр дотор нь зохицуулалт хийгээд ажлын хэсэг дээр шийдвэрлээд явах боломжтой юм. Би үүнийг бичгээр саналын томьёолол оруулаад өгвөл боломжтой юу?"

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.