Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.04.24

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.23/ хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 35 дахь заалт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар зөвлөмжид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасны дагуу Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан байна.

  • -Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулж, энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлжээ.
  • -Монгол Улсын Их Хурал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмж, Засгийн газрын болон гадаад харилцаа, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон байна.
  • -Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг тусган, Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрлийг тодорхой болгожээ.
  • -Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, оролцоо, төрөл нэмэгдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай улсад орлого ордог уу, мөн хэр хэмжээний зардал гардаг вэ хэмээн асуусан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НҮБ, цэрэг илгээгч орнуудын хооронд НҮБ-ын дүрэмд заасны дагуу гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурдаг. Санамж бичигт НҮБ-ын энхийг сахиулах мандаттай ажиллагаанд цэргийн баг, алба хаагчдыг илгээх асуудлыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчийг сонгон шалгаруулах манай журам байгаа. Энэ журмын дагуу сонгон шалгаруулсан цэргийн алба хаагчдын материалыг НҮБ-руу илгээдэг. НҮБ манай материалыг хүлээн аваад дахин хянадаг.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, алба хаагчдад НҮБ гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр олгодог. Тухайн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, техник бүрт олгох НҮБ-ын нөхөн төлбөрийн норматив гэж бий. Энэ нормативын дагуу нөхөн төлбөр Монгол Улсад орж ирдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн алба хаагчид цалин хөлстэй байдаг. Монголд хашиж байсан албан тушаалынхаа цалинг бүрэн авна. Мөн үүрэг гүйцэтгэсэн томилолтын нөхөн төлбөр авдаг. Нэг жил үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч бол дунджаар 30-35 сая төгрөг нөхөн төлбөрт авдаг гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, цагдаагийн байгууллагын хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдог вэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд онцгой байдлын албан хаагчдыг оролцуулах боломж бий юу. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны аюул, газар хөдлөлт, гал, усны хохирлын голомтод тэдгээр алба хаагчид ажиллаж туршлага суух шаардлага байгаа хэмээн тодруулсан.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагын алба хаагчид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. ЗХЖШ-аас төрийн цэргийн байгууллагад квот өгч байгаа. Хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад квот өгөөд онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Онцгой байдлын алба хаагчид Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Одоо Нил мөрөн үертэй байгаа. Тэнд онцгой байдлын алба хаагчдын туршлагыг ашиглаж байгаа. Онцгой байдлын алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцох асуудал нээлттэй байгаа хэмээн хариуллаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсрууллаа хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав. .

Хуулийн төсөлд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Мөн дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирна хэмээлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хуулийн төсөлд зөвхөн алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цэргийн цолны нэмэгдлийн тухай тусгасан гэж ойлгож болох уу хэмээн лавлав.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба, Хуулийн төсөлд Засгийн газрын тогтоолоор алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байгаа. Өнөөдрийн байдлаар Хилийн тухай хуулийн дагуу зөвхөн агаарын цэргийн салбарт ажиллаж байгаа алба хаагчид хамаарч байсан. Энэ хууль батлагдсанаараа хуурай замын тусгай хүчний, мөн радио электрон, тагнуулын зарим ангийн алба хаагчид нэмэгдэж, 5 жил тутам мөнгөн урамшуулал олгох асуудал нь шийдэгдэх юм гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын батлан хамгаалах салбар 39 улстай хамтын ажиллагаатай. Одоогийн байдлаар 11 улсын цэргийн академи, их дээд сургуульд монгол оюутнууд, сонсогчид, офицер, ахлагчид суралцаж байна. Гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагчдын үндсэн цалин ар гэрт нь олгогддог хэвээрээ юу хэмээн асуусан. Дотоодод сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудын суралцах хугацааг ажилласан жилд нь оруулж тооцдог. Гадаадад сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудад энэ заалт хамаатай юу хэмээн тодруулав.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадад суралцаж буй алба хаагчдын цалинг олгоод явж байгаа. ОХУ-д академи, дээд сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалингаа 100 хувь авч байгаа. Тэтгэлэг өндөртэй оронд сурч буй хүмүүсийн цалин 50-иас дээш хувиар олгогдож байна. Энэ хууль батлагдсанаар гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагч, сонсогч, суралцагч цалингаа бүрэн авах эрх зүйн үндэс нь баталгаажна. Гадаадад цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогчдын суралцах хугацаа нь алба хаасан хугацаанд тооцогдоно гэсэн хариулт өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.