Ц.Сэргэлэн гишүүний гаргасан ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ саналыг гишүүд дэмжлээ
2020.10.27

Ц.Сэргэлэн гишүүний гаргасан ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ саналыг гишүүд дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.  


Асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төсвийн зардлын ангилалд “мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зардал” гэсэн ангиллыг оруулах” гэсэн заалт нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Түүний саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Ц.Сэргэлэн гишүүний санал гаргах үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

Мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хүссэн хүсээгүй онцгой анхаарах цаг болчхоод байгаа юм. Төрийн тусгай байгууллагууд, ялангуяа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий цэрэг, цагдаагийн байгууллагууд, тэдгээрийн ашиглаж байгаа мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангахгүй бол болохоо больсон.

Урсгал зардалд нь энэ мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах тухайлсан зардал нэг ч төгрөг суудаггүй юм. Яагаад гэвэл энэ ангилал нь байдаггүй юм. Тэгээд янз бүрийн бусад зардлаас хэмнэх, шилжүүлэх зөвшөөрөл авч байж асар их ажлуудыг хийдэг. Байгууллага бүр мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Одоо дурын хакерууд төрийн тусгай албадын мэдээллийн сүлжээ рүү нэвтэрдэг болчихлоо ш дээ. Би өмнө нь Монгол улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системд хэдэн мянган удаа хакер нэвтэрсэн. үүнийг тухай үед нь илрүүлж, Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн тухай байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан.  

Тэгэхээр энэ асуудлыг хаа хаана шийдэхгүй бол болохгүй. Одоо дурын мөнгөтэй хүн тусгай албадын мэдээлэл рүү хакер хөлсөлж нэвтэрч, нэвтрэх оролдлого хийдэг болсон байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудал болсон. Том утгаараа мэдээллийн аюулгүй байдлын хууль гарч, энэ асуудал тусах байх. Гэхдээ жижиг гэлтгүй ийм асуудлыг шийдээд явъя. Тиймээс миний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүд дэмжинэ гэж итгэж байна.