2020.11.05

Д.Тогтохсүрэн: Мал аж ахуйн орлогоос олж байгаа татвар бэлчээрийн хөгжилд зарцуулагдаж байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг дэмжиж байна. УИХ-аас гарах шийдвэрт зарлагыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Мал аж ахуйн орлогоос олж байгаа татвар мал аж ахуйн бэлчээрийн хөгжилд зарцуулагдах ёстой. Тиймээс энэ саналыг яаж авч үзсэн бэ?

Малчдын насыг таван насаар наашлуулсан. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль гарсан. Энэ 2020 онд хэрэгжсэн боловч тун тааруу хэрэгжиж байна. Дөнгөж 10 орчим хувь нь хамрагдаж байна. Энэ хуулийн үйлчлэлийг нэг жилээр сунгаж өгөх асуудлыг олон гишүүд санал болгосон. Энэ санал дээр ажлын хэсэг юу гэж шийдвэрлэсэн бэ?

Түүний асуултад ТБХ-ны  дарга Б.Жавхлан хариуллаа.

Малын тоо толгойн татвараас орж ирж байгаа орлогыг тухайн суманд нь үлдээж байгаа. Тухайн орлогоос бүрдсэн эх үүсвэрийг зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлдээ зарцуулах ёстой. Үүнд зохицуулалт хийхийг шаардаж байгаа. Агуулгатай нь санал нийлж байна. Харин хуульдаа яаж тусах вэ гэдэг асуудал байна. Малын тоо толгойн татвар бол хөрөнгийн татвар. Үүнийг хуульд хэрхэн яаж зарцуулахыг зааж болохгүй байна.

Бид энэ асуудлыг ингэж орхилгүй гишүүдийн хэлж байгаа саналуудыг нэгтгээд 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулж авах арга хэмжээний тогтоолд ийм заалт оруулж байна. 5-дахь зүйлд: Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус татварын орлогыг мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарцуулдаг байх зохицуулалтыг холбогдох журамд өөрчлөлт оруулах. Үүнийг Засгийн газарт үүрэг болгон өгсөн. Энэ зарцуулах журмыг Сангийн яамнаас боловсруулж гаргадаг. Сангийн яам үүн дээр хэрхэн ажиллаж байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөх байх.