2012.02.28

Ж.Батсуурь: Иргэд төрөөс авах мөнгөөрөө хувьцаа худалдаж авна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон намуудын амлалтын талаар ярилцлаа.

-Иргэдэд хувьцаа олгох асуудлыг эцэслэн шийдэхдээ “Илүү сонголттой хувилбараар зохицуулсан” гэж байгаа ч зарим талаас нь харвал бүр ч сонголтгүй болчихсон юм биш үү?
-Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг одоо л шийдэж байгаа юм биш. Өмнө нийт хувьцааны 10 хувийг иргэн бүртээ 536 ширхгээр нь олгочихсон шүү дээ. Үнэ цэнэгүй зүйл гэж байхгүй. Нэрлэсэн үнээр нь тооцдог ч юм уу, зах зээл дээр гарлаа гэхэд 536 ширхэг хувьцаа бол тодорхой үнэ цэнэтэй болно. Харин үүнийг иргэддээ ямар ч үнэ төлбөргүйгээр олгосон. Харин иргэдэд олгох хувийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг зарим гишүүн сүүлд өргөн барьсантай холбогдуулаад өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, гадаад дотоодын зах зээл дээр борлуулах гэж байсан 30 хувиасаа 10 хувийг нь дахиад иргэдэд өгөхөөр болсон шүү дээ. Ингэхдээ өмнөх шигээ үнэгүй тараах юм бол тухайн аж ахуйн нэгж цаашид үр ашигтай ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн хувьцааны үнэ нь өндөр байж чадахгүй байж ч мэднэ. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үнэ цэнэтэй, үр ашигтай байлгахын тулд иргэд төрөөс авах нэг сая төгрөгөөрөө 536 ширхэг хувьцаа нэмж худалдаж авах хувилбараар зохицуулсан. Гэхдээ заавал хувьцаа ав гэж байгаа юм биш. Хувьцаа нэмж авахгүй, бэлэн мөнгөө авна гэсэн хүн байвал бэлэн мөнгөө ч авч болно.

-Уг нь намуудын амласнаар бол иргэд хувьцаагаа ч, бэлэн мөнгөө ч авах ёстой биз дээ. Гэтэл яагаад ингэж байгаа юм бэ?
-Иргэд эхний 10 хувь буюу 536 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа шүү дээ. Хэрэв нэмж авах хүсэлтэй байвал дахиад 10 хувийг авах боломжийг л олгож байгаа хэрэг. Компаниуд бас 10 хувийг худалдаж авахаар болсон. Яг түүн шиг мөнгөө төлөөд л авна. Гэхдээ иргэдийн халаасанд бэлэн мөнгө байхгүй бол төрөөс авах мөнгийг чинь суутгая гэсэн л хувилбар юм. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг түргэсгэж, санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болгох, дэлхийн зах зээл дээр хувьцааных нь үнийг өндөр байлгах зорилгоор л ингэж шийдсэн. Олон улсын хөрөнгийн биржүүдээр арилжих гэж байсан 10 хувийг татаад өөрийнхөө иргэдэд зарж байгаа л хэрэг.

-Төрөөс бэлэн мөнгөө авчихсан оюутнууд нэмж 10 хувь эзэмших боломжтой юу?

-Боломжтой. Хэдийгээр бэлэн мөнгөө авчихсан ч үнэхээр өөрсдөө дахин 10 хувийг нэмж авмаар байвал мөнгөөрөө худалдаад авч болно.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч адилхан уу?

-Адилхан. Төр тэдэнд шууд хувьцаа ав гэж тулгахгүй. Бэлэн мөнгө өгчихөөд хувьцаа авах эрхийг нь хязгаарлахгүй. Нэмэлт 10 хувийн хувьцаан дээр иргэд өөрсдөө л сонголтоо хийнэ.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хэзээ гаргах вэ. Хэвлэлээр янз бүрийн л мэдээлэл гарч байна. Ер нь хугацаа тодорхой болсон уу?

-Яг хэзээ гэдэг дээр тодорхой мэдээлэл надад алга. Гэхдээ бидний хувьд яаравчилж байгаа. Аль болох цаг хугацаа алдалгүй үр ашигтай ажиллах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. УИХ бол ямар ч байсан бодлогын шийдвэрээ гаргасан. Одоо гүйцэтгэх ажлыг Засгийн газар шуурхай хийх ёстой.
-Засгийн газар өмнөх тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй нэлээд цаг алдсан. Энэ удаа бас хойш тавиад байвал яах вэ?
-Яахав, зарим хүн тийм зүйл ярьдаг. Гэхдээ бид асуудлыг олон талаас нь ойлгох ёстой. Яагаад гэвэл энэ бол манай улсын эдийн засгийн салбарт цоо шинэ зүйл шүү дээ. Ямар ч туршлагагүй улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс их хэмжээний хөрөнгө босгох гэж байна. Үүнийг яаран сандран хийвэл бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг юм болно. Тиймээс бодлогын шийдвэр гаргасан гээд л хам хум хийж бас болохгүй юм. Яг гүйцэтгэх шатанд ямар ямар эрсдэлт хүчин зүйл байх вэ, түүнийг хэрхэн шийдэх гээд олон бэрхшээлтэй тулгарах нь гарцаагүй. Тэгэхээр аль болох нухацтай л хийсэн нь дээр.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.