Ч.Улаан: Бид хүсэл мөрөөдлийнхөө эсрэг төсөв ярьж байна
2011.10.19

Ч.Улаан: Бид хүсэл мөрөөдлийнхөө эсрэг төсөв ярьж байна

УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэх гэж буй энэ үед УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай ярилцлаа
Эдийн засгийн үр ашиг ярих боломж хязгаарлагдмал байна
-Ирэх оны төсөв хэлэлцэгдэх гэж байна. Эдийн засгийн үр ашиг нь ямар байна гэж та дүгнэх бол?
-Маш ерөнхий хэлэхэд, эдийн засгийн үр ашигтай төсөв болж чадахгүй. Энэ бол сонгуулийн жилийн төсөв, нөхцөл байдал биднийг тийм байдалд шахлаа. Өмнөх сонгуулийн амлалтын ачаанаасаа салж чадаагүй байхад дараагийн сонгуулийн уур амьсгал орчихлоо. Ирэх оны төсөв эдийн засгийн үр ашигтай гэхээс илүү улс төрийн төсөв болно.
-Улстөрчид "Төсвийн зарлага ихээр өслөө ч инфляцийг нэг оронтой тоонд барина" гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нэг оронтой тоонд инфляцийг барих нь бидний хүсэл мөрөөдөл юм. Хүсэл мөрөөдөл,  бодит байдлын хооронд зөрүү гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Явуулж байгаа бодлого маань биднийг хүсэл мөрөөдлийнхөө эсрэг үр дүн гаргах байдалд шахаж байна. Тиймээс би хувьдаа нэг оронтой тоонд инфляци байна гэдэгт итгэдэггүй.
-Ирэх онд талх, тариа бусад барааны үнэ, орон сууцны ханшийг ядаж одооны төвшинд хадгалахын тулд яах хэрэгтэй вэ?
-Төсөвт эрүүл саруул, хариуцлагатай ханддаг болбол үр ашгаа дээшлүүлэхэд илүү анхаарах ёстой. Тухайлбал, төсвийн алдагдлаа багасгах, зардлаа хорогдуулах, орлого, хуримтлалаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Та манай сонинд өгсөн ярилцлагадаа "Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар гийж байна" гэж хэлсэн. Энэ одоо өөрчлөгдсөн болов уу?
-Үүлэн чөлөөний нарыг үүрдийн юм шиг бодож болохгүй. Харамсалтай нь, бидний явуулж байгаа бодлого ийм байна. Орлого бий болж, эдийн засаг тэлэхийн хэрээр зарлагаа нэмж, үр ашгаа бууруулж байна. Бэлэн мөнгө ихээр тарааж байна. Энэ нь алсдаа эдийн засгийн үр дүнгүй байдалд хүргэнэ. Үүлэн чөлөөний нарыг үүл удахгүй хаачихна гэдгийг мартах ёсгүй. Үүл хаачихвал хүн бүр даарч эхэлдэг. Тийм үе эхлэхэд даарахгүй байх бодлогыг хэрэгжүүлбэл эдийн засгийн үр ашигтай төсөв болно.
-Төсөвт багагүй хэсгийг эзэлж байгаа бэлэн мөнгөний  тараалтыг багасгах хэрэгтэй гэсэн үг үү?
-Үүнийг аль болох үр ашигтай хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй. Урт хугацааны хөрөнгө оруулалт, эргээд өгөөжөө өгдөг, түүгээрээ ард түмэн амьдралаа тогтвортой урт хугацаанд дээшлүүлдэг тэр хэлбэрийг сонгох хэрэгтэй. Бэлэн мөнгө өгөх нь нэг өдрийн хэрэглээг хангаад л, идэж уугаад л  дуусна шүү дээ.
-Долоон их наяд орчим төгрөгийн төсвийн 1,5 их наяд нь бараг тэр чигээрээ бэлэн мөнгөөр тараагдах хэсэг байна.
-Тийм.
-Тэгвэл үүнийг шууд тараах хэсгийг нь бууруулах боломжтой юу?
-Төд болгож бууруулна гэж тоо хэлмээргүй байна. Ер нь энэ бодлогоо бид эргэж харж зөв чиглэл рүү залах ёстой. Аль болохоор үүлэн чөлөөний нартай байх үед үүл гарсан ч даарахааргүй нөхцөлийг л бүрдүүлэх ёстой.
-Таны хэлж байгаа тэр нөхцөлийг бүрдүүлэх боломж нь хэр байна вэ. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээр хийж чадах болов уу?
-Яг ний нуугүй ярихад, боломж муу байна. Улс төрийн үүднээс асуудалд илүүтэй хандаж байна. Эдийн засгийн үр ашиг ярих боломж туйлын хязгаарлагдмал. Тун цөөхөн хэдэн хүн дуугарах байх. Тэглээ гээд энэ нь дэмжлэг авахгүй. Энэ ч ойлгомжтой байна.
-Тэгвэл та Сангийн сайд байсан бол ямар нэг алхам хийх байсан уу?
-Би ямар ч албан тушаал хашсан эрүүл саруул, тогтвортой үр өгөөжтэй эдийн засгийн төлөө байдаг. Тэр талаар л дуугарна.


Жолоодлогогүй инфляци үүсэж мэднэ

-Засгийн газар их л гэрэл гэгээтэй байх эдийн засгийн төсөөлөл яриад байна. "Цалин, тэтгэвэр нэмчхээр эдийн засгийн өндөр өсөлт авчирна", "Ажилгүйдэл багасна", "Хүмүүсийн орлого өснө" гээд л.
-Аливаа асуудалд эдийн засгийнх нь агуулга талаас ярих хэрэгтэй. Зүгээр хэн нэгэнд таалагдах гэж ярьж болохгүй. Өнөөдөр Монголын эдийн засагт маш том хөөс байна. Хөөсөн эдийн засгийн үр ашиг гэж байдаггүй. Тиймээс л ийм үед их зөв ярих ёстой.
-Цалин тэтгэвэр нэмчихээр инфляци хэдэн хувьд хүрэх бол?
-Би үүнийг урьдчилж хэлмээргүй байна. Бодлогоо яаж тодорхойлох вэ, яаж зохион байгуулах вэ гэдгээс энэ бүхэн хамаарна. Ер нь онолын хувьд хэнд ч ойлгомжтой. Гүйлгээн дэх бэлэн мөнгийг нэмэгдүүлснээр үнэ, ханшны  өсөлт өөрөө өдөөгддөг, Энэ нь цаанаа бодитой үйлдвэрлэл, бүтээмжээр баталгаажаагүй бол жолоодлогогүй инфляци  болж хувирдаг.
-Олон улсын валютын сан суурин төлөөлөгчөө татчихлаа. Олон жил сангийн асуудал эрхэлсэн хүний хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ. Юуны дохио юм бол?
-Нэг их сайн зүйл биш гэж бодож байна. Маш нягт. хамтран ажиллаж, бодлогоо уялдуулж, харилцан зөвшилцөж, харилцан бие биедээ тусалж ирсэн энэ үйл ажиллагааг бол өнөөдрийн Монголын эдийн засгийг ийм төвшинд хүргэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл мөн шүү дээ. Хамтын ажиллагаа холдох вий дээ, бодлогын уялдаа зохицуулалт сулрах вий дээ, хэн хэндээ анхаарал тавих нь багасах вий дээ гэж болгоомжилж байна.
-Дэлхийн банкнаас манай эдийн засгийг 17 хувиар өссөн гэж мэдээлсний дараа Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч "Мон-голын энэ өндөр өсөлт урт хугацаанд хадгалагдаж чадахгүй байх" гэсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Олон улсын байгууллагын хүмүүс маш дипломат ярьдаг. Тэд шууд "Тэгнэ, ингэнэ" гэж хэлдэггүй. Тиймээс л тэгж хэлж. Ер нь энэ ойлгомж-той, энэ урт хугацааны тогтвортой өсөлт биш. Монголын эдийн засагт хөрөнгө орж байгаа томоохон цөөхөн төсөл хэрэгжиж байгаа үед гарч байгаа огцом өсөлт юм.
Энэ өсөлт удаан хугацаанд хадгалагдахгүй.
Монголын эдийн засаг өөрөө жижигхэн. Бас маш их мэдрэмтгий. Энэ мэдрэмж нь том төсөл хэрэгжсэнтэй холбоотойгоор ийм том үсрэлт болж гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ бол тогтвортой өсөлт биш учраас өөрөө сөрөг үр дагавар дагуулна. Гэнэт өссөн хэрэгцээг хангахын тулд дотоодоос асар их нийлүүлэлт хийх хэрэгтэй болно. Энэ хэрэгцээгээ манай эдийн засаг даах уу, даахгүй. Тэгвэл, импорт асар ихээр нэмэгдэж, сөрөг үр дагавар асар ихээр гарна. Энэ мэтчилэнг холын үр дагавартай нь уялдуулж тооцох ёстой. Түүнээс биш өнөө маргаа-шийн, үүлэн чөлөөний нараар жилийг дүгнэж болохгүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дахин хойш тавих ёсгүй


-Төр хамгийн том худалдан авагч, бас мөнгө тараагч болсноос үйлдвэрлэгчид биш үнэ өсөөд байх нь. Үүнтэй тэмцэхээр Монголбанк бодлогын хүүгээ нэмэх тухай яриа эдийн засагчдын дунд хэдийнэ тарчихаж?
-Хэрэгцээ асар их өсөж байгаа үед эдийн засгийг тогтвортой байлгахын тулд Монголбанк хатуухан бодлого явуулахаас аргагүй. Монголбанкны бодлого суларвал бүх юм жолоодлогогүй болно. Ёстой "Жолоог нь хүзүүнд нь эвхэж тавиад чүү гэлээ" гэдэгтэй адил юм болно. Тиймээс үүнийг хязгаарлахын тулд маш ухаалаг, хатуу бодлого барих ёстой. Бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр замгүй. Үүнийг тааварладаг ч зүйл биш. Бодлого өөрөө ийм байдалд хүргэж байна.
-Арилжааны банкнуудын нөхцөл байдал төсвийн хэт үрэлгэн байдлаас болж доройтож байна гэж олон хүн үздэг. Төрөөс асар их бэлэн мөнгө тарааж, гүйлгээн дэх бэлэн мөнгө нэмэгдсэнээр арилжааны банкнуудын зээлийн чанар муудвал төр дахиад л батлан даах уу?
-Банкны хадгаламжийн эрсдэлийг төр хариуцахаар хууль гарчихсан. Төр хариуцаж л таарна. Ийм шийдвэр гаргахыг анхнаас нь дэмжээгүй гишүүдийн нэг нь би. Энэ хууль  амаргүй үр дагаварт хүргэх байдлыг үүсгэж болзошгүй.
-Тэгвэл банкнуудыг дэмжиж ямар алхам хэрэгтэй вэ?
-Тэднийг зах зээлийн горимоор нь ажиллуулах хэрэгтэй. Бодлогоор захиргаадаж, нөхцөл тулгаж, хайрцагласан бодлого явуулж хэрэггүй. Жинхэнэ арилжааны банк гэдэг агуулгаараа банк өөрөө ажиллах ёстой. Тэгж байж зах зээлийн нөхцөлд шалгарч оршин тогтоно.
-Сонгуулийн дараахыг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Ямар ч сонгууль явагдсан Монгол Улс байдгаараа л байна. Байдгаараа байхын тулд цаашдаа эдийн засаг нь тогтвортой, үр ашигтай зөв бодлого явуулах ёстой. Сонгуулийн дараа зөв бодлого руу чиглэсэн алхам хийгдэх байх гэж найдаж байна. Тэгэхгүй бол энэ улс орны ирээдүй туйлын бүрхэг байдалтай болчихсон байна. Тийм л сонгууль болоосой, тийм л " эдийн засгийн өөрчлөлт хийж чадах, эрүүл саруул, холыг харсан, зөв бодлого явуулж чадах Их хурал бүрдээсэй гэж хүсэж байна.
-Зэсийн ханш энэ сарын эхэнд 6800 ам.доллар болтлоо унаад одоо эргэн сэргэж, 7500 ам.доллараас давлаа. Цаашдаа үнэ хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна?
-Түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэлтэй байдаг. Цаашдаа ч хэлбэлзэнэ. Дэлхийн зах зээл дээрх хэлбэлзлийг дагаж Монгол Улс савлах уу гэдэг л асуудал байна. Уг нь үнийн хэлбэлзэлд автахгүйгээр эдийн засаг тогтвортой оршин тогтнох ёстой.Тиймээс л бид Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталж гаргасан.
Энэ хуулиа үг, үсэгчлэн мөрдөх хэрэгтэй.
Энэ хуулийг гарсан цагаас нь хойш бид хэрэгжүүлж чадаагүй, хойш нь тавьсаар ирсэн. Энэ хуулийг гаргах ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд сэтгэл дундуур байна. Ирэх жилээс хэрэгжүүлье, дараагийн Засгийн газраас хэрэгжүүлье гээд хойш нь тавиад байгаа. Нэгэнт бий болчихсон байдлаас гарах арга замыг зөв тодорхойлчихсон байхад үүнийг хоног хоногоор хойшлуулж болохгүй. Энэ хуулийг тууштай хэрэгжүүлэх ёстой. Зах зээлийн тогтворгүй байдлаас Төсвийн тогтвортой байдлын хууль л аварч гарна.
-Байгаа орлогоос Тогтворжуулалтын санд хэчнээн нь орж байна вэ?
-Тогтворжуулалтын санд орлогоо хийгээд явж байна. Гэхдээ энэ оны төсвийн тодотгол орж ирсэн бодлогоос харахад ухраад л байна. Явцын дунд орлого нэмэгдэж орсон л бол Тогтворжуулалтын сандаа нэмж хийх ёстой. Гэтэл түүнийг нь зарлага болгож ашиглах гээд байна. Энэ нь эргээд төсвийнхөө тогтворгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эдийн засгийн үндсэн тэнцвэрийг заагаад өгчихсөн. Төсвийн алдагдлаа бууруул, жилд дөрвөн хувиас доошгүй болго гэж байгаа. Гэтэл өнөөдөр бараг 10 хувьд тулсан алдагдалтай явж байна.
-Ирэх оны төсөв хэт их зарлагатай батлагдах нь. Инфляци ч өсөж мэдэх нь. Энэ үед бизнесмэнүүд маань ямар бодлого барьвал 2008 онд олон компани үүдээ барьсан шиг хямралын хар жишээг давтахгүй байхад та зөвлөөч?
-Ямар ч үед эдийн засгийн хямрал үүсэж болзошгүй гэдгийг сайн санаж ажилла. Эдийн засагт таагүй нөхцөл бүрдсэн, хүндрэл тохиолдсон үед үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадах нөхцөлийг бүрдүүл. Байнгын эдийн засаг, санхүүгийн нөөцтэй бол. Холыг харсан материал, баялаг, бүтээсэн үйл ажиллагаа илүүтэй явуул. Түр зуурын хугацаанд хууртаж, арилжаа наймаанд анхаарлаа хэт төвлөрүүлж, хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
Нийтлэлч
Ж.Цогзолмаа
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.