Ч.Улаан: Бүх бололцоогоо шавхаад цалинг 10 орчим хувиар нэмвэл их юм
Цалин тэтгэвэр нэмэх санал жагсаал, цуглаан дагуулах хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан УИХ- ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Цалин хөлс нэмэх талаар гурван талт хэлэлцээр хийх гэж байна. Сангийн сайд байсныхаа хувьд та үүн дээр ямар байр, суурьтай байна вэ?
-Төсвийн бодит байдлыг үзвэл хоёр дахин байтугай, 60 хувь нэмэх ч санхүүгийн даац байхгүй. Цалин хоёр дахин нэмэхэд үнэ ханш огт хөдлөхгүй гэж байгаа нь амьдралд огт бүтэхгүй санаа, хоосон цэцэрхэл. Оны эхнээс эх орны хишиг 70 мянган төгрөгийг сая гаруй хүнд өгсөн. Үүнээс үүдэж эхний улиралд үнэ ханш найман хувиар өссөн.
Эх орны хишиг хүртээхэд 90 тэрбум орчим төгрөг зарцуулсан. Энэ тохиолдолд гүйлгээн дэх бэлэн мөнгө 10-аад хувиар буюу 40-өөд тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлсөн. Энэ ондоо багтааж нийт хүмүүстээ 120 мянган төгрөгийн хувь хишиг хүртээнэ. Үүнд 340 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Ингээд бодохоор жилийн дүнгээр инфляц 20-иос доошгүй хувь байх төлөвтэй.
-Тооцоо судалгааг хэн хийх вэ. Ажил олгогч эзэд үү, Үйлдвэрчний эвлэл үү. Эсвэл Засгийн газар уу?
-Засгийн газар, мэргэжтайн яамд хийх ёстой. Хөдөлмөр, нийгэм хамгаалал, Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо тооцоо хийж эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Эдийн засагт эерэг, сөрөг ямар үр дагавартай байна вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тооцож гаргаад гурван талт хэлэлцээрт энэ талаар ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Түүнээс биш нэг хэсэг нь цалин нэмэх дуртай, нөгөө хэсэг нь дургүй гэж асуудалд хандах нь буруу.
-Цалин хэдэн хувиар нэмэх даац байна вэ?
-Зэсийн үнэ өсч, орж ирсэн нэмэгдэл орлогоор цалин нэмэх бололцоо гарч байна гэвэл асуудалд маш өнгөцхөн хандаж буй хэрэг болно. Бид эх орны хишгээ өгөөд илүү орлого гарвал цалингаа нэмнэ. Шавхаж дайчлаад цалинг 10 орчим хувиар нэмэх боломж гарвал их юм.
- Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо бодит судалгаа хийх ёстой гэлээ. Өнөөдрийг хүртэл энэ байгууллага тооцоо судалгааны талаар дуугарсангүй.
-Тооцоо байгаа байх л даа. Үнэнийг хэлчихээр ой ухаанд багтмааргүй байдал харагдах гээд байгаа ч юм билүү. Ямар ч байсан эхний удаад лав хэлж чадаагүй нь харамсалтай. Энэ хороо бодит байдлыг, бий болох эерэг, сөрөг үр дагаврыг хэлж байх нь зүйтэй. Ингэж байж л аюулаас сэргийлж, алдаа эндэгдлийг засч чадна. Энэ хорооны статус, эрх мэдлээс эхлээд бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн бодлогод зангидах, холын ирээдүйг харах механизм нь бүрэн ажиллахгүй байгаа.
-Засгийн газар, Монголбанк хоёр хамтарч ажилладаг. Энэ утгаараа Монголбанк цалин хөлс нэмэх талаар байр сууриа илэрхийлэхгүй байна уу даа.
-Монголбанк бол УИХ-ын дэргэд байдаг байгууллага учраас Засгийн газартай хамтарч ажиллах ёстой. Монголбанк байр сууриа илэрхийлсэн байна. Засгийн газар хүний хөгжил сангийн зорилтыг хэрэгжүүлж, эх орны хишиг 1,5 сая төгрөгөөс 500 мянгыг нь бэлнээр тараавал эдийн засаг, санхүүгийн байдалд ямар өөрчлөлт гарахыг тооцоод саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэсэн.
-Цалин хөлсний доод хэмжээг нэмэхтэй зэрэгцэн хөдөлмөрийн бүтээмж цалин хөлстэй уялдаж байгаа эсэх дээр асуулт гарч байна?
-Төрийн албан хаагч бол хөдөлмөрийн бүтээмж тооцдоггүй ажилтан. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг бодит, материаллаг, баялаг үйлдвэрлэдэг хүмүүст яригддаг үзүүлэлт. Хөдөлмөрийн бүтээмж дээшилж байж үүнээс олсон үр ашгаар цалин нэмдэг нь хууль. Гэтэл өнөөдөр бид цалин нэмчихээд хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ гээд нөгөө талаас нь яриад сууж байна. Инээдэмтэй ч юм шиг, сонин байгаа биз. Төрийн албан хаагч материал баялаг бүтээдэггүй, бүтээгчдээр тэжээгдэж байдаг дарга давхарга шүү дээ.
Тиймээс төрийн албан хаагч эхэлж цалингаа нэмээд, хувийн хэвшил нь түүнийг дагаж цалин нэмэх ёстой гэвэл хөл, толгой солигдсонтой ижил. Эхлээд баялаг бүтээдэг нь илүү орлого олвол түүнийг гарган бүтээсэн ажилчид нь урамшил, цалин хөлсөө аваад дараа нь дарга нар нь авдаг бол зөв зүй тогтол мөн. Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн хувийн хэвшил үнээ бүү хөдөлгө, тэгсэн мөртлөө цалингаа нэм гэвэл эдийн засгийн агуулгагүй муйхар шаарддага болж байгаа юм.
-Тэгвэл хэзээнээс ингээд байр нь солигдчихсон хэрэг вэ?
-Агентлаг яамдын, төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах эрх мэдэл нь хүрдэггүй юм байна. Үүнээс болж манайд дур дураараа, нэгдсэн бодлогод орж, үүнийг барьж ажилладаггүй байдал газар авчээ.
-Цалинг жил бүр бага багаар нэмэх ёстой юм шиг байгаа юм. Цалин нэмэх үндэслэл бий юү?
- Үндэслэл гэхээс илүү цалин нэмэх шаардлага бий. Нэмэгдүүлэх боломжтой юу гэдэг өөр асуудал. Эдийн засаг хурдтай өсч, өгөөжтэй байвал цалинг жил бүр нэмэх ёстой. Гэтэл сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралд өртөж, эдийн засаг өсөөгүй, бүр уналттай болчихлоо. Энэ жил боломж бүрдэж эхэлж байна. Зэсийн үнэ, ханш өссөнөөс эдийн засгийн үзүүлэлтүүд засарч байгаа. Энэ эерэг хандлагад таарсан, түүнийг бэхжүүлж, тэтгэсэн, ирээдүйтэй зөв бодлого явуулах хэрэгтэй. Дөнгөж нахиалж байгаа ургамлыг хүнд ачаагаар дарчихвал ургаж амжилгүй дарагдчихна шүү дээ. Үүнтэй адил болох вий гэж болгоомжлох ёстой.
-Цалинг хэрхэн нэмэх ёстой юм бэ. Жишээ нь, Та сайд байхдаа үүнийг хэрхэн зохицуулдаг байв?
-Эдийн засгийн чадавхид тохируулж, төсвийн зарлагын оновчтой бодлогыг тодорхойлох замаар эдийн засагтаа сөрөг үр дагавар бага байхаар, цалин тэтгэврийн нэмэлт нь хүндээ бодит дэмжлэг болохоор хэрэгжүүлэхийг зорьж байсан. Тийм ч учраас бага нэмлээ, олон хувааж, үе шаттай өглөө гэж шүүмжлүүлдэг л байлаа. Хийж байгаа ажлаа, хэрэгжүүлэх бодлогоо ил тодоор тайлбарлан хэлэлцүүлдэг, тайлагнадаг байсан. Одоо ч ийм байх ёстой. Засгийн газар бодлогоо, эрэмбэ дарааллаа тодорхой болгох ёстой. Бүх асуудлыг нэг зэрэг шийднэ гэвэл эдийн засаг яагаад ч даахгүй.
-Одоогийн Сангийн сайд тооцоо судалгаатай ажиллаж чадаж байна уу. Та сайд байсан хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?
-Ямар ч үед Сангийн яам холыг харсан, үр дүнтэй хариуцлагатай бодлого явуулах ёстой. Одоо л болж байвал дараа юу болох нь надад хамаагүй гэж асуудалд хандаж болохгүй. Эдийн засагч, санхүүчдийн мэргэжлийн нэг онцлог бол одоо ямар үр дүн гарах вэ гэдгийн хажуугаар ирээдүйд ямар ур дагавар бий болохыг урьдчилан харахыг хичээдэг байх учиртай гэж үздэг юм.
-Хоёр жилийя өмнө цалинг хоёр дахин нэмсэн. Тэгэхэд мөн л инфляц үүссэн. Тэр үед нэмж байсан хүмүүс одоо хариуцлага хүлээсэн үү. Одоо мөнгө үнэгүйдүүлвэл хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Хэн ч хариуцлага хүлээгээгүй нь тодорхой шүү дээ. Хэдэн жилийн өмнө эдийн засгийн боломж, чадавхи өөр байсан. Төсөв алдагдалгүй, ашигтай, зэсийн үнэ, ханш өндөр байсан. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн сантай болсон. Тэр үед бололцоо байсан учраас цалинг хоёр дахин нэмсэн. Үүнээс эерэг, сөрөг үр дагавар аль, аль нь гарсан. Бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хувь өсч байсан тохиолдол ч бий. Бид өнөөдөр үүнээс сургамж авч, алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Хэрэв дахиад алдаад , байвал илүү хүнд байдалд ороод л байх болно. Ийм л учраас бодлого тодорхойлж байгаа хэн ч болов, бодлогод нөлөөлж байгаа хэн ч байсан хариуцлагаа сайтар ухамсарлаж байх учиртай.