Хаврын тариалалтад дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг 50 хувь хямдрууллаа
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тариаланчдад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хямдруулсан үнээр олгож дэмжлэг үзүүлэх ажлаа яаравчлахыг ХААДСанд үүрэг болголоо.
Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ажлыг зохион байгуулж байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэхүү ажлын зохион байгуулалтын явцтай биечлэн танилцаж ХААДСангийн Хөтөл салбарт ажиллахдаа ажлаа шуурхайлж, тариаланчдад хүндрэл багатайгаар зохион байгуулахыг үүрэг болголоо.
ХААДСан усжуулалтын систем, трактор, мотоблок, хадуур, тармуур, зөөврийн усан сан, хүнсний ногооны үрлүүр, хүйтэн агуулах гэх мэт 50 гаруй нэр төрлийн 500 орчим газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 50 хувиар хямдруулан худалдаалж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд 36.0 мянган тонн, дотоодоосоо ХААДС болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-н 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 аж ахуйн нэгж 735 тонн үр оруулж ирснээр дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.
Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 5.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7.5 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, зээлээр олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.