Ө.Энхтүвшин:Засгийн газар,ерөнхий сайдыг огцруулах тухай яриагүй,харин зарим албан тушаалтантайгаа хариуцлага ярих  ёстой гэдгийг хэлсэн
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.10.06

Ө.Энхтүвшин:Засгийн газар,ерөнхий сайдыг огцруулах тухай яриагүй,харин зарим албан тушаалтантайгаа хариуцлага ярих ёстой гэдгийг хэлсэн

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Намрын чуулган эхэлснээс хойш Монгол Ардын Намын бүлэг хоёр ч удаа хуралдсан. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Өнгөрөгч даваа, мягмар гаригт манай намын бүлэг хуралдлаа. Хаврын чуулганы завсарлагаар бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонссон. Мөн "Ард түмнээ сонсъё" аянд оролцсон. Сонгогчдоос гишүүндээ хандсан асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлаар намын бүлэг ямар бодлого, байр суурь баримтлахыг ч хэлэлцсэн. 2011 оны улсын төсвийн тодотголыг Засгийн газар УИХ-д өргөн барьсан учраас тодотголтой холбогдуулж гишүүд санал хэллээ. Хэлэлцсэн асуудлуудынхаа дагуу ажлын төлөвлөгөө гаргасан.
Цалин, тэтгэвэр  нэмэгдүүлэх,1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах саналыг ахмадууд тавьдаг. Оюутны сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг "Хүний хөгжил сан" сангаас олгох, иргэн бүрт 21000 төгрөгийг 2012 онд үргэлжлүүлэн өгөх асуудал яригдсан. Орон нутагт хөрөнгө оруулалт удаашралтай байна. Яагаад удаашрав, хэнээс, юунаас болов гэдгийг тодруулах ёстой. Тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт зарим аймагт хэрэгжээгүй шалтгааныг тодруулах асуудал хөндөгдсөн. 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, халамжаар амьдардаг 108 мянга орчим иргэнд үлдсэн нэг сая төгрөгийг бэлнээр олгох, 0-18 насны хүүхдүүдэд данс нээж өгөх боломжтой гэж үзлээ. Орон сууц худалдан авах, эсвэл барихад "Хүний хөгжил сан"-гаас олгох мөнгийг хэнээр дамжуулж, хэрхэн хүртээх, иргэнд үү, тухайн компанид уу гэдгийг тодруулж ард түмэнд ил тодорхой мэдэгдэх учиртай.
-Иргэн бүрт олгох 21000 төгрөгөөс хураамж авсан гэдэг асуудал шуугиан дэгдээж байна. Энэ талаар хэлэлцсэн үү?
-Бүлгийн хуралдаанаар ажлын хариуцлага, иргэдийг бухимдуулсан хүнд суртлын талаар гишүүд ярьсан. Иргэн бүрт өгөх 21000 төгрөг олгох шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргасан. Ямар учраас хүн бүрээс 350 төгрөгийн шимтгэл авч байгаа асуудлыг тодруулсан хэдий ч бүлгийн хуралдаан дээр тодорхой хариулт авч чадаагүй. Гэтэл сүүлд авсан мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гарч, НХХ-ийн сайд шимтгэл авах санал оруулсныг мэдлээ. Засгийн газар дэмжээд Сангийн болон НХХ-ийн дэд сайд нар гарын үсэг зуржээ. Ер нь шат шатанд иймэрхүү шимтгэл, хураамж авдаг бүтэц бий болсон нь хэд хэдэн зүйлээс харагддаг. 21000 төгрөгөөс шимтгэл авах шаардлагатай байсан бол УИХ-д асуудлаа оруулж, шийдвэр гаргуулах учиртай. Энэ шимтгэлээс хуримтлагдсан 11 тэрбумыг юунд зарцуулах нь тодорхойгүй. Үүний дагуу Ерөнхий сайдад тодруулах чиглэл, үүрэг өгсөн.
-"Хүний хөгжил сан"-гаас олгодог мөнгийг "Хадгаламж" банкаар дамжуулдаг болсон. Ийм шийдвэр хаанаас гарсан бэ. Сонгон шалгаруулалт хийх ёстой байсан уу?
-Өмнө хүүхдийн  мөнгөнөөс  эхлээд халамж, тэтгэвэр,  тэтгэмжийг  "ХААН"  банкаар  дамжуулан  олгож  ирсэн.   Гэтэл 2011 оноос "Хадгаламж" банканд шилжсэн. НХХЯ-наас "ХААН" банкнаас "Хадгаламж" банканд шилжүүлэх үүрэг өгч, үүнээс болж багагүй асуудал үүсжээ.  Хариуцсан  сайдаас асууж, тодруулсан. Яагаад нэг банкнаас нөгөө банканд шилжүүлэв гэхэд "ХААН" банк "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг иргэдэд түгээхээс төвөгшөөсөн   учраас  "Хадгаламж" банканд шилжүүлсэн гэсэн хариулт өгсөн.
-Та бүхэн "ХААН" банкнаас шалтгааныг давхар асууж тодруулсан уу?
- Тодруулсан. Тэгэхэд "Бидэнд цааргалсан зүйл байхгүй. Нийслэлийн зарим хороонд хүндрэлтэй байдаг учраас банкны үйлчилгээ иргэдэд бүрэн хүрч чадахгүй байна. Тиймээс өөр банкны туслалцаа авч, хамтран ажиллах санал тавьсан. Гэтэл үүнийг гуйвуулаад хот, хөдөөгүй халамжийн бүх мөнгийг "Хадгаламж" банкаар дамжуулахаар шахсан" гэсэн хариулт өгсөн. Ажил гардаж хариуцдаг хүмүүст мэдээлэл бүрэн гүйцэд ирдэггүй учраас дунд, доод шатанд юу болоод байгааг мэддэггүй. Үүний учир шалтгааныг олох үүргийг Ерөнхий сайдад өгсөн. Аль банкаар мөнгө дамжих хамаагүй, иргэдэд хувь хишиг бүрэн гүйцэд, чирэгдэл хүндрэлгүй очих ёстой.
-Тавантолгойн ордоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгөх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл брокер, диллерийн компаниуд иргэдээс 5000 төгрөгийн хураамж авч хохирол учруулаад байгаа юм биш үү?
-Бүлгийн гишүүд энэ талаар ярилцсан. Бүх аймагт ийм зүйл гарсан бололтой. "Эх орны хишиг" 536 хувьцааны ашиг өнөө маргаашгүй орж ирнэ. 5000 төгрөг. өгч даруйхан данс нээлгэсэн иргэд, хувьцааны ашиг авна, нээлгээгүй тохиолдолд хоосон хоцорно" гэсэн ухуулгыг хэсэг компанийн нөхөд явуулжээ. Иргэн мөнгө тушааж данс нээлгэж болно. Хамгийн гол нь мөнгө орж ирэх болоогүй байхад буруу суртал ухуулга явуулсан. Нийт 20 орчим компанийн төлөөлөл хөдөө орон нутгаар явж, иргэдээс 5000 төгрөг хурааж, хүлээлт үүсгэсэн байна. Ажил хариуцсан хүмүүстээ шаардлага тавьж, хариуцлага тооцдог байх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Сонгуулийн хууль яригдаж байна. Танай намын бүлгээс АН- ын бүлэгт сонгуулийн хувилбар хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой хэлэх боломжтой юу?
-Ямар хувилбараар санал хүргүүлснийг нууцлах шаардлага алга. Гэхдээ хоёр бүлэг аль нэг нь мэдээллийг түрүүлж өгөхөөр зөвшилцлийн явцад удаашрал, саад учирдаг бэрхшээлтэй. Манай бүлгээс АН-д 48:28 гэсэн хувилбар санал болгосон. АН-ын бүлэг хэлэлцээд" Байж болох юм. Тоо шийдвэрлэхээс өмнө тодруулах хэд хэдэн зүйл бий. Ярилцъя" гэсэн хариу өгсөн. Сонгуулийн хуулийн 95-96 хувь нь бэлэн болсон.Тоон дээр тохирох боломж бий. Ажлын хэсэг, бүлгүүд хэлэлцэж шийдвэрлэнэ.
-Албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудал яригдах боллоо. Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа хэр бодитой вэ?
-"Бүлгийн хуралдааныг гурван гишүүн хаяж гарсан", "Ерөнхий сайдаа огцруулна гэж ярилцсан" зэргээр хэвлэл мэдээллээр бичиж байна. Тийм зүйл болоогүй. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах талаар бүлгийн хурлаар яриагүй. Харин Ерөнхий сайдыг зарим албан тушаалтан, тухайлбал, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нартайгаа хариуцлага ярих ёстой гэдгийг хэлсэн.
-Нэр бүхий гурван гишүүн бүлгийн хурал дээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гэсэн?
-Яг тийм санал хэлээгүй. Бүлгийн хурлын дараа зарим хэвлэлээр гарсан "Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах талаар тодорхой санал хэлсэн гишүүдийн нэр хүртэл гарч байна" гэх мэт мэдээллээс үүдэн гишүүдтэй ганцаарчлан уулзаж санал бодлыг нь сонссон. Манай булгийн гишүүд иймэрхүү алхам хийх бол бүлэгт танилцуулна, олонх дэмжвэл асуудлыг ярина гэж тохиролцсон. Түүнээс биш ганцаарчилсан байдлаар, хэд гурваараа салангид тоглолт хийхгүй.
-Сонгууль дөхсөн учраас Сангийн яамыг авах хэрэгтэй гэсэн зүйл яригдсан юм уу?
-Бүлгийн хурал дээр гишүүдээс янз бүрийн санал гардаг. Сангийн яамыг авах талаар нэг гишүүн санал хэлсэн. Яриа хэлэлцээр болсон зүйлгүй. Манай намынхан ч, АН-ын гишүүд ч ширүүн мэдэгдлүүд хийдэг. Бүх асуудлыг бүлгээрээ   ярилцаж шийдвэрлэнэ.
-Оюутолгойн гэрээтэй холбогдуулан "Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн гишүүдээ зэмлэсэн" гээд бас л бичсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?
-Оюутолгойтой холбоотой асуудлаар ярилцсан. УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан тодорхой чиглэлийг хангаж ажиллах талаар гишүүд гарын үсэг зурсан гэж ойлгосон. УИХ гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулахыг шаардаж байгаа нь буруу зүйл биш. Зөрүүтэй мэдээллүүд бас яваад байна. Оюутолгойн гэрээг зогсоох гэж гишүүд шаардлага хүргүүлээгүй. Гэрээ байгуулахдаа арай өөрөөр тусгасан асуудал, түүнийг засварлах хугацаа бий л гэсэн үндэслэлээр хандсан болов уу. Ер нь зээлийн хүү бууруулсан гээд ахиц өөрчлөлт гарсан шүү дээ.
Нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй байгууллага, хариуцсан төрийн албан хаагч, хариуцлагатнууд   ажлаа уялдуулж, чадсан эсэхийг судлах  үүрэг хүлээсэн.
-Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг 57 дугаар тогтоолтой бүрэн нийцсэн гэдэг. УИХ, Засгийн газар хоёрын тайлбар зөрөөд байгаа юм биш үү?
-УИХ-ын  57 дугаар тогтоолд  "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар Монголын тал 50-иас дээш хувийг эзэмших буюу өмчлөх"-ийг тусгасан. УИХ энэ байр суурь   дээрээ   байна.   Яриа   хэлэлцээрийг үргэлжлүүл, хөрөнгө оруулагч талтай идэвхтэй ажилла гэсэн.
-2012 оны төсөв амлалтаа биелүүлэх боломжтой төсөв гэдэгтэй санал нийлэх үү?
-2012 оны төсвийн төсөл УИХ-ын гишүүдэд ирээгүй байна. Иргэдэд амласан зүйлүүдийг тусгах нь зөв. Сонгууль болоход долоон сарын хугацаа үлдсэн. Амлалтаа биелүүлж байж л сонгуульд орно. Төсөвт цалин, тэтгэвэр, иргэн бүрт олгох хувь хишгийн хэмжээг инфляци хөөрөгдөхгүйгээр тусгаж оруулах үүрэг өгсөн.
-Та долдугаар сарын 1-ний үеэр хүчний байгууллагынхан хэрхэн уялдаа холбоотой ажилласан талаар тодруулах ажлын хэсгийг ахалсан. Асуудал юу болсон бэ. ҮАБЗ-д шилжсэн үү?
-Миний ахалсан ажлын хэсэгт  долдугаар сарын 1-ний үйл явдалд юу нөлөөлсөн болон нийгэм, улстөрийн шалтгааныг тогтоох чиг үүрэг байгаагүй. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр бол шалтгааныг тогтоох үүргийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад өгсөн байсан. Харин УИХ-ын ажлын хэсэг тухайн   үед хууль хяналтын байгууллагууд яаж   ажилласан,  цагдаа, зэвсэгт   хүчин,  уялдаатай ажиллаж  чадав уу.
Ажлын хэсэг 40 гаруй хуудас дүгнэлт гаргаж, УИХ-ын  арван  гишүүн  санал дүгнэлтээ  бичээд ҮАБЗ-д хүргүүлсэн. Түүнээс хойш бүтэн жил өнгөрлөө. Ямар  нэгэн  үүргийг холбогдох байгууллагуудад өгөх болов уу гэж  бид харж байна.  Гэтэл тодорхой үүрэг өгөөгүй бололтой. Ажлын албаны дарга нь гадаадад баривчлагдаж, хоригдсонтой ч холбоотой зүйл байдаг л байх. Миний бодож, төсөөлснөөр ажлын хэсгийн гаргаж өгсөн дүгнэлт шүүгээнд л хадгалагдаж байгаа болов уу.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.