Ч.Улаан: Надад МАХН-ын батлах байгаа
2011.08.31

Ч.Улаан: Надад МАХН-ын батлах байгаа

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Чуулганы завсарлагаанаар амарч байна уу та?
-Намаас явуулж байгаа "Ард түмнээ сонсъё" аяны хүрээнд тойрогтоо ажиллалаа.
-Таван толгойн ордыг ашиглах тухай төслийг Засгийн газар боловсруулж дуусаад ҮАБЗ-д хүргүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Зарим эдийн засагч "түүхий" болсон гэж шүүмжилж байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас Таван толгойн төслийг УИХ-ын гишүүдэд тарааж танилцуулаагүй. Тиймээс тааж яримааргүй байна. Ном дүрмийнхээ дагуу ҮАБЗ-өөр хэлэлцүүлээд УИХ-д өргөн бариад ороод ирэх биз. Өмнө нь энэ ордыг хэрхэн ашиглах талаар УИХ-аас тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолын дагуу гэрээний төслийг боловсруулж уу гэдгийг УИХ-д өргөн барихаар нь нягталж хэлэлцэнэ.
-Засгийн газар УИХ-аас гаргасан Таван толгойг ашиглах тухай 39 дүгээр тогтоолыг үг үсэг зөрүүлэлгүй чандлан биелүүлэх үүрэгтэй юу?
-Биелүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй юм бол тогтоол батлахын хэрэг юу байна.
-2009 оны долдугаар сарын 6-нд гаргасан УИХ-ын 57 дугаар тогтоолыг С.Баярын Засгийн газар Оюу толгойн гэрээ байгуулахдаа бүрэн хэрэгжүүлээгүй. Үүнд нь ямар ч хариуцлага хүлээлгээгүй шүү дээ?
-УИХ гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг дүгнэдэг байх шаардлагатай. Тэгээд үнэхээр хэрэгжүүлж болохооргүй нөхцөл байдалтай байвал шийдвэрээ УИХ эргэж хараад өөрчилж болно. Засгийн газар тогтоол, шийдвэрийг хэрэн хэрэгжүүлсэн гэдгээ УИХ-д танилцуулж асуудлаа оруулж ирэх хэрэгтэй л дээ.
-19 гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар бүрэн хэрэгжүүлэхгүй Оюу толгойн гэрээг байгуулсан, засаж сайжруул гэсэн шаардлагыг Ерөнхий "сайдад хүргүүлэх гэж байгаа юм байна?
-Тэртэй, тэргүй Засгийн газар УИХ-ын шийдвэрт нийцүүлсэн эсвэл нийцүүлж чадаагүй шалтгаанаа тайлбарлаж асуудлаа оруулаад ирэх биз. Тиймээс сүр бадруулаад улс төр хийгээд байх шаардлагагүй.
-Гэхдээ буюу толгойн гэрээг байгуулаад хоёр жил өнгөрч байхад Засгийн газрын зүгээс асуудлаа УИХ-д оруулаагүй, яагаад тогтоолыг биелүүлээгүй гэдгээ тайлагнаагүй биз дээ?
-Удахгүй оруулж танилцуулах байлгүй дээ.
-Оюу толгойн гэрээг засахгүй бол дараагийн алхмаа хийнэ шүү гэж шаардлагад тусгаж байгаа бололтой. Энэ нь хамтарсан засгийг огцруулах гэсэн оролдлогын нэг илрэл юм болов уу?
-Би ямар далдыг хардаг биш яаж мэдэх вэ. Тэр гишүүдийн ухаан бодолд ямар санаа эргэлдэж байгаа юм бол доо.
-Хамтарсан Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж та боддог вэ?
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл нэн дундуур байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа анх хийсэн гэрээг та нар олж үзээрэй. Гэрээний хэрэгжилт үнэхээр хангалтгүй байна. Гэхдээ Засгийн газрыг яаран огцруулж хольж солих ёстой гэж би хувьдаа бодохгүй байна. Засгийн газар ажлаа тайлагнаж, ажлынхаа эрчийг чангалах хэрэгтэй байгаа гэдгийг хэлье.
-МАН-ын гишүүдийн дунд намын даргаа өөрчилье, онц их хурлаа хийе гэсэн яриа гарах болжээ. Энэ нь явуулга уу эсвэл бодитой үүс-сэн нөхцөл байдал уу?
-Би ингэж ярьж байгаа хүнтэй таараагүй, өөрөө тийм бодол агуулаагүй болохоор энэ талаар надад мэдэж байгаа зүйл үнэндээ алга даа.
-МАН-ын дүрэмд их хурлыг хоёр жилд нэг удаа хийнэ гэж заасан байдаг ч шаардлагатай үед Онц их хурлыг зарлан хуралдуулж болно биз дээ?

-Зайлшгүй шаардлага гарсан үед хийж бололгүй яахав. Ноднин арваннэгдүгээр сард намын их хурлаа хийсэн. Их хурлаа хийгээд жил болоогүй байна.

-2008 оны сонгуулийн жил ойртсон үед танай намын нэр хүнд буурч, иргэдийн итгэл сулрахад намын даргаа өөрчилж С.Баярыг болгосон. Та тэр үед шинэчлэл хийхийг уриалсан "Элсний 13"-ын нэг байсан. 2012 оны сонгуулийн өмнө бас ийм нөхцөл байдал бий боллоо доо гэсэн бодол төрдөг үү?
-Сэтгүүлчид та нар л тэгж таамаглаж байгаа байх. 2008 оны сонгуулийн өмнө намд шинэчлэл хийхээс аргагүй байдал бий болсон байсан юм.Хэрэв өөрчлөлт хийхгүй бол сонгуулийн үр дүн манай намд туйлын тааламжгүй гарах нь тодорхой болсон байсан. Тэгээд намынхаа их хурлыг хуралдуулж, шинэчлэл хийж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж сонгуульд ороод ялалт байгуулсан. Энэ нь зөв зүйтэй бодлого байсныг цаг хугацаа, сонгуулийн ур дун харуулсан гэж боддог Өнөөгийн байдал ямар байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.
МАХН гэсэн шинэ нам байгуулагдлаа гээд л асуудалд агдаж явцуурч хандаж болохгүй.
Гэхдээ намын үйл ажиллагаа, нэр хүнд, нийгэмд бий болсон нөхцөл байдалд их бодитой дүгнэлт хийх учиртай. Энэ янзаараа байвал сонгуулиар ялалт байгуулж чадах уу, үгүй юу гэж тунгааж нийгэм юу хүсэж байгааг бодиттой үнэлж дүгнээд шаардлагатай гэвэл өөрчлөлт хийж болно. Өнөөгийн энэ янзаараа нам сонгуульд ороод ялалт байгуулах нь эргэлзээтэй байгаа бол, гишүүд нь түүндээ итгэл үнэмшилтэй байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэрэв тээнэгэлзэж, хүн дуурайж асуудалд хандвал хариуцлагагүй зүйл болно.
-Намын дарга С.Батболд сайн дипломатч, эдийн засагч ч гэсэн намыг удирдан залахдаа сулдаад байна, эрчтэй, дайчин хүн томилъё гэх яриа яваад байгаа юм биш үү?
-Намын болон намын удирдлагын хэр ажиллаж байгааг ганц, хоёр УИХ-ын гишүүн тодорхойлчихдог юм биш. Манай нам 160 мянган гишүүнтэй. Нийт гишүүдийн уур амьсгалыг мэдэрч байж л бодитой дүгнэлт хийж болох юм.
-МАХН байгуулагдсанаар танай намын гишүүдийн дунд аль нь бидний нам юм бэ гэсэн эргэлзээ бий болсон юм шиг санагддаг. Таныг тойрогтоо ажиллаж байхад ийм хандлага ажиглагдаж байгаа биз дээ?
-Нийгмийн уур амьсгал олон хүчин зүйлээс хамаарна л даа. Гэхдээ аль нам нь олонхын дэмжлэг авч байгааг сонгуулиар тодорхой болгоод өгнө дөө. Би яаран урьдчилж дүгнэлт хиймээргүй байна. Гэхдээ ижил нэртэй нам байгуулагдсан нь яах аргагүй бодитой зүйл. Намын нэр солихоор яригдаж эхлэх үед манайхан, хуульчид ч энэ нэрийг ашиглах нь хориотой, ийм нам байгуулагдах үндэсгүй л гээд байсан. Гэтэл Дээд шүү* МАХН гэсэн нэрээр шинэ намыг бүртгэчихлээ. Тэгэхээр МАХН гэсэн нэрийг ашиглах хууль зүйн үндэстэй л байсан байх нь. Одоо энэ намтай цаашид үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй Хоёулаа л зүүний чиглэлийн нам.
Нэг орон зай дотор байгаа хоёр нам.
Зорилго нь ижил. Зүүний намууд бодлогоо хэрэгжүүлдэг арга зам нь ч ижилхэн  Тэгэхээр энэ намууд яаж хамтарч ажиллах вэ гэдгээ оновчтой тодорхойлж, ярилцах шаардлагатай л гэж бодож байна. Түүнээс хооронд нь мөргөлдүүлээд, сөргөлдүүлээд байвал сайн үр дүн гарахгүй байх аа.
-Намын нэрээ сольсноос болж ээдрээтэй асуудал үүсэж, өнөөгийнх шиг байдалд хүрнэ гэж тухайн үед МАН-ынхан тооцоолоогүй байх л даа?

-Намын гишүүд олуулаа ярьж, гадаад, дотоод нөхцөл байдлаа судалж байгаад намынхаа нэрийг өөрчилсөн. Дараа нь ийм л юм боллоо. Амьдрал өөрөө баян шүү дээ.

-Танд МАХН-ын батлах тань бий юу?
-Надад МАХН-ын батлах бий. Хадгалж байгаа.
-Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын гишүүн юм уу гэж андуурахаар юм аа, тиймээ?
-Би ганцаараа ч биш, манай намын гишүүдийн олонх нь хоёр батлахтай л байгаа шүү дээ. МАН-д сүүлд элссэн гишүүдээс бусад нь хоёр батлахтай. Хуучин батлахыг бидэнд дурсгал болгож үлдээсэн юм.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын нэрээр 2008 оны сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүд энэ намынх шүү гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Амьдрал дээр энэ нь үнэн л дээ. Би 2008 онд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Нам маань нэрээ өөрчлөөд л МАН болсноос биш би намаасаа гараагүй, шинэ намд ороогүй. Та нар МАХН гэсэн шинэ нам байгуулагдаад гараад ирсэн болохоор яаж ялгах юм гээд ам асуугаад байх шиг байна. Чапаевын тухай киног хүүхэд байхаасаа үзэж байсан болохоор санах байх. Чапаеваас та аль намын гишүүн вэ гэхээр "Ленин аль намын гишүүн юм, би тэр намын гишүүн" гэж хариулдаг даа. Түүнтэй адилхан Д.Сүхбаатарын байгуулсан нам нь аль нь юм, би тэр намын гишүүн.
-МАН-ыг хагалах гэж гаднаас хүчлэх тусам нягтардаг. Харин дотроо зөрчилдөхөөр амархан бутарч байна гэж нэг улс төр судлаач дүгнэсэн байна лээ?
-МАН бол голлох улс төрийн хүчин. Айлын аав нь гэж зүйрлэж ч болох юм. Тухайн айлын нүүр царай, өнгө төрхийг аав тодорхойлж авч явдаг. Түүн шиг МАН бол Монголын нийгмийн уур амьсгалыг тодорхойлдог. Энэ утгаараа МАН тогтвортой, хүлээцтэй, хариуцлагатай байсан үед Монгол Улс тогтвортой байна. Энэ нам учраа олохгүй бужигнаад бутраад ирэхээр дагаад эдийн засаг, нийгэм ч савлах гэмтэй. Тиймээс манай нам хариуцлагагүй байх, хөнгөн хуумгай хандах эрхгүй гэж боддог. Нийгмийн уур амьсгалыг харж тулхтай бодлого, үйл ажиллагаа явуулах ёстой.
-Гэвч намыг удирдаж байгаа хүмүүс тийм тулхтай байж чадаж байна уу. Шүүмжилсэн гишүүдээ "нухчих" гээд, нэгнийхээ эсрэг жагсаал зохион байгуулах гэх мэтээр аяглаад байгаа юм биш үү?
-Нам бол ард түмний, нийгмийн шүүлтэд байнга байдаг юм. Ард түмнийхээ санаа бодолд нийцсэн бодлого хэрэгжүүлж байх учиртай Түүнээс нь гажаад дураараа авирлаад ард түмнийхээ дээр гарчихвал оршин тогтнох аргагүй л болно. Намыг удирдаж байгаа хүмүүс ийм том хариуцлага хүлээж байгаа. Түрүүн манай намыг гадна талаас нь шахаад байхаар улам нягтраад байна гэж хэлсэн дээ.
Аливаа зүйл гадаад, дотоод хүчин зүйлийн нэгдэл дээр тогтох ёстой
Тэгвэл дотроосоо шүүмжлэл гараад зөрөлдсөн ч ойлголцолд хүрч, улам л нягтарч, шинэчлэгдэх нь чухал. Энэ үйл явцыг зөв авч явах үүрэг намын удирдлагуудад ногдож байгаа. Тэгж чадахгүй бол задралд хүрнэ. МАН гадны нөлөөнд автаж задрахгүй гэдгийг сүүлийн 20 жил амьдралаар харууллаа. Харин одоо дотроосоо энэ нам шинэчлэгдэж чадах уу гэсэн дараагийн сорилттой нүүр тулгарлаа. Хэрэв дотроосоо шинэчлэгдээд, гаднаасаа ч бат нягт байвал манай нам цаашид тогтвортой оршин тогтоод тэргүүлэгч хүчин байсаар байна. Тэгэхээр манай нам том сорилтын өмнө байна. Үүнийг давж гарч чадвал батжина. Давж чадахгүй бол бутарна. Хэрвээ энэ нам бутарвал туйлын хариуцлагагүй явдал болж Монголын нийгэм тодорхойгүй байдалд орно гэж боддог.
-Монгол Улсын төсөвт тодотгол хийхээр Засгийн газраас төсөл өргөн барихаар болсноо зарлалаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ний нуугүй ярихад эдийн засагч хүн болохоор тэр үү би өглөө босоод зэсийн үнэ ямар байна вэ гэж хардаг. Манай улсын эдийн засаг зэсийн үнээс хэт хамааралтай. Зэсийн үнэ дээшээ байвал орлого сайтай байна. Доошоо уруудвал байдал хүндэрдэг. Өнөөдөр азаар зэсийн үнэ өндөр байгаа нь завшаантай хэрэг. Гэхдээ дүлийдээ найдаж унгараг гэдэг шиг дандаа ингэж аз сорьж болохгүй. Тиймээс эдийн засаг тогтвортой өсөж байх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж бодлогоо тодорхойлж байх ёстой. Энэ талаар эдийн засагч, санхүүчид ажиллаад УИХ-аар хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгсөн.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гарсан.
Одоо тэр хуулиа мөрдөөд явбал Монгол Улсын эдийн засаг савлахгүй. Гэтэл хэдэн төгрөгийн ашиг ахиухан орохоор тал талаас нь хувааж авах, идэж дуусгах гээд төсөл оруулж ирэх гэж байгааг би хариуцлагагүй явдал гэж үзэж байгаа. Маргаашаа, ирээдүйгээ харж чадахгүй, өнөөдрөөрөө амьдраад байна. Бид өмнө нь олсноо л хувааж идээд зэсийн үнэ доошлоход хямарч байсан гашуун сургамжаа мартаж болохгүй. Мөнгө орж ирэхээр цацах гээд байдгаа болих хэрэгтэй.
-Төлөвлөснөөс илүү 500-аад тэрбум төгрөгийн орлого орж иржээ. Түүнийг урсгал зардал, хөрөнгө оруулалтад тодотгол хийж зарцуулах нь буруу гэж үү?
-Энэ орлогыг Тогтворжуулалтын санд оруулж, төсвийн алдагдлыг хааж эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулах шаардлагатай. Орлогыг дагуулж зарлага нэмдэг нь үр ашиг муутай. Тэр тусмаа төсвийн тодотгол хийхийг би сайшаахгүй байгаа. Сайн үр дүн гарна гэж найдахгүй байна.
-Яагаад?
-Сонгуулийн уур амьсгал орсон байна. Ийм үед улстөрчид нийгэмд сайхан харагдах, их зүйл хийж байгаа дүр эсгэх, илүү мөнгө хуваарилуулах гэж өрсөлддөг. Энэ өрсөлдөөн дунд эрүүл саруул үр дүнд чиглэсэн бодлого орхигдоно. Тал талаасаа л төсөвт суулгах гэж чихнэ. Ингэснээр улсын төсөв юу ч болж хувирч мэднэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.