Монголын эзэмшлийн 34 хувь буурахгүй
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Ингэснээр Монголын тал «Оюутолгой» ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон юм. Гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойш төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг манай талд илүү ашигтай шийдэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг Засгийн газрын ажлын хэсгийнхэн хийжээ.
Үүний дүнд «Оюутолгой» компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжид авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний тал «Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитёд» компани гэрээний дагуу «Оюутолгой» ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл «Оюутолгой» ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах буюу шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцжээ.
Хувьцаа худалдах.шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, «Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед» компанийн өмнөөс «Рио тинто» компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Андрыо Хардинг нар гарын үсэг зурлаа. «Оюутолгой» ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөд «Эрдэнэс МГЛ» ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, «Оюутолгой» ХХК-ийг төлөөлж Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй, «Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд»-ийг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Дэд ерөнхий-лөгч Жон Фониани, «Оюутолгой Нидерланд БиВи»-ийг төлөөлж Бизнес хөгжил хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Риггал нар гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсны дараа талууд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт:
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсонтой Монголын тал «Оюутолгой» ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч боллоо. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтай байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ Засгийн газрын ажлын хэсгийн түвшинд эрчимтэй хийгдлээ. Өнгөрсөн тавдугаар сарын хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүнг танилцуулъя.
«Оюу толгой» ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Үүнд санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор боллоо. 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэ тохиролцоог мөрдөх юм. Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй боллоо. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэв Лондонгийн банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах мөн санхүүжилт болон зээлийн хүүгээ долоон жил тутам дахин судалж хэлэлцэхээр болов.
Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтээр компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжид авч ашиглах заалтыг нэмж тусгалаа. Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байх асуудлыг өмнө нь гэрээнд тусгасан байсан. Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын хувь эзэмшлийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байх асуудлыг гэрээний төсөлд холбогдох заалтуудаар давхар баталгаажууллаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцов.
Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтын гэрээний тал болох «Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед» компани гэрээний дагуу «Оюутолгой» ХХК-д эзэмшиж. буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсхүл «Оюутолгой» ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах буюу шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцлоо.
Ийнхүү хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд «Оюутолгой» компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжид авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт орууллаа.
Мөн хөрөнгө оруулагч тачууд хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулав гэлээ. «Рио тинто» компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Андрью Хардинг: -Өнөөдөр «Рио тинто» компанийг төлөөлөн энэхүү арга хэмжээнд оролцож, гарын үсэг зурж байгаадаа туйлын их баяртай байна. Монголын Засгийн газартай хэлэлцээрүүдийг хийж, өнөөдрийн энэ түвшинд хүрсэнд баяртай байна.
Сангийн сайд С.Баярцогт:
-2009 оны аравдугаар сарын 6-нд бид нар Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн, Урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурсан. Одоо Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээтэй нийлээд дөрвөн гэрээ болж байна. Урьдчилгаа төлбөрийн гэрээгээр «Оюутолгой» үүргээ гүйцэтгэсэн. Одоо Засгийн газар үүрэг хүлээж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр хамгийн гол яригдаж байсан зүйл бол Монголын талын 34 хувь давуу эрхийн хувьцаа гаргаснаас болж буурч магадгүй гэсэн маш их маргаан дагуулсан.Тэгвэл Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилт дотроос давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг бүгдийг авлаа. Одоо тэгэхээр 34 хувийн талаар ямар ч маргаан гарахгүй.ямар ч тохиолдолд буурахгүй.Үүнийг гурваас дөрвөн газар баталгаажуулж баталж гарын үсэг зурлаа.
Монголчуудын хамгийн их эргэлзээ дагуулсан асуудал нэг мөр шийдэгдлээ. Гэрээг хямралын үед баталсан учраас санхүүжилтийн өртөг өндөр байсан. Өнөөдөр эдийн засгийн тааламжтай нөхцөл бий болж байгаа үед санхүүжилтээ хамгийн бололцоотой нөхцөлд авчирсан тохироог талууд ойлголцож хийлээ. Хоёр тал үүргээ цаг хугацаанд нь биелүүлээд явах юм бол Оюутолгойн үйлдвэрлэл 2012 оны сүүлээр ашиглалтад орж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.