Д.Ганхуяг: Улсын эрх ашиг хохирч байгааг баримтаар гаргаж байхад гишүүд бодитой хандах учиртай
2011.05.06

Д.Ганхуяг: Улсын эрх ашиг хохирч байгааг баримтаар гаргаж байхад гишүүд бодитой хандах учиртай

-Д.Зоригтыг огцруулах бичгийг дахин өргөн барилаа -

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг өчигдөр Д.Дэмбэрэл даргад өргөн барив.Тэд нийт долоон үндэслэлийг тавьж байгаа юм. Хоёр дахь удаагаа спикерийн ширээн дээр очиж байгаа Д.Зоригтыг өөрчлөх санал энэ удаад арай өөр үндэслэлүүдээр баталгаажсан гэнэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Өмнө нь тавьж байсан огцруулах бичиг долоон үндэслэлтэй байсан. Гэхдээ энэ удаагийн үндэслэлүүд Их хурлын хууль тогтоомж биелүүлээгүйтэй илүү холбоотой, УИХ зөвхөн хууль баталдаг биш, гаргасан хуульдаа хяналт тавьж, Засгийн газарт хариуцлага тооцох эрхтэй. Хариуцлага тооцох цаг нь одоо болсон хэмээн тайлбарлав, Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Засгийн газар Их хурлаас гаргасан хууль, тогтоомжийг биелүүлэхгүй байна гэдэг гэмт хэрэг" хэмээн тодотголоо.

Эрдэс баялагэрчим хүчний сайдыг огцруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Өргөх бичгийн хариуг хэзээ авах вэ?

-Хуулийн дагуу долоо хоногийн дотор байнгын хороодоор хэлэлцэнэ. Дараа нь нэгдсэн чуулганд хэлэлцүүлнэ.

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах тухай яриа гарч байсан. Яагаад зөвхөн Д.Зоригтыг онцолж огцруулах санал тавьсан юм бэ?

.-Хувь хүнийх нь хувьд надад Д.Зоригттой харшлах ямар ч асуудал байхгүй гэдгээ онцолж хэлмээр байна. Бид өргөн барьсан бичигтээ долоон үндэслэлийг дурдсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээний асуудал байна. УИХ-ын 57 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэх тухай заасан. Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулна гэж олон удаа ярьсан ч еэвэндээд хэрэгжүүлэхгүй байна, Энэ гэрээ хөрөнгө оруулагч талдаа ямар ашигтай болсныг ганцхан жишээгээр хэлье. Нэг тонн зэсийн үнэ 4300 доллар байхад ордыг ашиглаж эхэлснээс хойш 4,7 жил, хэрэв 9900 доллараар тооцох юм бол 1.7 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолд 30 жилийн дараа гээд заачихсан. Үүнийг тав юм уу арван жилийн дараа нөхөх боломжтой учраас өөрчлөх ёстой. Цаашлаад бид Оюутолгойн гэрээг батлахдаа ямар ч мөнгө гаргаагүй гэдэг атлаа үнэн хэрэгтээ 34 хувиа хүүтэй нь 1.2 тэрбум доллараар худалдаж авч байгаа, Цаашлаад тавдугаар цахилгаан станцын асуудал зөвхөн цаасан дээр макет нь бий болоод олон жил боллоо. Налайхын уурхайд он гарснаас хойш зургаан хүн, 2008 оноос хойш 43 хүн амиа алдчихаад байхад ганц ч арга хэмжээ аваагүй. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай гэрээ нь ч хийгдээгүй зүйл яваад байдаг, Энэ мэтээр Д.Зоригт сайдын хариуцаж байгаа салбарыг хамарч байгаа учраас огцруулах бичиг өргөн барьсан. УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй, биелүүлж чадахгүй бол огцрох ёстой.

-Дэмжиж байгаа 15 гишүүн гэж ярьж байсан. Гэтэл гурван гишүүн л гарын үсэг зурж?

-Хэдэн гишүүн байх нь тийм чухал биш. Стратегийн гол ордууд маань буруу замаар явчих гээд байна, цөөнхийн хяналт алга, үүнийг төр хариуцах ёстой гэж олон гишүүн ярьж байгаа. Тийм учраас 15 байна уу гурав байна уу, 20, 30 байна уу хамаагүй, Хууль тогтоол гэдэг хэрэгжихгүй, эсвэл 180 хэм эсрэг хэрэгжинэ гэдэг Монголын ард түмний эрх ашиг хохирч байна л гэсэн үг, Энэ утгаар нэг сайдыг солих асуудал биш юм,

-Та бүхэн өмнө нь Хамтарсан Засгийн газрыг хурлаар шүүмжилдэг байсан, Д.Зоригт сайдыг огцруулах тусгай бичиг өргөн барьж байгааг зарим хүн Засгийн газар ганхахнь гэж харж байтаа. Энэ үнэн болов уу?

-Хамтарсан Засгийн газрыг огцруулахад дор хаяж 18 гишүүн  гарын  үсэг зурах ёстой, Энэ бүхэн өөр хуулиар, өөр үндэслэлээр хөндөгдөх байх, Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэхгүй байна, Их хурал үүргээ биелүүлж  хариуцлага нэхэхгүй байна гэдэг төрт ёс алдагдсаных гэж би хувьдаа боддог.

-Д.Зоригт сайдын асуудлыг өмнө нь мөн тавьж байсан.Тэр үед хаацайлаад өнгөрсөн шиг дахиад бөөрөнхийлөөд  үлдчихвэл яах вэ.Та бүхний саналыг Их хурлаар хэлэлцээд хүлээж авахгүй бол дараагийн алхам юу байхбол?

-Мэдээж олонхоороо шийдэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэх газаргүй. Гэхдээ хууль тогтоол хэрэгжээгүй нь үнэн, Монгол Улсын эрх ашигт нийцээгүй олон улсын гэрээ батлагдсан нь үнэн учраас гишүүд үүнд бодитой хандах учиртай, Тэр үед тавигдсан Оюутолгойн гэрээ засагдсан уу, Налайхад арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангасан уу гэх мэтээр үр дүнг харах ёстой. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнтэй хариуцлага тооцохгүй л бол утгагүй. УИХ-ын гишүүд Монгол Улс ард түмний эрх ашгийг хамгаална гэж тангараг өргөдөг. Харин улс орны эрх ашиг хохирч байгааг баримтаар гаргаж ирээд санал тавьж байхад гишүүд эсэргүүцэхгүй байх. Би төрийн хуулийг дээдлэх, улс орны эрх ашгийн төлөө гэсэн зорилгодоо үнэнч хэвээр, цаашид гуйвалтгүй явна. Бусад  гишүүд ч ийм байх гэж итгэж байна. Тэгээд ч дээрээ гүйдлээ олохгүй бөл  доороо суудлаа олохгүй  гэдэг.УИХ хууль гаргаад, түүнийг нь дагаж хэрэгжүүлэх ёстой Засгийн газар нь биелүүлдэггүй, салбарын сайд нь эсрэг зүйл хийгээд яваад байдагтай хариуцлага тооцохоос өөр аргагүй, Тийм учраас дээрээсээ эхлээд шударга байя, тэгж чадвал ард түмэн биднийг дагах болно.

-УИХ Засгийн газрыг ажиллуулах үүрэгтэй. Харин өнөөдөр Монголд Засгийн газар нь Их хурлаасаа эрх мэдэлтэй болчихсон гэж гишүүд шүүмжлээд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Их хурал Засгийн газрыг хангалттай ажиллуулж чадахгүй байгаа, Би хоёр дахиа парламентад сууж байна. 2004-2008 оны парламентад хариуцлага тооцдог, шүүмжилдэг, шахаж шаарддаг байсан. Энэ удаад үнэхээр  сул байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.