Сайд д.зоригтыг ман-ын удирдлагууд хамгаалалтад авчээ
2011.01.19

Сайд д.зоригтыг ман-ын удирдлагууд хамгаалалтад авчээ

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ, Ц.Батбаяр нарын гишүүд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэл бүхий бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаан хэдий хаалттай болсон ч дараа нь дээрх гурван гишүүн хэвлэлийн хурал хийсэн юм. Тус хуралдаан эхнээсээ зохион байгуулалттай явагдсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлж байв. Учир нь байнгын хорооны хурлаар Д.Зоригтын асуудлыг хэлэлцэж эхлэх үед МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог, Гадаад харилцааны сайд Г Занданшатар гэх мэт намын удирдах албаны хүмүүс орж ирэн гишүүдээ ажиглаж эхэлсэн байна.

 

Тийм учраас намын гишүүд нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадалгүй удирдлагууддаа таалагдах үүднээс ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах үндэслэлгүй гэж ярьж эхэлсэн гэнэ. Энэ нь МАН-ын удирдлагууд Д.Зоригт сайдыг хамгаалалтдаа авч байгаагийн нэг илрэл хэмээн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид хэлж байлаа. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн А.Тлейхан "Сайдыг огцруулах долоон үндэслэл ёс зүйд нийцэхгүй асуудал байна. Зөвхөн нийслэлийн утаа, урт нэртэй хууль, Оюу толгойн асуудлаар ажлаас нь хална гэдэг утгагүй юм. Тийм болохоор Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулна гэдэг дээр эсрэг саналтай байгаа" гэж хэлжээ.

 

Хуралдааны төгсгөлд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах эсэх талаар санал хураалт явуулахад нийт 14 гишүүн оролцсоноос 12 нь эсэргүүцэж байна. Харин УИХ-ын гишүүн Д.Одхүү, Н.Батбаяр нарын гишүүн огцруулах нь зүйтэй гэж үзжээ.

 

Огцруулах шаардлагыг гаргаад буй гурван гишүүн ч байр сууриа хэвээр хадгалсаар байгаа аж. Учир нь урт нэртэй хууль гарсан хойно хуулийг биелүүлэх нь бүү хэл зөрчиж 192 лиценз ойн сан, гол мөрний урсац бүрдэх газар олгосон. Оюу толгойд ажиллах Монгол ажилчдын тоог Засгийн газраас тогтоож өгсөөр байтал одоо болтол хэдэн монгол хүн Оюу толгойд ажиллаж буй нь мэдэгдэхгүй байгаа. "Аморе  интернэйшнл" гэх 16 ажилчин, 70 сая төгрөгийн хөрөнгөтэй компанийг утаа бууруулах тендерт ялуулж 17 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох болсон зэрэг нь огцруулах хангалттай баримт гэж үзэж буй юм байна. Тиймдээ ч энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулан хэлэлцүүлж асуудлыг өөрсдийн талд шийдэгдтэл явах болно гэцгээж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.