2010.12.20

Д.Ганхуяг: Оюутолгойн баялаг хэнийх юм. Бид яагаад энэ төслийг өртэй эхэлж байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай Оюутолгойн гэрээний талаар ярилцлаа.

-Оюутолгой гэрээг " Айвенхоу майнзлимитед" хэмээх толгой компанитай нь бус "Айвенхоу майнз Монголия Инк" компанитай байгуулснаа тухайн үед мэдэгдээгүй гэдэг нь үнэн юм уу?

- Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэсэн хоёр гэрээ байгаа.Энэ хоёр гэрээний төслийг УИХ авч хэлэлцээд гол зарчмын асуудалтай холбогдуулж 40,57-р тогтоолыг гаргаж, Монгол Улсын эрх ашиг болон хуулийг дээдэлж гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Хувь нийлүүлэгчдийн гэрээг нэг талаас "Эрдэнэс МГЛ" ХХК, нөгөө талаас "Айвенхоу Оюутолгой Лтд", "Оюутолгой Нидерланд","Айвенхоу Майнз Монголия Инк" гэсэн Айвенхоу групын гурван охин компани оролцож байгуулжээ.энэ гэрээ саяхан бидний гар дээр ирсэн.нууц гэсэн тэмдэг дарсан байсан.уг нь төрийн нууцын тухай хуулиар гадны хувийн хэвшлийн компанитай байгуулсан гэрээ нууцын зэрэглэлд ордоггүй.

 

Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар нөгөө талаас "Айвенхоу майнз лимитед", "Рио Тинто Йнтернэшнл Холдинг  лимитед", "Айвенхоу Майнз Монголия Инк" байгуулсан. Монголын Засгийн газрын тухайд " Айвенхоу Майнз Монголия Инк"-ийн 34 хувийг худалдан авч эзэмшиж байгаа, "Айвенхоу майнз лимитед" бол Айвенхоу группын толгой компани бөгөөд, манай Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшигч, энэ компани болон хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж байна. Эндээс хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч компани нь өөр өөр хуулийн этгээд байгаа нь, мөн манай Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшиж, энэ баялгийн хүчээр "Айвенхоу майнз лимитед" компанийн үнэ цэнэ олон дахин өсөж байгаа нь баялгийн жинхэнэ эзэн Монголд шууд хамааралгүй байгаа нь харагдах байх.

- Үүнээс болж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж босгосон санхүүжилт нь манай эдийн засагт шууд орж ирэхгүй байх талтай. Та энэ шалтгааныг хувьдаа юу гэж тайлбарлах вэ?

 

-Одоогийн хөрөнгө оруулалтын гэрээгээр IPO \шинээр хувьцаа гаргаж\  хийж босгосон санжүүжилтэнд Монголын тал хяналт тавих боломжгүй. Яагаад гэвэл хувьцаа гаргагч "Айвенхоу майнз лимитед" компанийн хувьцаа эзэмшигч биш учраас. Гэхдээ бол энэ босгосон хөрөнгөөс Оюутолгой төслийн санхүүжилтэнд зарцуулагдах нь бол мэдээж. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь дөрвөн тэрбум доллар бөгөөд үүний 34 хувьд ноогдох хөрөнгийг Монголын Засгийн газар хүүтэй нь хамт Оюутолгойн төслөөс Монголын талд оногдох орлогоосоо төлөх юм. Уг нь бол УИХ-ын 40 дүгээр тогтоолоор "Оюутолгойн лицензийг эзэмшигч компанийн 34 хувийг эзэмших", 57-р тогтоолоор " Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх" гэсэн заалтуудыг гэрээнд оруулах шийдвэрийг Засгийн газарт хариуцуулсан. Гэтэл хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй "Айвенхоу  Майнз Монголия Инк"-ийн 34 хувийг Монгол Улс эзэмшихээр болж, 30 жилийн дараа Монголын Засгийн газар хүсвэл 34 хувиа 50 хувь болгож болохоор гэрээ хийгджээ. Энэ байдал нь ашигт малтмалын тухай хуулийн зарим заалттай холбоотой тал ч бий.

-2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ хуулийн төсөлд байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдгийг орд газар эзэмшигч гэж өөрчлөн баталсан гэх яриа байдаг. Харин таны хувьд үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

-Хуулийн төсөлд ямар заалт байсныг нь би мэдэхгүй. Ийм утгатай заалт бол батлагдсан нь үнэн. Энэ нь гол хэрүүлийн алим болсоор ирсэн. Ийм заалт орсон учраас тэр хуулийг батлахад эсрэг саналтай байсан. Энэ хуулийн 4.1.15.-ийн "ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг"; 5.1.-ийн  "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн", 5.5.-ийн "Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэсэн заалтууд хоорондоо зөрчилтэй болчихсон байгаа биз. Гол нь Ашиглалтын лиценз эзэмшигч нь ордын эзэмшигч болоод, дээр нь газрын доорхи ашигт малтмалаа Үндсэн хууль болон энэ хуульд ард түмний мэдлийн төрийн өмч гэж заасан мөртлөө, энэ өмч болох баялгаа үнэлэхгүйгээр, энэ баялгийг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтыг үнэлээд, энэ мөнгөний төрийн эзэмшилд ноогдох хөрөнгийг дахиж төр гаргах болоод явчихсан юм аа. Энийг өөрчлөх гэж хуулийн төсөл өргөн бариад хэдхэн саналын зөрүүтэйгээр уг төсөл уначихсаныг та бүхэн санаж байгаа байх.

 

Монгол Улс баялгаа үнэлдэг болох нь чухал байна. Энэ сонин заалт Оюутолгой дээр хэрэгжиж байна. Үүнийг засах гээд УИХ-аас  57-р тогтоол гаргасан ч Засгийн газар хэрэгжүүлсэнгүй ээ. Тодруулбал, багаар тооцоход Оюутолгойн ордын зэсийн нөөц 40 сая тонн, алтны нөөц 1000 тонн. Эндээс борлуулах үнийг зэс 7000 ам доллар, алт 1000 ам доллар, өөрийн өртгийг зэс 3000 ам.доллар, алт 500 ам.доллар гэж тооцоход 170 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг олохоор баялаг байх нь. Үүнтэй харьцуулахад тэр хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.доллар юу ч билээ.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр одоогийнх шигээ тогтвортой байвал Оюутолгой төсөл анхны хөрөнгө оруулалтаа 2-3 жилийн дотор нөхнө гэж ярьж байна. Энэ хэр боломжтой юм бэ.мөн оюутолгойн гэрээг үзэглэж байхад нийт ашгийн 58хувь монголын талд ирнэ. гэж ярьж байсан. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа " Рио Тенто"-гийн хийсэн тооцоогоор нэг тонн зэсийн үнэ 4320 ам доллар байхад ордыг ашиглаж эхэлснээс хойш 4.7 жил байгаа. Хэрэв зэсийн үнийг 7000 ам.доллараар тооцвол хоёр жил орчмын хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө. Ийм ашигтай бизнес Монгол Улсад одоогоор бараг байхгүй. Одоогийн байдлаар батлагдсан гэрээгээр Монгол Улс Оюутолгойн төслийн ашгаас бүх төрлийн тат-вар, хураамжаар 42-45хувийг авахаар байгаа. Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээнд Айвенхоугийн талд менежментийн үйлчилгээний төлбөр төлөх хэвээрээ байна. Энэ төлбөрийг үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээ савна. Хэмжээ нь ордыг ашиглаж эхлэхээс өмнө гурван хувь, эхэлснээс хойш зургаан хувь гэж гэрээнд заажээ. Энэ нь ихэд өндөр хувь бөгөөд, зардал өсөх тутам нэмэгдэж, тэр хэмжээгээр Мон-гол Улсад орох ашгаас хасагдана гэсэн үг. Эндээс хөрөнгө оруулагч талд нийт ашгийн 55 орчим хувь буюу 90 гаруй тэрбум ам.доллар очих байх. Энэ нь хөрөнгө анхны оруулалтаасаа 20 гаруй дахин их ашиг олно гэсэн үг.

-Уг нь Монгол Улс 34 хувиа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох талаар 57 дугаар тогтоолыг гаргасан. Харин Засгийн газар үүнийгхэрэгжүүлээгүй. Одоо бүр Монголын эзэмшлийн хувь 6.8 хувь болтлоо буурлаа гэх баримтыг та бүхэн дэлгэсэн шүү дээ?

-57-р тогтоолыг монголчуудын ихэнх нь мэдэж байгаа байх. Монгол Улс"Айвенхоу Майнз Монголия Инк" \2010онд ТУЗ байгуулагдаад энэ компанийн нэрийг "Оюутолгой" ХХК гэж өөрчилсөн\ гэж компанийн 34 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв энэ компанийн нийт хувьцааны 80 хувийг давуу эрхийн хувьцаа болгож арилжихад үүнийг нь өөр этгээд авна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс үлдсэн 20 хувийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ гэхээр 6.8 хувь болж байгаа биз дээ. Гэхдээ бодит тохиолдолд бол олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь "Айвенхоу Майнз Монголия Инк" биш манай ашиглалтын лицензийг эзэмшигч "Айвенхоу майнз  лимитед" юм. Гэтэл энэ компанийн давуу эрхийн хувьцаа гаргаж санхүүжилт босгох нь Монголд ямар ч хамааралгүй мөртлөө тэр үр дүн нь Оюутолгой төслөөс Монголд оногдох ашгийг нилээд хэмжээгээр бууруулах болчхоод байгаа нь харамсалтай. Тэр нь гэрээнд Монгол Улс "Айвенхоу майнз монголия инкийн зөвхөн энгийн хувьцааг эзэмшинэ гээд заачихсан учраас эхлээд давуу эрхийн хувьцааны ноогдол ашгийг тавина. Дээр хувь нийлүүлэгчдийн гэрээнд давуу эрхийн хувь-цааны ноогдол ашгийг улирал бүхэн тавина, тавьж чадахгүй бол хуримтлалд нь санхүүжилтийн гэх есөн хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтөөр тохируулна. Энэ нь нийт 11-12 хувийн хүү болох юм. Энэ арай дэндэж байгаа биз дээ.

 

Мөн Монгол Улс дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 34 хувь оногдох хөрөнгийг энэ өндөр хүүгээр зээлэхээр гэрээнд туссан байгаа. Энэ асуудлыг гэрээг УИХ-аар хэлэлцэж байхад хэлж байсан. Монгол Улс энэ олон компанийн аль компанид тэр 34 хувиа эзэмшил зохистой талаар. Утга нь Айвенхоугийн толгой компани болон охин компанийн  хувьцаа хоорондын хөрвөдөг харьцааг гэрээнд тусгахгүй бол "Айвенхоу Майнз лимитед"-ийн олон улсын  бирж дээрх үнэлгээ нь Монголын талд хамааралгүй болно гэдэг санал байсан л даа. Үүнийг манай Засгийн газар гэрээ байгуулахдаа тоосонгүй.

-Та бүхний гаргаж дэвшүүлсэн үндэслэлийг "Тийм юм огт байхгүй" гэж сайд нар мэдэгдэх боллоо. Тэр ч байтугай Ерөнхий сайд хоёр сайдтайгаа хамт сууж байгаад та нарын мэдээллийг няцаалаа шүү дээ ?

 

-Энэ талаар би дээр баримттай тайлбарласан тул ойлгомжтой байх. Монгол Улсын эрх ашгийг эдгээр гэрээний зарим заалтууд хэтэрхий их доош нь хийж байгааг ойлгож Гэрээнд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн нь сайн хэрэг. Энэ нь олон хүний тэмцлийн үр дүн. Тэр санхүүжилтийн хэрэгсэл болох энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, өрий н бичгийг энгийн монгол иргэд мэдэж байгаа гэдгийг хэлмээр байна.

-2009 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хувьцааныүнэ 5.48 ам.доллар, зах зээлийн үнэлгээ 2.9 тэрбум ам.доллар байсан. Гэтэл энэ сарын 6-ны байдлаар компанийн үнэл-гээ 14.3 тэрбум ам.доллар болж тав дахин өссөн. Улмаар тэднийд ашиг, манайд өр нэмэгдсэн гэж тайлбарласан ч "Эрдэнэс МГЛ" компанийн нуруун дээр нэгч ам.долларын өр байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Харин бүх санхүүжилтийг хувьцаа эзэмшигч нөгөө тал босгож "Оюутолгой'' ХХК-ийн нэр дээр зээлж авч төслийг санхүүжүүлж бай-гаа" гэж Д.Зоригт сайд хэвлэлд ярилцлага өгөгдвөл дурьдсан байна лээ. Таны хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Баялаг нь хэнийх юм. Тэр баялгийг ашиглах лицензийг эзэмшигч хөрөнгө оруулагч компанийн үнэ цэнэ нэмэгдэх, санхүүжилт босгож байгаа нь яагаад баялгийн эзэн монгол улсад хамааралгүй байгаа юм бэ гэсэн асуулт  байна.Баялагтай хүн заавал хэн нэгнээр дамжуулж шимтгэл төлөлгүй өөрөө шууд зээл авсан нь дээр биз дээ. Нөгөө дөрвөн тэрбум ам.доллар хөрөнгө оруулалтын 34хувийг11-12 хувийн хүүтэй зээлээр худалдаж авч байгаа тухай ярьсан байна. Бусадтай нь санал нэг байна.

-Урьдчилгаа төлбөр, зээлийн урьдчилгаагхольж хутган иргэдийн тархийг угааж Монгол Улсыг өрөнд оруулах боллоо. Сүүлдээ эдийнзасгийн алуурчдыг эртнээс бэлтгэсэн ажиллагаа ч гэж яригдах болов. Та үүнийг хэрхэн дүгнэж байтаа вэ?

- Иймэрхүү тархи угаалтын эзэдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Зээлийг буцааж төлдөг биз дээ. Урьдчилгаа төлбөрөө хий гээд авах ёстой зүйлээ эхлээд авдаг. Үлдсэнийг нь дараа төлдөг. Ийм л асуудал. Тэр Айвенхоугоос 2009 онд авч тараасан 100 сая ам .доллар бол хүү тэй зээл байсан.Бусад асуултад болгоомжтой,сэрэмжтэй хандах нь зөв гэж бодож байна.

-Манайх Оюутолгойн ордоо эргэлтэнд оруулахын тулд хууль тогтоомжоо гадаадынханд тохируулан өөрчилж хайр зарласан ч өнөөдөр ашиг биш өр, ололт биш алдагдал хүлээхэд хүрээд байгааг таны хувьд юу гэж тайлбарлах вэ?

 

Оюутолгой төсөл яваандаа Монголд ашиг өгөх нь ойлгомжтой. Гэхдээ буруу эхэлчихсэн. Үүнээс болоод өртэй эхэлж байна. Хөрөнгө оруулагчтай хамт олон улсын зах зээл дээрээс санхүүжилт босгодог тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Мөн энэ төслөөс Монгол Улсын талд оногдох ашиг чамлалттай бага байгаа. Тиймээс нэг тонн зэсийн зах зээлийн үнэ 6000 ам.доллараас доошгүй байхад, Оюутолгойд зориулж хүчингүй  болгосон 68 хувийн татварынхаа 50-хүртэл хувийг авах нь зөв. Сая ийм утгатай хууль УИХ баталсан. Энэ татварт Оюутолгой төслийг хамруулахнь чухал байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.