УИХ-ын гурван гишүүн оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Ерөнхий сайдад "Ашигт малтмалын тухай хууль,тогтоомжийн зарим заалтын хэрэгжилтийн талаар" асуулга хүргүүлсэн байна. Асуулгын бүрэн эхээр нь нийтлэж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.
А үндэслэн Монгол Улсын Их хурал 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг баталсан. Эдгээр ордоос Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах бэлтгэл ажил хийгдэж байгаа гэж ойлгож байна. Мөн энэ хоёр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтын гэрээг хийхтэй холбогдуулж УИХ-аас 2008 онд 40, 2009 онд 57, 2010 онд 39 дүгээр тогтоолуудыг баталж хууль, тогтоомжийн хүрээнд ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон.
Иймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдсон УИХ-ын 40, 57 дугаар тогтоол мөн гэрээ байгуулснаас хойш төслөөс Монгол Улсад ноогдох орлого, ашгийг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах эсэх, түүнчлэн гэрээний зарим заалтын хэрэгжилт, Тавантолгойн ордыг хуульд зааснаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явц, энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон УИХ-ын 40, 39 дүгээр тогтоолуудын зарим заалтын хэрэгжилт зэрэгтэй холбогдуулж Засгийн газрын хийж буй ажлын явц, байр суурийн талаар доорхи асуултын дагуу тодруулахаар Танд хандаж байна. Үүнд:
- УИХ-ын 57 дугаар тогтоолын “Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай”, “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай”, 40 дүгээр тогтоолын “Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ноогдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ноогдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох”, “Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох” зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар;
- Гэрээ байгуулагдсанаас хойш монголын Оюутолгой ордын “А” лицензийг эзэмшигч “Оюутолгой Айвенхоу” ХК-ийн хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр олон дахин өссөнөөр уг компани 10 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт босгоод байгаа тухай мэдээлэл гарсаар байна. Энэ санхүүжилт энэ ордыг ашиглах компанийн 34 хувийг хүүтэй мөнгөөр худалдан авч эзэмших болсон нь монголын талд хэрхэн нөлөөлж, ямар үр ашигтай тусч байгаа талаар;
- 2011 оны 1 дүгээр сарын 01-нээс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар хүчингүй болно. Энэ татвараар улсын төсөвт зөвхөн Эрдэнэт үйлдвэрээс 500 гаруй тэрбум төгрөгийн орлого орж байсан. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх үед УИХ-аас Засгийн газарт протоколоор өгсөн чиглэл, сүүлийн жилүүдэд зэсийн үнэ өсч, энэ өсөлт харьцангуй тогтворжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас ашигт малтмалын нөөцийн төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх талаар УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөл батлагдахад Оюутолгой төсөл хамаарах эсэх, мөн энэ төлбөрөөр улсын төсөвт хир хэмжээний орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа талаар;
- Ашигт малтмалын тухай хуулийн болон Оюутолгойн гэрээний зэс хайлуулах үйлдвэр барих бэлтгэл ажил, энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, түүнчлэн энэ төслийн орд ашиглах, бүтээн байгуулалтад монгол иргэдийг ажиллуулахтай холбогдсон заалтуудын хэрэгжилтийн талаар;
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдаж энгийн журмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийг батлагдахаас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3, 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 8.1, 8.2-ыг үндэслэн Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр тус аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний орд, тэр орчмын 184.6 мянга га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт авсан байдаг. Гэвч 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж эхлэх үед Тавантолгойн ордын хайгуулын лиценз /хэдийгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон ч/-ийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэмшиж байсан. Энэ хуулийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулж тухай үеийн салбарын яамнаас 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ашигт малтмалын шинэ хууль хэлэлцэгдэн батлагдаж гарах хүртэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценцийг шинээр олгох, шилжүүлэх болон цуцлахгүй байх арга хэмжээ авахыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргад үүрэг болгосон” шийдвэрийг хүргүүлсэн байдаг. Түүнчлэн 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 60.4.-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй”, 26.9.-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн 9.1.5-д “Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх үед тухайн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шинэ хуулийн дагуу тогтоож гэрээ байгуулж болно” гэж тус тус заасан байна. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн ордын тодорхой хэсгийг зарим аж ахуйн нэгж шинээр ашиглаж эхэлсэн, мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгож байгаа зэрэг мэдээлэл гарч байна. Уг үйл явц нь холбогдох хууль тогтоомжид хир нийцэж байгаа талаар;
- Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын заалтуудын хэрэгжилтийн явцын талаар талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү.
Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33.3, 33.4 дүгээрт заасны дагуу ирүүлж улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С. ЭРДЭНЭ, Д.ГАНХУЯГ, Г.БАЯРСАЙХАН