Ч.Улаан: Хөөж туучихаад дараа нь алгаа тосоод л гуйдаг
УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тойрогтоо ажиллаж байгаад ирэв үү. Сүхбаатар аймгаар зуншлага хэр байна вэ?
-Чуулган завсарласнаас хойш тойргоороо ажиллаж байгаад ирлээ. Сүхбаатар аймагт аятайхан зун болж байна. Иргэдийн сэтгэл санаа тэнэгэр, малын зоо тэнийгээд сайхан байна. Гэхдээ зуншлага алаг цоог байна. Ялангуяа төв, суурин газруудаар төдийлөн сайнгүй. Иймээс өвөлжилтийн бэлтгэл хангахад эртнээс анхаарах шаардлагатай талаар ярилцаж явлаа. Хэдийгээр зуны дэлгэр цаг ч гэлээ бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөлөө.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар сонирхов уу. Зээл үр ашгаа өгч үйлдвэр байгуулж уу?
-Энэ асуудлаар сонирхсон. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл аваад үйлдвэр барьчихсан хүн надтай тааралдсангүй. Төслөө аваад ажлаа хөөцөлдөөд, гэрээ хэлцлээ хийгээд явж байхтай л таарлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах, мөнгөний дэмжлэг үзүүлэх тал дээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Сумдуудад жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан байгуулъя гэсэн бодлого Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. Энэ ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.
-Зээл нүдээ олохгүй байгаа талаар шүүмжлэл их гарч буй. Энэ хэр ажиглагдаж байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас олгогдож буй зээл төв суурин газар руугаа төвлөрөх хандлагатай юм. Орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдэд хүрч чадахгүй байх явдал анзаарагдсан. Тэр дундаа алслагдсан сумууд зээлд огт хамрагдаж чаддаггүй юм билээ. Иймээс зээлийг орон нутагт нь тэгш хуваарилах нь зөв. Мөн шударга өрсөлдөөнөөр сонгон шалгаруулж чадаагүй гэсэн гомдол нэлээд байна.
-Зээлийн хэмжээ бага байна. Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж иргэд гомдоллодог. Эдийн засагч хүний хувьд энэ тал дээр судалгаа явуулсан байх?
-Зээлийн хэмжээ төслөөсөө хамаарна. Нэгэнт жижиг, дунд үйлдвэрийн зээл гэсэн учраас энэ хязгаартаа багтах учиртай. Иймээс зээлийн хэмжээг нэмэгдүүлээд байх шаардлагагүй.
-Зээл бага байдгаас болж хямд өртгөөр тоног төхөөрөмж авдаг. Ингэснээр чанаргүй бүтээгдэхүүн гардаг гэх гомдол байдаг шүү дээ?
-Жижиг аж ахуйн нэгж өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авчихвал зээлээ төлж чадахгүй. Иймээс зээлээ төлөх, үйлдвэрлэлээ явуулах зах зээлдээ зохицон түргэн өөрчлөгдөх чадвартай байх ёстой. Нэгэнт аж ахуйн нэгж үүрэг хариуцлага хүлээгээд зээлээ төлж чадна гэсэн болохоор “Танай төхөөрөмж үнэтэй байна, хямд байна” гэж хөндлөнгөөс оролцох нь утгагүй.
Жижиг дунд үйлдвэрлэлийн давуу тал нь зах зээлийн чадварт хамгийн түргэн зохицох. Өөрөөр хэлбэл, хөрвөх чадвартай. Өнөөдөр гурил хийж байгаад зах зээл нь унавал маргааш нь өөр зүйлд хүч үздэг болж шилжих чадвартай. Тэгэхгүй их хэмжээгээр хөрөнгө оруулаад суурин тоног төхөөрөмж авчихаар хөрвөх чадваргүй болж, дампуурах аюултай. Энэ утгаар нь бас тэгж нэг талаас нь шүүмжилж болохгүй. Магадгүй хямд тоног төхөөрөмж аваад богино хугацаанд үр шимээ өгдөг байх ёстой.
-Жижиг дунд үйлдвэр төдийлөн сайн хөгжиж чадахгүй байгаа нь төрийн бодлого муугаас боллоо гэдэг. Бодлого тодорхойгүйгээс нэгнийгээ дуурайж үйлдвэр байгуулснаар яалт ч үгүй зарим хэсэг нь зах зээлийн шуурганд хийсдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Төр үүнийг зохицуулах ёстой. Наанадаж зээл хуваарилахдаа бодлогоо оруулсан байх учиртай. Мэдээж бүх зээлээ нэг төрлийн чиглэлд өгчихвөл явцгүй болно. Үүнд үйлдвэрлэгчдийн буруу байхгүй. Учир нь үйлдвэрлэгч зах зээлд юу хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна түүнийг үйлдвэрлэхийн төлөө хошуурдаг. Харин төр бодлогоороо зохицуулж байх ёстой. Төсөл сонгон шалгаруулах хариуцлага ч өндөр байх хэрэгтэй л дээ. Урсгалаар явснаар эмх замбараагүй байдал бий болно. Урьд нь бүгд гурилын үйлдвэр рүү хошуурч орсноор эцэст нь юу болж хоцорлоо доо.
-Үүнд хуулийг буруутгах тохиолдол ч цөөнгүй. Магадгүй хуулиа илүү боловсронгуй болгох хэрэгтэй юм болов уу?
-Хуулийг бүтээлчээр хэрэглэж чадвал өнөөгийн харилцааг зохицуулах чадвартай. Алдаа мадаггүй, бүх нөхцөлийг урьдчилан харсан хууль хэзээ ч батлагддаггүй. Иймээс хуулиа бүтээлчээр хэрэглэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй зүйл байвал түүнийг нь засаж залруулах хэрэгтэй. Энэ хуулийг шүүмжлэх шаардлагагүй л дээ.
Амьдрал өөрөө баян. Урьдчилан харж, тооцоолоогүй шинэ нөхцөл байдал бий болж байна. Хуулийг боловсронгуй болгох шаардлага бий юу гэвэл байгаа. Үүнийгээ хийгээд явах хэрэгтэй. Түүнээс биш энэ муу хууль гэж хойш тавиад дахин шинэ хууль гаргана гэвэл дунд нь орон зай гарна. Манайханд нэг дутагдал бий. Яг хийсэн ясан гэр барина гээд хөхөөний үлгэр шиг юм болдог. Хөхөө өдий болтол үүр бариагүй байгаа гэдэг биз дээ. Үүн шиг ямар ч цоорхойгүй хууль гарна гээд төслийг буцаагаад байдаг. Гэтэл цаана нь ажил явдаггүй зогсчихдог сул талтай.
ТӨРИЙН АЛБЫГ ЦОМХОН, ЧАДВАРЛАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Танаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 7000 төрийн албан хаагчийг цомхтгох асуудлыг хөндсөн. Харамсалтай нь ажил хэрэг болж чадсангүй. Хэн нэг эрх мэдэлтэн нь үүнийг дарчихлаа ч гэх яриа гарсан байна лээ?
-Төрийн захиргааны байгууллагын данхар бүтцийг хөнгөвчлөх, ажлын давхардал, дамжлагыг арилгах. Энэ үүднээсээ төрийн албан хаагчийн тоог цөөрүүлж оновчтой болгох дээр ажлын хэсэг ажилласан. Зөвхөн төрөөс цалин авч алба хашдаг бус иргэдэд үйлчилдэг бизнесийн зарчимд шилжүүлэх асуудлыг гаргаж тавьсан юм. Энэ асуудлыг Засгийн газар судлаад ирэх жилийн Төсөв, төлөвлөгөөнд оруулж ирэх чиглэлийг УИХ-аас авсан. Ирэх оны төсөв УИХ-аар хэлэлцэгдэхэд энэ асуудлыг оруулж ирэх байх гэж найдаж байна. Тэр үед хэлэлцүүлэг үргэлжилнэ. Түүнээс биш энэ асуудал зогсоогүй байх аа. Түр зуур дахин боловсруулах хугацаа олгогдсон зүйл гэж л ойлгож байгаа.
-УИХ-аас энэ асуудлаар Засгийн газарт хоёр ч удаа тогтоол хүргүүлсэн боловч өдгөө байдал хэвээрээ л байна. Намуудын хоорондын тохироо болон ар, өврийн хаалгаар данхайсан төрийн албыг эрх баригчид шийдвэрлэхийг хүсэхгүй байх шиг?
-Ямар ч байсан УИХ Засгийн газарт гурав дахь удаагаа тодорхой чиглэл өглөө. Иймээс УИХ-д орж ирж хэлэлцэх байх гэж найдаж л сууна.
-7000-аас илүү төрийн албан хаагчийг цомхтгох хэрэгтэй гэгдэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Тиймээ. Энэ асуудал дээр тооцоо үндэслэлтэй хандах юм бол тэр байтугай л цомхтгох боломж бий. Сүүлийн 3-4 жилд төрийн албан хаагч 25 мянга орчим хүнээр нэмэгдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулаад үзэхэд хэр зэрэг байгаа нь харагдаж байгаа биз. Тийм учраас төрийн захиргааны байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалт, хариуцах ажлын үүргийг нь тогтоогоод шат дамжлагыг аль болох цөөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр төрийн алба чадварлаг, цомхон хүмүүсээр ажлаа амжуулдаг болох бололцоо бий.
-Магадгүй УИХ ажлын хэсгийн гаргасан судалгаан дээр үндэслэж төрийн албан хаагчдыг цомхтгохоор болвол хэд гэсэн тоо орж ирэх вэ?
-Энэ тал дээр ажлын хэсэг үргэлжлүүлэн ажлаагүй учраас би хэлж чадахгүй байна.
БАРДАМ АМ ГАРЧИХААД ДАРАА НЬ ГУЙГААД ГҮЙДЭГ
-Хэрэв ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол төсвийн алдагдал 6.4 хувьтай гарахгүй байсан болов уу. Уг нь Олон улсын валютын сан манайд ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байх болзол тулгасан шүү дээ?
-Бодох л ёстой асуудлуудын нэг. Бидэнд тулгаад байгаа болзол ч биш л дээ. Бид өөрсдөө л ийм үүрэг авсан юм. Хамтарч ажиллая, та нараас дэмжлэг туслалцаа авъя. Эдийн засгаа өөд нь татаж хөгжүүлье гээд тохирчихсон. Ингэхдээ хоёр талын бодлого тохирсон юм. Манай улс эдийн засгаа ингэж хөгжүүлнэ, алдагдлаа арилгаж, үр ашгаа дээшлүүлнэ гэсэн санааг өөрсдөө гаргаж ирсэн. Хамтрагч тал ингэж явбал танай бодлого үр дүнд хүрнэ. Тэгвэл бид тусалъя. Бидний тусламж талаар өнгөрөхгүй юм байна гэхчлэн саналаа нэгтгэсэн шүү дээ. Улмаар урьдчилан тохироод хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэн. Явцын дунд тоо өөрчлөгдөж байгаа нь зохимжгүй. Эцэст нь өөрөө өөрсдийгөө хуурсан үйлдэл л дээ.
-Тэгвэл манай тал эхлүүлчихээд өөрсдөө бодлогоо зөрчсөн гэж ойлгож болох нь ээ?
-Цаад талд энэ таатай санагдахгүйгээр барахгүй хамтран ажиллах гэрээгээ эргэн харахад хүрэх л байх. Таван хувийн алдагдалтай эдийн засгаа богино хугацаанд өөд нь татна гээд бодлогоо тодорхойлчихоод буруу эргүүлэхээр нөгөө тал хамтран ажиллах хэрэг байна уу гэж бодно биз дээ. Иймээс нэгэнт тохирсон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л бололцоогоо дайчилж ажиллах ёстой. Янз бүрийн шалтаг хэлж төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байгаа нь монголчуудад зохимжгүй л дээ.
-ДНБ 6.4 хувьтай гарах болсон нь бонд гаргасантай холбоотой гэж тайлбарладаг юм билээ?
-Гэхдээ бонд гаргаад түүнийгээ юунд ашигласан юм. Төсвийн алдагдлаа хаахад л ашигласан биз дээ. Уг нь алдагдлаа арилгаж, тэр мөнгөөрөө илүү хөрөнгө оруулалт хийгээд явбал манай улс л хожино. Гэтэл үрэлгэн загнаж, үр ашиггүй ажлаа бонд гаргаж ард түмний гар дээрээс мөнгө татаж хаах нь зөв шийдвэр ч биш л дээ. Үүнийг эргээд төлнө. Тиймээс бодлого, шийдвэрийг ягштал мөрдөх хэрэгтэй.
-Болзол зөрчигдсөн тохиолдолд Олон улсын валютын сан манай улсад тусламж үзүүлэхгүй гэж байсан. Гишүүд тэднийг царайчилж тусламж авах шаардлагатай гэх. Өмнө нь бас манайх ингэж томорч байсан байх аа. Тэгсэн атлаа гараа сунгаад гуйгаад л очсон. Энэ удаад тэгэхгүй гэх баталгаа бий болов уу?
-Үүнийг дүгнэхэд том ухаан хэрэггүй. 2007-2008 онд олон улсын валютын сангүй байхад болно гээд байсан. Дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгож сайхан ажиллана гээд хөөж туусан шүү дээ. Гэтэл чадаагүй. Эдийн засгийн хямралд сөхрөх гэж байхдаа өнөөх муу нэртэй, хөөж туухдаа хүрээд байсан Олон улсын валютын сангаас тусламж авч л давсан. Тийм жишээ бидэнд бий. Их л нухацтай бодох л хэрэгтэй. Манай улс бүхий л асуудлыг бие дагаад шийдчих бололцоо байхгүй. Алсдаа бий болно байх. Оюутолгой, Тавантолгой ашгаа өгөөд эхлэхээр тийм боломж бий болно. Үүнд эргэлзэх юмгүй. Гэхдээ тэр болтол хэдэн жил болно. Эдийн засгийн хямрал арилчихаагүй байна. Тэгэхэд сэтгэлийн хөөрлөөр хөөж туугаад байх нь хэр зохимжтой юм бол доо.
БАНКНЫ АЖИЛД ТӨР ХУТГАЛДАХ НЬ ЗОХИМЖГҮЙ
-Төр банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргахад та эсэргүүцэж байсан. Үнэхээр ч таны хэлдэг шиг төр бүхий л зүйл рүү хутгалдах болж?
-Зах зээл өөрөө хатуу нийгэм, хариуцлага шаардана. Банк, аж ахуйн нэгж, хувь иргэн хоорондоо үүргээ хүлээж, хэн хэндээ итгэсний үндсэн дээр банкны харилцаа оршин тогтнож буй. Алдаа оноо гарвал тэд хариуцна. Эрсдэл гарвал мөн л хүлээнэ. Ийм л зарчим шүү дээ. Гэтэл энэ асуудалд яаран төр орж хутгалдсан асуудал оновчтой биш. Хариуцлагаа хүлээсэн хоёр субъектын аль алинийнх нь хариуцлагыг сулруулж байгаа юм. “Эрсдэл гарвал төр хариуцна, чи битгий санаа зов” гэж нэг нь хэлнэ. Нөгөө нь төр хариуцах юм чинь гээд тухайн банкинд шаардлага тавихгүй. Ингэхээр банк ажиллах идэвхгүй болж байгаа юм. Магадгүй зальтай этгээд банкийг дампууруулах оролдлого хийхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс аливаа эдийн засгийн шийдвэр гаргахдаа холын болоод ойрын, эерэг болоод сөрөг үр дагаврыг заавал тооцож ярилцаж байх ёстой.
-Төр баталгаа гаргасан нь бусдын хувьд идэш болсон гэх. Өөрөөр хэлбэл, банкууд ар араасаа дампуурах болсон нь үүнтэй холбоотой гэгдэх юм билээ?
-Үгүйсгэхгүй байна. Энэ боломжийг ашиглаад зальхай үйлдэл хийсэн байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ банк дампуурах нь өөрийнх нь үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Зөв явж байсан бол дампуурахгүй. Хуулиа мөрдөөд зээлдэгч нартаа тэгш шударга хандаад явсан бол өнөөдөр дампуурахгүй байх. Хэрэв хууль зөрчөөд ямар нэгэн эрх ашигт хөтлөгдөөд, цөөн хэдэн хүнд их хэмжээний зээл өгвөл дампуурах нь тодорхой.
-Банкин дахь хадгаламж хэдхэн хүнийх байдаг гэдэг. Зээлийн хүүг нэмж байгаа нь ч тэдний эрх ашиг гэдэг юм билээ. Энэ хэр үндэслэлтэй юм бол?
-Аливаа шүүмжлэлд үнэний хувь байдаг. Үүнд үнэн үг бий л байх.
-Манай банкууд эдийн засгийн чадавх муутай гэдэгт та санал нийлдэг үү?
-Чадавх султай. Дүрмийн санг нь л хар даа. Том хэмжээний зээл өгөх чадвартай, үйлчилгээ үзүүлэх чадвартай баз байхгүй. Банкууд томрох шаардлага бий.
БОГИНО ХУГАЦААНД НӨХӨХ БОЛОМЖГҮЙ
-Дэлхийн жишгээр уул уурхайн компаниуд 4-5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхдөг гэдэг. Манай улс Оюутолгой, Тавантолгой хэмээх хоёр том ордоо ашиглалтад орууллаа. Уг ордуудын хувьд 4-5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломж нь хэр бий вэ?
-Уул уурхайн хөрөнгө оруулалт ийм богино хугацаанд нөхөгддөг гэсэн хууль зарчим байхгүй. Уул уурхайн салбар өөрөө их хэмжээний хөрөнгө шаарддаг, урьдчилгаа бэлтгэл ажил хийх шаардлагатай байдаг. Бусад салбаруудтай харьцуулахад хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нэлээд урт. Тэр тусмаа Оюутолгой, Тавантолгой шиг том хэмжээний цогцолборыг барьж байгуулахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэрэгтэй. Үүний дараагаар өртгөө нөхнө. 3-5 жилийн дотор барилгын ажил явагдана гэсэн график ТЭЗҮ-д нь бий. Үүний дараа ашиглалтад орж мөн л 3-5 жилийн хөрөнгөө нөхнө.
-УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Оюутолгойг таван жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломж бий талаар график гаргасан байсан. Тэр хэр үндэслэлтэй вэ?
-Ямар ч урьдчилсан фрогноз, төсөөлөл ямар нэгэн тооцоон дээр үндэслэх ёстой. Өнөөдрийн байгаа ханшаар бодох юм бол ТЭЗҮ-д хийсэн тооцоо үндэслэлтэй гэж бодож байна. Гэнэт зэсийн үнэ хэд дахин өсвөл богино хугацаанд нөхнө. Жишээ нь, Сүхбаатар аймагт байгуулагдсан Төмөртийн цайрын үйлдвэр мөн л 3-5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх талаар ТЭЗҮ-д нь тусгагдсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр өнгөт металл, цайрын үнэ нэмэгдсэнээс хоёр дахин богино хугацаанд өртгөө нөхөөд ажиллаж байна.