Төрийн албатай холбоотой уялдаагүй олон асуудал байна
УИХ-ын ээлжит чуулганы 10 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар’’Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай’’ УИХ-ын тогтоолын төсөл, ‘’Татварын ерөнхий хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай’’,Монгол улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай’’,’’Монгол улсын нэгдсэн төсвийн тухай’’, ‘’Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслүүд,’’Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төсөл болон ‘’Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай’’ УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ.’’Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай’’ УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ –ын гишүүн Р.Буд танилцууллаа.
Дээрх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Бодлогын баримт бичигт хувийн хэвшлийн түншлэлд үндэсний компаниудын оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг тэргүүн ээлжинд дэмжих замаар санхүү боловсон хүчин, техник , технологиор хангах бодлого баримтлах төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зөвхөн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж байх зэрэг санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан талаар санал дүгнэлтэнд дурдлаа.УИХ-ын гишүүн Р.Буд, Ц. Баярсайхан, С.Бямбацогт, Д.Зоригт, Д.Одхүү нарын гаргасан уг тогтоолын найруулга болон бусад засвар хийх саналын томьёоллыг гишүүд дэмжиж, дээрх төсөл батлагдлаа Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р. Буд танилцуулсан юм. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлая гэсэн Байнгын хорооны саналыг гишүүд 72,2 хувиар баталлаа.‘’Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай’’, ‘’Монгол улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай’’, ‘’Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай’’, ‘’Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал хэлэлцэх үеэр төсөл санаачлагчдын илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С. Баярцогт танилцуулсан.Асуулт хариултын үеэр УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар Монгол Улсын хөгжлийн сан хэрхэн орлогоо бүрдүүлэхийг сонирхлоо
Монгол улсын хөгжлийн сангийн эх үүсвэр нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвар болон төсвийн орлогын давсан хэсгээс бүрддэг.Харин үндсэн бүрэлдхүүн хэсэг нь байхгүй болсон.Цаашид тус сангийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа .Эх орны хишиг болон Эрдэнийн хувийн хуулийн төслийг хэлэлцэж батлагдсаны дараа дагалдах хуулиудыг хамт оруулж ирэх учиртай гэсэн байр суурьтай байгаагаа Сангийн сайд тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Монгол улсын хөгжлийн сангаас хүүхдийн мөнгийг өгч байсан. Цаашид тогтвортой өгөх боломж байгаа эсэх, үүнийг төсөвтэй уялдах ямар арга замыг төлөвлөж байгааг сайдаас тодрууллаа. Хариуд нь сайд ирэх онд хүүхдийн мөнгө олгогдоно.Хүүхдийн мөнгө олгох нь хөгжлийн сантай холбоогүй. Харин цаашид хүүхдийн мөнгө олгох эсэх нь улс төрийн асуудал.Ер нь халамжийн төрлийг нэгтгэх, оновчтой болгох, шаардлагатай хэсэгт хүргэх реформийг ирэх хоёр төсвийн 2 жил дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Асуулт хариулт өндөрлөсний дараа Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан.Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг өргөн мэдүүлэхдээ улсын төсөвт болон улс орны нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөх, цаг хугацааны хувьд болон холбогдох эрх зүйн актуудтай уялдсан байдлыг сайтар судалж үзсэний үндсэн дээр хуулийн хүрээнд бүрэн боловсруулсан асуудлыг иж бүрнээр нь оруулж ирж хэлэлцүүлж байхыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаас Засгийн газар, Сангийн яаманд үүрэг болгосоныг санал дүгнэлтэнд дурдсан байна.
Санал дүгнэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П. Алтангэрэл ‘’Гэнэтийн ашгийг татварыг цуцлах тухай’’ хууль гарч байна. Үүнтэй холбогдуулан зөвхөн зэс төдийгүй газрын тос олборлох, боловсруулах, бүр цаашилбал ураны тал дээр үнийн өсөлттэй уялдан ашгаас хэлбэлзлэлтэй татвар тогтоох асуудал яригдав уу гэсэн асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг асуудлыг Байнгын хороо хэлэлцэх үед бусад хуулиудад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан, Засгийн газар энэ талаар асуудал оруулж ирнэ гэж найдаж байна гэлээ.
Санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд саналаа хэлсний дараа санал хураахад Байнгын хорооны санал 58,5 хувиар дэмжигдэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.Дараагийн хэлэлцсэн асуудал нь ‘’Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай’’ хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б. Долгор танилцууллаа.
Засгийн газрын энэ оны 3 дугаар сарын хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх бодит нөхцөл байдлын талаар хэлэлцэж, боловсрол, соёл шинжлэх ухааны төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын дарга, захирлыг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хэвээр үлдээхээр тусгасан байна.
Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ‘’Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга нар төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байхаар хуульчилсан. Төрийн өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг төрийн захиргааны ангилалд шилжүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ‘’Боловсролын тухай’’ хуулийн 43.1.2 дугаарт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хөдөлмөрийн онцлогийг харгалзан 15 өдрийн нэмэгдэл амралт олгох, сум, тосгон багийн ЕБС-ийн захирал, хичээлийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан бол үндсэн цалинг 5 жил тутам нэмэгдүүлэх тухай Боловсролын тухай хуулийн заалтаар олгогдсон нийгмийн баталгааг хангаж чадахгүй болж салбарын онцлогтой холбогдох эрх зүйн зохицуулалт алдагдахад хүрч байна гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хөдөө орон нутгийн боловсрол, соёлын байгууллагын төсвийг батлахдаа үнэртүүлэх төдийгээр баталдаг нь улмаар орон тоо хасах, төсөвт байгууллагууд өртэй үлдэх гээд сөрөг зүйл ажиглагддаг гэдгийг анхааруулсан бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр Төрийн албаны Зөвлөл нэг талд, Засгийн газар нөгөө талд бөмбөг шиг байдгаа хэзээ болихыг асууж, Засгийн газар байгуулагдаад жил гаруй болж байгаа ч зарим агентлагийн дарга нар одоо ч томилогдоогүй байна гэж шүүмжлэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрийн албатай холбоотой уялдаа муутай олон зүйлийг нэгтгэж нэг мөр болгон цэгцлэх шаардлага байгаа гэлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулахдаа захирал,удирдах хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх гээд ч байгаа юм шиг,зарим талаар мөнгө хэмнэх гээд ч байгаа юм шиг ойлголт төрөхөөр ойлгомжгүй зүйл байна.
Цаашид Төрийн албаны тухай төдийгүй Орон нутгийн сонгуулийн тухай хууль гээд цогцоор нь ярих ёстой гэв. Гишүүд энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Су.Батболд уг асуудалд эсэргүүцэх маягаар хандахгүй байхыг гишүүдээс хүслээ.Тэрээр Төрийн албанд хийсэн олон шинэчлэлээс ухарч буцахгүй гэдгээ илэрхийллээ.
Санал шүүмжлэл удтал үргэлжилсний эцэст уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 53,6 хувь дэмжлээ.