Б.Бат-Эрдэнэ: Өмнөх Сайд нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноос хойш 14 хоног өнгөрч байна. Үүний өмнө огцрох дүр зураг нэгэнт үүсчихээд, улс төрийн хүрээнд бужигнаж 20 хоносон. Ерөнхийдөө засаг төр тогтворгүй болоод сар гаруйн хугацаа нэгэнт өнгөрчихжээ.
Энэ хугацаанд УИХ-ын чуулганы ажлын тал хувь нь тасалдсан гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох хоёр асуудалд л чуулганы хуралдаан ирц бүрэн байсан. Ирц ч яах вэ, бүрддэг юм байж гэхэд хэлэлцэх асуудал, хийх ажил нь жигдэрч өгөхгүй байна.
Энэ долоо хоногт л гэхэд гуравхан асуудал хэлэлцэхээр товложээ. Гэтэл улсын баяр наадмын өмнө хаврын чуулган хаах тулчихаад байдаг. Тэгвэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төсөв нь 2.3 их наядаар тасарч, ТЭЦ-3 нь дэлбэрчихээд байхад өмнөх сайд нар нь сайн ажилласан гээд өөрсдийгөө сошиал дээр сэвүүлж байна. Олон сонгогдсон гэдгээр шинэ гишүүдийг ялгаварладаг байдлыг зогсоох ёстой гэж үзээд 30 гишүүн УЗ-дөө шаардлага хүргүүлсэн гэв.
шинэ гишүүдийг ялгаварладаг байдлыг зогсоох ёстой
Тодруулбал тэрбээр, ЗГ-ын бүтцийг эхлээд оруулж ирэх ёстой. ЗГ-ын бүтцээс улбаатай ЗГ-ын бүрэлдэхүүн орж ирнэ. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар хэмнэлтийн тодотгол хийнэ гэсэн. 2,3 их наядын тодотгол хийгдэх ёстой байгаа. Ер нь бол тэнцэл дээр 10 гаран их наядын асуудал үүссэн. Нүүрсний үнэ өнөөдөр 70 ам.доллар луу орчихсон, цаашдаа ч үнэ унах хэлбэр дээр байна. Ойрын нэг жилийн хугацаанд нүүрсний үнэ дахиж сэргэхээргүй түвшинд байна. Эдийн засгийг босгохын тулд ямар бүтэцтэйгээр ажиллах ёстой вэ гэдгийг харах хэрэгтэй. 126 гишүүний 81 гишүүн нь шинэ гишүүн. МАН дотор 39 гишүүн шинэ гишүүн байгаа. Үүнээс 30 гишүүн гарын үсэг зурсан гэдэг бол том тоо. Ингхэдээ бид 3 шаардлага тавьсан.
- Нэгдүгээрт: Аль нэг сонгогдсон бус, хэлбэр, тоогоор ялгаварлахгүйгээр мэргэжил ур чадварт суурилсан, олон нийтийн хүлээлтэнд нийцсэн гишүүдээс засгийн газрыг бүрдүүлэх. Тэгш оролцооны зарчмаар ажиллах нь цаашид эв нэгдэлтэй, тогтвортой засаглах суурь болохыг дурдсан.
- Хоёрдугаар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу буюу төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар төлөвлөх. Энэ нь цаашид хэрэгжих Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний үзэл баримтлалыг манлайлан хэрэгжүүлэх ууган улс төрийн намын түүхэн үүргийг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр болохыг дурдсан.
- Гуравдугаарт: Парламентын засаглалын суурь зарчим нь иргэдийн итгэл хүлээсэн төлөөлөгчид терийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, үүнийхээ төлөө улс төрийн хариуцлага хүлээдэгт оршдог. Ард түмний мандатаар сонгогдсон Улсын Их Хурын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь бодлого хоорондын уялдаа нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй, Засгийн газрын улс төрийн легитим чанар, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь болох тухай дурдсан.
ӨМНӨХ Сайд нар ичих хэрэгтэй!
Энэ 30 гишүүн ямарваа нэг байдлаар хэн нэгэн хүнийг сайд болгохоор шантаажийг Монгол улсын Ерөнхий сайдад үзүүлж болохгүй. Энэ бол зарчим. Дотроо аливаа бүлэглэл болж хуваагдаж бас болохгүй. Энэ бол мөн л зарчим. Хэрвээ ийм үйлдлүүд гарвал тухайн гарын үсгийг буцаана. Бид өнөөдөр хэн нэгэн хувь хүнийг субъектив байдлаар хандахаас илүүтэй ЗГ-ын бүтэц, эдийн засгийн уналтын цаг хугацаанд хэн ЗГ-ыг бүрдүүлж, бүрэлдэхүүнд нь орж ажиллах вэ гэдгийг тооцох ёстой. Хэн чадвар, чадавхтай вэ гэдэг асуудлыг л ярих ёстой. ЗГ кабинет гэдэг бол нэг зарчимтай байх ёстой. Ерөнхий сайд нь унавал ЗГ огцорч байгаа. Ерөнхий сайдынхаа араас нь хутга шаагаад яваад байж болохгүй. Дараагийн кабинетад орох гээд байгаа ёс зүйгээ бодох хэрэгтэй! Ерөнхий сайд нь ганцаараа муу, бусад нь сайн ажилласан юм шиг л сошиал дээр өөрсдийгөө магтуулж байна. Ичих хэрэгтэй шүү дээ. Бүгд сайн ажилласан юм бол яагаад төсөв нь 2,3 их наядаар тасарчихсан юм. Яагаад өнөөдөр ийм олон асуудлууд үүсчхэв! Энэ бол зөвхөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхтэй холбоотой асуудал биш. Итгэл үзүүлэх асуудал нь ЗГ буюу кабинетад нөгөө талдаа салбар бүрт ямар асуудлууд үүсэвгэдэг тухай асуудал шүү дээ. Үнэхээр л бүгд сайн ажиллаж байсан юм бол ДЦС-3 яагаад дэлбэрчхэв, эрчим хүчний үнийг нь нэмээд байхад эрчим хүчний хангалт дээр нь асуудлууд нь үүсээд, одоо ч гэсэн тасарсан хэвээр байна вэ? Энэ бол зарчмын асуудал. Сайд нар ичих хэрэгтэй!
Б.Бат-Эрдэнэ: Төсвийн орлого тасарч, ТЭЦ-3 нь дэлбэрчхээд байхад өмнөх сайд нар нь "сайн ажилласан" г.м сошиал дээр өөрсдийгөө сэвүүлж байна

Сэтгүүлч