Б.Чимид: Танхимын асуудлыг Засгийн газрын тухай хуулиар шийднэ
Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгөөд байна. Энэ тохиолдолд түүний тэргүүлж байгаа танхим одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах эрхзүйн үндэслэл бий эсэхийг Монгол Улсын гавьяат хуульч, доктор Б.ЧИМИДЭЭС тодруулсныг дор сийрүүлэв.
-Энэ бол миний хувьд их битүү асуулт байна. Эрүүл мэндийн байдлаас гэснийг юу гэж ойлгох юм бэ гэдгийг хэлж байна. Ер нь дээд албан тушаалтнуудыг хүсэлт гаргасан тохиолдол бүрт УИХ хүлээн зөв¬шөөрч, хэлэлцэж шийдвэрлэх учиргүй. Эмнэгээс үнэхээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нотолгоо¬той дүгнэлт гаргасан бол хүсэлтийг УИХ хэлэлцэж Ерөнхий сайдыг чөлөөлж, шинэ хүнийг томилох байх. Түүнээс биш бие муудлаа гэхээр “уухайн тас” хүлээн авч буй юм шиг хандаж болохгүй дээ.
Засгийн газрын үлдэж буй бүрэлдэхүүнийг яах вэ гэдэг бол маш эмзэг асуудал. Үүнд торгон мэдрэмж хэрэгтэй. Ерөнхий яривал дэлхийн жишиг гэж бий. Олон улсын жишигт огцрох гэдгийг өргөн утгаар нь ажлаасаа гарахыг хэлдэг. Монголчуудын хувьд огцрох гэдгийг алдаа гаргасан, таарч тохирохгүй болсон гэхчилэн муугийн шалтгаантай холбож ойлгодог. Энэ ойлголт Монголын хуульд амь бөхтэй байдаг. Одоогийн Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд амин холбоотой боловч энэ хоёр өөр өнгө аястай орсон байгаа.
Тэгэхээр дэлхийн жишгээр онолын хувьд ойлгож болох ч Монголын хуулиар прагматик байдлаар хандах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үргэлжлэл болсон Засгийн газрын тухай хуульд зааснаар шийдэх ёстой болов уу гэж хуульчийн хувьд бодож байна.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2-т Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн байдаг. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын аль нэг гишүүн, жишээ нь Ерөнхий сайд юм уу, Засгийн газрын гишүүн чөлөөлөгдөх буюу нас барах зэргээр орон гарвал яах вэ гэдгийг огцрох гэдгээс нь ялгаад тодорхойлчихсон байдаг.
1993 онд огцрох гэдгийг чөлөөлөгдөх гэдгээс ялгаж тодорхойлсныг тухайн үеийн УИХ тэр байдлаар нь баталсан. Иймээс Засгийн газрын тухай хуулиар бол Ерөнхий сайд өвчний улмаас хүсэлт гаргаж чөлөөлөгдөхийг огцрох гэж ойлгож болохооргүй байна. Яагаад гэвэл хууль хоёр өөр гээд заачихсан байна.
Засгийн газрын тухай хуулийн 21, 22, 23 дугаар зүйлд энэ асуудлыг тал талаас нь тусгасан байгаа. Ялангуяа 22-ын 1-д биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэ¬рэг-жүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно гэж заажээ. Яг энэ заалт Ерөнхий сайд С.Бая¬рын хүсэлтийг авч хэлэлцэх үндэслэл болох юм. Энэ бол бодит байдал нь Монголын онцлогтойг харуулж байна.
Огцрох тухай үндэслэлийг хуульд тодорхой заасан. Нэгд Ерөнхий сайд бодлогын асуудлаар, өөрөөр хэлбэл хууль, УИХ-ын бусад шийдвэр, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн талаар зарчмын өөр саналтай бөгөөд уул саналыг УИХ буюу Ерөнхийлөгч хүлээн аваагүйгээс Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, хоёрт УИХ, Засгийн газарт итгэл хүлээлгээгүй бол огцрох ёстой. Эл заалт Ерөнхий сай¬дын энэ тохиолдолд хамаарахгүй.
Үүнээс гадна процедурын асуудал гэж бий. Хуулиа зөв хэрэглэх. Юутай ч шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ юу гэж үзэж байна гэдэг их чухал үндэслэл болно. Тухайлбал улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д Засгийн газрын өнөө¬гийн бүрэлдэхүүнтэй нэг баг болж ажиллана гэж шинэ Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар бүрэн эрхийнхээ хүрээнд мэдэгдвэл нэгэнт урьд томилогдсон бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх илүү ажил хийх шаардлагагүй болов уу.
Өөр нэг асуудал бий. Одоогийн Засгийн газар нь “хамтарсан” хэмээдэг. Эвслийн энэ Засгийн газарт намуудын тохиролцоо гэж байдаг шиг бололтой. Яг байдгийг нь би үзсэн биш. Тиймээс тэр асуудал хөндөгдөж магадгүйг эвслийн намууд ярилцаж тохирох зүйл байж болох. Ийм зүйл байвал огт хэрэгсэхгүй, мэдээгүй дүр эсгэн өнгөрч болохгүй. Энэ асуудал гэнэт гарч ирж болох учраас УИХ түүнд хариу өгөхөд бэлэн байх учиртай.
Ер нь аль болохоор улс төрийн хэрүүл шуугиангүй шийдчихвэл өнөөгийн нөхцөлд тохиромжтой гэж бодож байна. Би энэ бүхнийг хууль зүйн сонгодог ойлголттой холбож яриагүй гэдгийг ойлгоно биз дээ. Монгол Улсын хуулийн өнөөгийн практиктай холбон хэлж байна. Харин намуудын тохиролцоо бол хууль биш. Ил тод биччих-сэн хуулиар нь тайлбарлав. Илүү зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Энэ дашрамд С.Баярт сайн сайхныг хүсье.