Я.Батсуурь: Тавантолгойн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдах боломжгүй
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 20 хувийг иргэдэд олгохыг Засгийн газар дэмжсэн нь хэр зүйтэй бодлого вэ?
Манай улсын эдийн засгийн хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь уул уурхайгаас хэт хамааралтай болох. Уул уурхайгаас бусад салбар дорвитой хөгжиж чадахгүй байгаа. Хүн бүр уул уурхайг сонирхдог болсон. Хөрөнгө оруулагчид ч энэ салбарт харьцангуй илүү хөрөнгө хаяж байгаа. Энэ бол эдийн засгийн хувьд аюултай үзэгдэл. Ийм нөхцөлд бид уул уурхайгаас бусад салбараа татварын бодлого, хөрөнгө оруулалт.татаас төрийн бодлого зэргээр дэмжиж хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тавантолгойн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах тогтоолыг өнгөрсөн жил УИХ-аар баталсан. Энэ нь уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийнхээ мөнгийг Тавантолгой руу татан оруулж буй явдал гэж үзэж болно.Тэгэхээр Монголын эдийн засаг уул уурхайгаас улам хамааралтай болоход түлхэц өгч байгаа юм. Тиймээс уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаагаа явуулж буй компаниудыг Тавантолгой руу татаж оролцуулах нь буруу.
Үндэсний аж ахуйн нэгжүүдийг тоолох асуудал үнэхээр будлиантай болж байна. Эхний ээлжид манай улсад 20-30 мянган компани байдаг гэж тооцож байсан нь 40 мянга болоод одоо бүр 50 гараад явж байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр аж ахуйн нэгж худалдаж авна хэмээн зарлаж, ченжийн үйл ажиллагаа их дэлгэрсэн. 50 мянган компани бүртгэлтэй гэж үзвэл тэдний талаас илүү хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй, чагтан тайлан гаргадаг аж ахуйн нэгжүүд бий.
Гэтэл нөгөө талд нь олон тэрбумын татвар улсад төлдөг, олон зуун ажлын байр бий болгосон компанийг үйл ажиллагаа явуулдаггүй компанитай нэг дэнсэн дээр тавьж,Тавантолгойн хувьцааг худалдах нь шударга бус юм. Үндсэн хуульд байгалийн баялаг бол ард түмний өмч гэж заасан байдаг шүү дээ. Тэгэхээр ингэж хуваарилах нь Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байгаа хэрэг. Энэ утгаараа бид
Тавантолгойн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах боломжгүй юм.
Хэрэв худалдвал шударга бус хуваарилалт болно гэж үзсэн хэрэг. Үүнийг эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг бий. Үүнд "Монгол 999" нэгдэл багтана.Тэднийг хувьцаанд оролцуулах бус Тавантолгойн орд газарт тодорхой газар зааж өгч, олборлолт явуулах замаар оролцуулах нь зөв гэж үзэж байгаа.