Я.Батсуурь: “Эрдэнэс таван толгой” олборлолтоо зогсоохоос өөр аргагүйд хүрлээ
2012.11.05

Я.Батсуурь: “Эрдэнэс таван толгой” олборлолтоо зогсоохоос өөр аргагүйд хүрлээ

“Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь томилогдсон билээ. Шинэхэн захиралтай “Эрдэнэс Таван толгой” компанийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Та ажлаа хүлээн аваад Таван толгойн ордын үйл ажиллагаатай танилцаад ирсэн.  Өнөөдрийн байдлаар нүүрс олборлолт хэр явж байна вэ?


-Таван толгой бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэх томоохон ордын нэг. Энэ ордыг эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлтөд маш том хувь нэмэр түлхэц болно. Тус компани хоёр жилийн өмнө олборлолтоо эхлүүлж, өнгөрсөн онд нэг сая тонн нүүрс олборлосон. Энэ жилийн хувьд гурван сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй тонныг тээвэрлээд байна. Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Худалдаа хөгжлийн банк, “Голомт”  банкнаас нийтдээ 140 орчим сая ам.долларын зээл авсан. Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас урьдчилгаанд 350 сая ам.доллар авч үйл ажиллагаа явуулж байна. Тус ордод 400 гаруй ажилтан ажиллаж байгаагийн 300 орчим нь уурхайчин.

-Хятадын “Чалко” компанид нүүрсээ 70 ам.доллараар тооцож өр барагдуулахаар 350 сая ам.доллар зээлсэн. Энэ өрийг барагдуулж дууссан уу?


-Харамсалтай зүйл гэвэл “Чалко” компаниас авсан нийт мөнгөний 200 гаруй сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөгийг сонгуулийн өмнө “Хүний хөгжил сан”-д зарцуулчихсан. Үлдсэнээр нь тоног төхөөрөмж авсан юм билээ. Үүнээс болж тус компанийн санхүүгийн байдал туйлын хүнд, үйл ажиллагаагаа явуулах зардалгүй болчихоод байна. Иймээс “Хөгжлийн банк”-наас 100 сая ам.долларын зээл авлаа. Энэ зээлээр үйл ажиллагааг нь явуулах амь тариа хийлээ. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ойрын хугацаанд “Хөгжлийн банк”-наас 200-300 ам.долларын зээл авахаар ярилцаж байна.

-“Чалко” компанитай нэг сая тонн нүүрс олборлож  дуустал тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тогтвортой байлгахаар  гэрээ хийсэн. Нэг сая тонн нүүрс олборлож дуусангуут тус компанийн үнээр явж эхэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс 70 ам.доллараас буурч өнөөдрийн байдлаар 56 ам.долларт хүрчихлээ?


-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уруудаж байгаа нь бидэнд ч хүндрэл учруулж байна. “Чалко” компанитай нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар зарах гэрээ байгуулсан. Гэхдээ дэлхийн болон Хятадын зах зээл дэх нүүрсний үнээс шалтгаалан индексээр өгсөх, буурах гэрээтэй юм билээ. Өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас манайд 56,9 ам.доллар болоод байна. Гэтэл манай компани нүүрсээ энэ үнээс дутахааргүй зардал гаргаж байж олборлодог. Тийм учраас ерөнхийдөө ямар ч ашиггүй ажиллахаар байна. Энэ бүхнээс шалтгаалан хоёр өдрийн өмнө “Чалко” компанийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцээр хийсэн. Компани алдагдалтай ажиллаж байгаа учраас олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болоод байна гэдгээ тус компанийнханд хэлсэн. Тэдний зүгээс манай нөхцөл байдлыг сонсоод эргээд хариу өгөхөөр болцгоосон. Тодорхой хэмжээгээр нааштай шийдэх болов уу. Тэгэхгүй бол бид олборлолтоо зогсоохоос өөр аргагүй.

-“Чалко” компаниас ямар хариу ирэх бол хэмээн урьдчилан тааварлаж байна. Гэрээний нөхцөлөөр тус компанид дангаараа ноёрхох эрх олгочихсон шүү дээ?

- Гэрээ нь үнэхээр хатуу нөхцөлтэй хийгдсэн юм билээ. 350 сая ам.долларын өрийг нүүрсээр барагдуулж  дуустал нэг ч тонн нүүрс бусад компанид зарах эрх байхгүй. Хятадын бусад компани манайхаас арай өндөр үнээр авах санал тавиад байгаа. Гэтэл гэрээний нөхцөлөөр таван жилийн хугацаанд нүүрсээ нийлүүлнэ. 350 сая ам.доллараа төлж дуусангуут нийт олборлох нүүрснийхээ 30 хувийг өөр компанид зарах эрхтэй болох юм. Хатуу мөртлөө муу гэрээ хийсэн учир засч залруулах талаар “Чалко” компанитай яриа хэлэлцээр эхлүүлээд явж байна.

-Санхүүгийн байдал хүнд байдаг. Гэтэл бүтээн байгуулалт дэд бүтцийн олон төсөл хүлээгдэж байгаа шүү дээ. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьж байгуулах гээд л?

-Таван толгойн ордыг тойруулаад хэд, хэдэн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар боловсруулаагүй нүүрс цаашид үнэд хүрэхгүй нь тодорхой болж байна. Иймд эхний ээлжинд  нүүрсээ боловсруулах, угааж баяжуулах  үйлдвэр барина. Энэ талаархи ажлуудад ерөнхийдөө ахиц гарсан. Австрали, АНУ-ын хамтарсан компани ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна. Угаах үйлдвэрийг ажиллуулахын тулд ус, цахилгаан хоёр хамгийн хэрэгтэй. Засгийн газраас  усны асуудлыг шийдэхийн тулд Орхон голоос газрын гүнээр говь руу ус татах ажлыг эхлүүлж байгаа ч олон жилийн хугацаа шаардлагатай. Үүнээс шалтгаалан бид ажлаа хоёр, гурван жилээр хойшлуулж болохгүй. Тийм учраас Дорноговь аймгийн Балгасын улаан нуурын усыг авч ашиглахаас өөр аргагүй. Нутгийн иргэд нуурыг ашиглуулахгүй гээд ИТХ нь тусгай хамгаалалтад авчихсан. Үүнээс болоод усны төсөл хойшилчихсон. Нутгийн иргэд, удирдлага Монгол орны энэ том бүтээн байгуулалтын ажлыг ойлгож нуурыг ашиглуулах байх аа гэж найдаж сууна. Балгасын нуурын усыг Орхон голын төсөл хэрэгжих хүртэл түр хугацаанд ашиглана шүү дээ. Цахилгаан станцын төсөл дээр идэвхтэй ажиллаж байна. Германы “Симинс” компани ТЭЗҮ-г бэлэн болгосон. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг сайн ажиллаж ойрын хугацаанд хоёр чиглэлийн төмөр зам барихаар болсонд баяртай байгаа.

-Таван толгойн хувьцааг Хонконг, Торонтогийн биржид гаргах асуудал юу болж байгаа бол. 1072 хувьцаа эзэмших иргэдэд ч бас хүлээлт бий болов уу?


-Хувьцаа IPO хийхэд нэлээд бэлтгэл ажил шаардлагатай. “Голдман сакс”, “Дойче” банк хамтран зөвлөхөөр ажиллаж байна. Нүүрсний үнэ буурч байгаа учраас өнөөдрийн байдлаар IPO хийж, хувьцаа гаргах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийн байдал хүнд, нөгөө талаар нүүрсний үнэ буурч байгаа тул яаран хувьцаа гаргах нь оновчтой биш. Ирэх оны хоёрдугаар хагасаас нааш хувьцаа гаргахгүй. Иргэдийн 1072 хувьцааны хувьд компани хөл дээрээ босч, үр ашгийг нэмэгдүүлж, олборлолт, экс­портыг нь нэмэгдүүлсэн цагт иргэддээ ногдол ашгаасаа өгөх боломжтой. Түүнээс биш дэд бүтэц барих гэж байгаа мөнгийг нь төр засаг хурааж аваад өмнөх шигээ иргэдэд тараавал энэ асуудал улам л хойшлогдох болно. Шинэчлэлийн Засгийн газар манай компанийг хөл дээр босгох тал дээр анхаарч ажиллаж байгаад баяртай байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.