Д.Ганхуяг: "Рио Тинто"-д монголчууд төлөх зээл, хүү нь нэмэгдсэн
2012.10.26

Д.Ганхуяг: "Рио Тинто"-д монголчууд төлөх зээл, хүү нь нэмэгдсэн

Манай улсын валют олдог ганц салбар уул уурхай. Гэтэл ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд хямдрах төлөвтэй болсон. Тэр дундаа манай коксжих нүүрсийг худалдан авагч Хятадад нүүрсний үнэ уначихлаа. Иймд улсын төсөв хүндрэхэд тулаад байна . Тус улс гангийн үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж, хөрөнгө мөнгө төсөвлөж байгаа нь өнөөдөр нүүрсний үнийг жаахан ч атугай өндийхөд нөлөөлжээ. Гэвч өмнөх  шигээ өндөр үнэд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Шинжээчид ирэх онд дэлхийн санхүү эдийн засгийн хямралын хоёр дахь давалгаа эхэлнэ гэж байгаа. Нийгэм, эдийн засгийн энэ таагүй үед Монгол Улс ирэх жилийнхээ төсвийг батлахаар хэлэлцэж байгаа билээ. Монголбанкнаас ирэх оноос инфляцыг нэг оронтой тоонд оруулж ирнэ гэдгээ илэрхийлсэн.  Өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ, инфляц буурахад улсын валютын орлого, эдийн засгийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Энэ бүгд нь зөвхөн ашигт малтмалын үнэ ямар байхаас шалтгаалах юм.
Ийм эгзэгтэй цаг үед Засгийн газар, Уул уурхайн яам ямар бодлого баримтлах талаар сайд Д.Ганхуяг болон бусад мэргэжилтэн нь дараахь  мэдээллийг өглөө. Уул уурхайн сайд Д.Ганхуяг  “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд анхны хөрөнгө оруулалт  4.7 тэрбум ам.доллар гэж тусгажээ.


Гэтэл хөрөнгө оруулалт нь өнөөдөр 7.1 тэрбум ам.доллар гэсэн мэдээлэл байгаа.  Энэ хөрөнгө оруулалтын аль нь анхны хөрөнгө оруулалт болох аль нь энгийн гэдгийг нь тогтоох шаардлагатай. Бас “Рио Тинто” далд уурхайд 3-4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж албан ёсоор мэдэгджээ.  Хөрөнгө оруулалтын зардал өссөн” гэв. Тэгэхээр хууль, гэрээнд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэлдээ өөрчлөлт оруулах ёстой. Гэвч одоогоор энэ өөрчлөлтийг оруулаагүй байна хэмээсэн юм.


Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал өсвөл ашиг багасна. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдвэл Монгол Улсын зээлийн хэмжээ, болон хүү нь нэмэгдэх юм. Иймд энэ нь Монгол Улсын эрх ашигтай шууд холбоотой асуудал болж байгаа аж.


Тэрээр цааш нь “Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий”  гэлээ. Ингээд уг асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудад гурван удаа албан бичиг илгээж хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байна. Хөрөнгө оруулагч  тал гэрээний 15.28 -д “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалт бий.

 

Түүнчлэн 2011 оны аравдугаар сарын 6-ны хамтарсан мэдэгдлийн хоёрт “Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” гэсэн заалтыг тус тус дурдаад гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн ажээ. Уул уурхайн яамнаас “УИХ-ын  дээрх тогтоолоор гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Мөн гэрээнд гарын үсэг зурсан талууд түүгээр тодорхойлогдсон эрх үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж харилцан тохиролцсон юм” хэмээн тайлбарлалаа.


Оюу толгой төслийн бүтээн байгуулалт дуусч цахилгаан хангамжийн асуудлаа шийдэх л үлдээд байгаа. Гэрээ ёсоор ордыг ашиглаж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор цахилгаан станц барих ёстой. Засгийн газар Таван толгой ордыг түшиглэж цахилгаан станц барих саналтай байгаа. Гэтэл Оюу толгой төслийг хэрэгжүүлэгчид Хятадын Баяннуур мужаас цахилгаан авах гэрээ хэлцэл хийж буй юм. Тус мужийн захиргаа манайхаас цахилгаан авбал баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг заавал бидэнд нийлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Одоогийн байдлаар Оюу толгой компанид цахилгаан станц барих зөвшөөрөл олгосон. Гэхдээ үүнийг барих мөнгө нь төслийн хөрөнгө оруулалтын зардалд орохгүй. Цахилгаанаа борлуулж хөрөнгө оруулалтаа нөхөх болзолтой аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.