Улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан бэлтгэгдэж байна
2025.03.18

Улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан бэлтгэгдэж байна

Өнөөдөр (2025.03.18) Олон улсын нийгмийн ажлын өдөр тохиож байгаа бөгөөд “ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛЭХ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЕ ХООРОНДЫН ЭВ НЭГДЛИЙГ БЭХЖҮҮЛЭХҮЙ” уриан дор нийгмийн ажлын салбар бүрийн төлөөллүүд идэвхийлэн оролцож, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлыг сурталчлах, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэгдэж байна. 

Нийгмийн ажлын олон улсын холбооноос санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 3 дугаар долоо хоногийн Мягмар гарагт дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэдэг.

  • "Нийгмийн ажлын өдөр”-ийг Монгол Улс 1997 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Тухайлбал нийгмийн хөгжилд оруулж буй нийгмийн ажилтнуудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлан, таниулдаг өдөр юм.
  • Энэ жил Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээр анхан шатны нэгжид улсын хэмжээнд нийтдээ 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон.
  • Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.

Нийгмийн ажил гэж юу вэ? Нийгмийн ажил нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, нийгмийн эв нэгдлийг дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хангах, тэднийг чадавхжуулахад чиглэсэн практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил юм.