2011.08.17
Су.Батболд:Тавантолгойд японыг оролцуулах асуудлыг хүчтэй тавина
УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Су.Батболдтой ярилцлаа. Тэрбээр Тавантолгойд Японыг заавал оролцуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж байна. Удахгүй уяач аавынхаа алдар хүндийг дурсаж,нэрэмжит наадмыг нь зохион байгуулахаар төлөвлөжээ.
-Тавантолгой төслөөс Японы компаниудыг хассан гэх асуудал багагүй дуулиан дэгдээсэн. УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд энэ талаар ямар мэдээлэл, байр суурьтай байна вэ. Япончууд бодвол Тантай уулзсан л байх?
-Долдугаар сарын эхээр анх Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийж, Тавантолгой төслийн эхний явцын талаар мэдээлэл гарсан байсан. Үүний дараа манай булгийн гишүүд надад хандаж, Засгийн газрын Тавантолгой төслийн мэдээлэлд Японы компаниудын нэр алга байна, учир начрыг нь тодруулна уу гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу би ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар сайдтай уулзаж, учир байдлыг тодруулсан. Мөн энэ асуудлаар Монголд суугаа Японы Элчин сайд уулзсан.Миний урилгаар саяхан айлчлал хийсэн Японы парламентын доод танхим дахь Япон, Монголын парламентын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Кога яг энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн.
Энэ хүн ирэхдээ Японы Ерөнхий сайд Каны захидлыг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад гардуулсан.Тавантолгойн төсөлд Оростой хамтарсан Японы компаниудын төлөөлөл мөн хүсэлт тавьж уулзалт хийсэн.Тус улсын Гадаад яамны Азийн газрын захирал нь бас Монголд хүрэлцэн ирж, энэ асуудлаар хандсан. Уулзсан, хандсан бүх л хүн Японы тал энэ төсөлд оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс бид Тавантолгой төслийн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед асуудлыг хүчтэй тавихаар төлөвлөж байна.-Ч.Хүрэлбаатар сайд юу гэж тайлбарлаж байх юм бэ?
-Оросын компанитай япончууд хамтран оролцож байгаа гэж Засгийн газар үзэж байгаа юм билээ. Мөн Хятадын "Шинхуа"групптэй Японы "Мицуй" корпорацийг хамтарч оролцсон гэж хэлсэн. Нэгэнт хамтарч байгаа учраас Японы компанийг дангаар нь шалгаруулах бололцоо байгаагүй гэсэн тайлбар өгсөн.Японы төлөөлөгчид бид хамтарч орсон нь үнэн.
Гэхдээ анх Засгийн газарт тендерийн материалаа ОХУ, Япон, Солонгосын консерциум гэсэн нэрээр өгсөн. Мөн БНХАУ-ын "Шинхуа" ,Японы "Мицуй" хоёрын хамтарсан консорциум гэсэн нэрээр материалаа өгсөн. Гэтэл Засгийн газар Орос, Хятад гэж зарлаад, Японы компанийн нэрийг зарлаагүй нь гайхшрал төрүүлж байна гэсэн. Гэхдээ Засгийн газар гэрээний төслөө УИХ-д албан ёсоор өргөн бариагүй учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй байна.-Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Миний хувийн байр суурь бол Монголын томоохон стратегийн энэ ордод Японы оролцоо байх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилсан. Мөн С.Баяр Ерөнхий сайд байхдаа Японд айлчилж, хоёр орныг стратегийн түншүүд гэдгийг тодорхойлсон. Энэ утгаараа Монгол, Япон эдийн засгийн бодит агуулгатай стратегийн түншүүд байх учиртай. Тавантолгой төсөлд Япон оролцвол энэ харилцаа, хамтын ажиллагаанд бодит алхам гарах юм.-Япончууд Тавантолгой төсөлд ямар байр суурьтай оролцох бодолтой байгаа юм бол. ТӨХ-ны дарга Д.Сугарын мэдээлснээр япончууд нүүрс боловсруулах технологио оруулж ирэхээс цааргалсан гэсэн байсан. Энэ тухай танд мэдээлэл байна уу?
-Засгийн газрын гэрээний нөхцөлтэй танилцаагүй учраас яг ямар нөхцөл тавьж, ямар шалгуураар шалгаруулсныг сайн мэдэхгүй байна. Японы тал мэдээж албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-аар гэрээний төслийг хэлэлцээд эхлэнгүүт асуудлыг тодорхой тавих бодолтой байна. Ер бол япончууд төсөлд оролцох байр сууриа нэлээн тодорхой тавья гэсэн. Бидэнд хандсан юм ч бий. Гэхдээ үүнийг албан ёсоор УИХ дээр ярих ёстой болов уу.-Ээлжит бус чуулганы сураг байна уу. Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх тодорхой хүлээлт үүсээд байна л даа.
-Миний хувьд есдүгээр сарын эхээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Тавантолгойн асуудлыг хэлэлцэх ёстой л гэж үзэж байгаа. Тавантолгойн асуудал нь өөрөө улс орны амин чухал эрх ашигтай холбоотой зүйл. Тэгээд ч аравдугаар сар гарсны дараа Тавантолгой, сонгуулийн хууль, төсөв гээд бүх л юм давхцах гээд байна. Тиймээс хамгийн том асуудлаа эхлээд шийдэх нь зөв. Ер нь есдүгээр сарын-1-н гээд бүх хүмүүс ажилдаа, хүүхдүүд хичээлдээ орчихсон байхад УИХ ажиллахад яагаад болохгүй гэж.-Сонгуулийн хуулиар намууд ойлголцож чадалгүй чуулган завсарласан. Та тойрогтоо ажиллахдаа сонгогчдын санал бодлыг мэдээж тандсан байх. Сонгогчид ер нь энэ талаар ямархуу бодолтой байх шиг байна?
-Сонгуулийн хууль улстөрчид, улстөрийн намуудад шууд хамаатай шиг иргэдэд ч чухал хууль. Хамгийн гол нь иргэдэд хэнийг яаж сонгох вэ гэдэг эрхийг нь үлдээх ёстой. Аль нэг намын төлөө саналаа өгөөд нам нь хэнийг сонгохыг шийддэг байх нь бидний дасаж, сурсан зүйл биш гэдгийг онцолж байна. Хүмүүс пропорциональ, мажоритар гэсэн онолын ухагдахууныг мэдэхгүй ч өөрсдөө барьж, имэрч үзэж байж сонгодог тэр л байдлыг хэвээр үлдээх ёстой. Иргэдээс сонгох эрхийг нь булааж болохгүй шүү гэдгийг манай туршлагатай хүмүүс, настайчууд хэлж байсан. Тэгэхээр бид энэ санал бодлыг харгалзах ёстой. Нөгөө талаас улс орны эрх ашгийг харгалзах ёстой. Тэгэхээр аль аль талыг нь харгалзсан холимог хувилбарын хамгийн зохистой тогтолцоог олж батлах нь зүйтэй.-Таныг удахгүй аавынхаа нэрэмжит наадмыг хийхээр бэлтгэж байгаа гэж сонслоо. Та ч бас морь уядаг байх аа?
-Манай аав бол Монгол Улсын анхны алдарт болон манлай уяач цолыг авсан хүний нэг. Аав маань монгол адууг уяж сойх эрдмийг төгс эзэмшсэн хүн байсан. Бүхэл бүтэн адууны угшил бий болгосон. Миний хувьд аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх нь нэр төрийн хэрэг гэж үздэг. Тиймээс хурдан удмын адуунаасаа орон нутгийнхандаа өгч үржил угсааг нь сайжруулах ажлууд хийж байгаа.Энэ жил нийтдээ 10 сумын Мал эмнэлэг үржлийн албанд хурдан удмын адуу өгсөн.
"Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдсан ажлыг мөн зохион байгуулсан. Аавынхаа алдар хүндийг дурсах үүднээс үр хүүхдүүд нь наадам зохион байгуулдаг болсон. 2008 онд анхныхаа наадмыг хийж байсан. Энэ жил хоёр дахиа зохион байгуулах гэж байна. Аавын минь морь уяж, хурдлуулж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Долоон гэж газар байдаг. 70, 80-аад оны үед тэнд Монголын хамгийн том сунгаа болдог байлаа. Энд бид ирэх 25-ны өдөр бэсрэг наадам хийж, их нас, дааганы уралдаан зохион байгуулах юм. Энэ нь малчид хөдөл-мөрчдийн мал сүргээ сайн өсгөж үржүүлсэн явдалд урам зориг өгнө гэж бодож байна. Миний хувьд морь уяна аа. Аавынхаа наадамд ч морио уралдуулна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.