Д.Ганхуяг: Япончууд Тавантолгойн тендерийг ил тод явагдах ёстойг сануулсан
2011.07.27

Д.Ганхуяг: Япончууд Тавантолгойн тендерийг ил тод явагдах ёстойг сануулсан

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Сайхан зусаж байна уу. УИХ-ын чуулган завсарлаж гишүүд ч амралтын байдалтай байх боллоо. Таны хувьд энэ хугацаанд хаагуур ямар ажил амжуулж явна вэ гэдгийг тань сонирхъё?

-Монголчууд бүгдээрээ дэнж хотойтол, сэтгэл сэргэтэл сайхан наадамлалаа. 13-24-ний хооронд Архангай аймгийн Цахир сумын нутаг Тэрхийн цагаан нуурын орчимд нутаглаж байгаа ээж дээрээ очоод ирлээ. Сайхан ч зун болж байна. Хэд хоног морь унаж ,өглөө эрт босоод толгой ч сэргэг байна шүү. Ингээд хэд хоног сайхан амарч байгаад хотод ирлээ. Учир нь бүхий л түвшинд ажил хэргийн харилцаатай Япон улсын төрийн байгууллагын төлөөлөгчид айлчилж байна. Мөн чуулган болгоны завсарлагаар тойргийнхоо иргэдтэй хийх ээлжит уулзалтуудаа зохион байгуулна. УИХ-ын gankhuyag_02гишүүн Ч.Сайханбилэг, З.Алтай, Ц.Батбаяр бид хэд хамтраад тойргийнхоо 36 хороо, 300 гаруй мянган иргэнтэй уулздаг юм. Чуулганы үеэр ажил ихтэй тул тэр бүр сонгогчидтойгоо уулзаж амжихгүй шахуу л явах юм. Түүнчлэн 2008-2012 оны УИХ-ын үйл ажиллагаа дуусах дөхсөн ч гол хэлэлцье гэсэн хуулиуд орхигдоод байна. Улстөрийн намын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн батлан даалтын сангийн тухай хуулиудыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс гадна 1995 оноос өмнө Цэргийн албанд ажиллаж байгаад гарсан хүмүүсийн тэтгэвэр их бага тогтоогдсон. Үүнийг УИХ-ын тогтоолын төслөөр нэгтгэж ярилцаж байгаа гэх зэргээр яривал нэлээн олон хуулийн төсөл дээр ажиллах шаардлага бий.

-Японы ерөнхий сайд Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод захидал илгээжээ. Тэрхүү захидалдаа Таван толгой төсөл дээр хамтарч ажиллах саналыг эргэн хараач гэсэн хүсэлт ирүүлсэн гэж байсан. Японы ажил хэргийн төлөөлөгчидтэй уулзаж байхад Таван толгойн асуудалд ерөнхий сайдынхаа захидлаас гадна өөр тодорхой байр суурь илэрхийлсэн үү?

-Япончууд их л гайхширсан байдалтай байна билээ. Учир нь Монгол Улс ардчилсан орон. Хоёр хөрштэй нь харьцуулахад хүний эрхийг дээдэлдэг улс гэж япончууд үздэг гэдгээ илэрхийлж байсан.Тиймээс олон улсын хууль эрх зүй Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд нийцсэн байдаг гэж ойлгодог. Тийм ч байх учиртай. Анх Таван толгойн тендерийн шалгаруулалтын явцыг ажиглахад ОХУ, Япон, Солонгосын компаниуд консерциум болж орсон байсан. Хятадын компанитай Японы комцани ч мөн консерцуим болсон гэнэ. Монгол Улсын Засгийн газар ч шалгаруулалтыг хийсэн байгаа юм. Шалгаруулахдаа консерциумуудыг ерөөсөө ямар ч хамааралгүй болгож, хуваарилалтыг хийсэн. Энэ бол утгагүй асуудал.Угтаа Засгийн газар УИХ-аас гаргасан хууль тогтоолыг ягштал биелүүлж, биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага. УИХ 39 дүгээр тогтоол гэж гаргасан. Тэр дагуу Таван толгойн төсөл орж ирэх ёстой болов уу гэж бодож байна. Албан ёсоор танилцуулга нь УИХ-д орж ирээгүй. Зөвхөн намын бүлэг дээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг товчхон мэдээлэл хийсэн. Албан ёсны мэдээлэл орж ирээгүй учраас юу ярих вэ.

-Хуваарилалтын хувьд монголчууд гурав дахь хөршөөр Япон, Солонгос бус АНУ-г сонголоо. Энэ нь таны" бодлоор хэр оновчтойшийдвэр вэ?

-Сонин хэвлэлээр гарсан мэдээлэл төдийхөн л байна. Миний сонсож мэдсэнээр Хятадад 40, Орос-Монголын консерциумд 18+18, АНУ-д 24 хувь оногдсон гэдэг мэдээлэл авсан. Ер нь бол анх зарласан консерциум гэдэг тогтолцоогоороо явах ёстой. Тэгэхгүй шалгаруулалт явуулах мөчид консерциумыг ярьж байснаасаа өөрөөр шалгаруулчихаар Монгол Улсын нэр хүндэд л муухай биз дээ. Ингээд тусад нь задлаад зарлахаар нөгөө АНУ, Солонгос, Япон чинь Монгол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон гэдэг нь хаана байна гэж гайхаад байгаа юм. Эцсийн дүндээ манай төр засгийнхны аман тохироо хийж хил дамнаж наймаа хийдэг занг Үндсэн хуулиараа цэгцэлчихсэн гэж бодсон чинь эндүүрсэн бололтой. Асуудал УИХ-д орж ирээгүй учраас дүгнэх хэцүү байна. Хоёрдугаарт тусгаар тогтносон бие даасан ардчилсан улс орны ард түмний эрх ашиг гэж байхгүй болно.

УИХ-ын ЭЗБХ-ноос гарсан Таван толгойтой холбоотой УИХ- ын тогтоолын төслийн гол зарчим нь манай намын бүлгийн ажлын хэсгийн санал дээр тулгуурлагдсан байдаг. Сүүлийн хоёр заалт дээр жаахан засвар орсноос өөрөөр өөрчлөгдөөгүй. Тэр бүхнийг баримтална даа. Энгийн жишээ ярья л даа. Ухаа худгийн нүүрсний уурхай олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад 20 хувийг нь зарахын тулд 650 сая доллар төлсөн байдаг. Таван толгойн коксжих нүүрсний нөөц Ухаа худгаас тав дахин илүү. 20 хувийг нь зарахад тав дахин илүү учраас 3.2 тэрбум доллар болох ёстой болж байгаа биз. Энэ тохиолдолд заавал гадныхнаас зээлэх шаардлагагүй. Манайхан 1990 оноос хойш томилолтоор гадагшаа их явлаа. гэвч өмнөх сэтгэлгээгээ засаагүй учраас энэ мэтийн зүйл дээр үр дүн харагддаггүй. Нэг очихдоо нэг юм яриад дахиад өөр зүйл яриад явчихна. Гадныхан энэ занг л гайхдаг юм билээ. Манай төсөлд оролц, ирээрэй гэчхээд байдаггүй. Зах зээлийн шударга эрх зүйт нийгэмд дэлхийн хамтын нөхөрлөлийн орон яаж оролцох үүрэгтэй вэ гэдгээ ч  ойлгоогүй. Социализмын үеийн боловсролоороо асуудалд хандаж байгаа нь харамсалтай санагдахаас өөр юу гэх билээ.

-Хуваарилалт хэдийнэ хийгдсэн ч япончуудын тавьсан хүсэлтийг авч хэлэлцэх боломж бий юу?

-Эхний ээлжид гэрээний төсөл УИХ-д орж ирэх ёстой. Монгол Улс олон улсын тендер зарласан. Үр дүн гарахдаа Консерциум нь зад үсрээд тус тусдаа явчихлаа. Гэтэл ардчилсан, олон улсын гэрээ хэлэлцээр дээдэлдэг орон гэхэд гадагшаа очихоороо манай төрийнхөн юу ярьдаг билээ. Тендер зарлагдахаас өмнө л Хятадад очоод 40 хувиа өгье гэдэг ч юм уу, тиймэрхүү байж болохгүй шүү дээ. Үндсэн зарчим нь шударга өрсөлдөөн байх ёстой. Тэр бүхний эцэст УИХ шударга өрсөлдөөний үр дүнд Монголын ард түмэн хожих ёстой гэдэг асуудлыг гаргаж тавих болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр тийм яриа хэлэлцээр хийгдсэн гэж хэлэх гээд байна уу?

-Ерөнхийлөгчийн ажил үүргийн хуваарь өөр л дөө. Гүйцэтгэх засаглалын ажилд оролцдоггүй хүн. Тэгэхээр тиймэрхүү аман тохироо хийж байгаа Гүйцэтгэх засаг-лалынхан нөгөө сайхан хэлдэг үгээ хэлэх ёстой байх. Уг нь тэгмээр л байна. Манай парламент гэж асуудлыг шийддэг 76 нөхөр бий гэх ёстой байхгүй юу.Тэгээд л өөрсдөөсөө булзааруулж ярих нь зөв гарц болох байсан шүү дээ.

-Тэгэхээр эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг байдлаар асуудалд хандах ёстой байсан гэж үү?

-Япон,АНУ гээд зах зээлд хэдэн зуун жил явчихсан улс орнуудын хувьд хувийн компани нь урдаа явдаг. Араас төр нь дэмжиж өгдөг. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний хэрэглээгээр Япон дээгүүр байр эзэлдэг. Тэгэхээр  манай коксжих нүүрсийг аль нэг орноос дамласан үнээр авах шаардлагагүй л байхгүй юу. Бидний төмөр замын бодлогыг баахан хэрэлдэж байж гаргасан асуудал үр дүнгүй болно. Ингэлээ гээд Японы тухайд улстөрийн байр суурь гаргахгүй. Япон Герман АНУ-ын хувьд шал өөр түвшний улс орнууд шүү дээ. Монгол Улс нээлттэй эдийн засгаар хөгжиж байгаа л юм бол төрийн түшээгийн хувьд энэ байр сууриа илэрхийлэх ёстой. Одоо социализмын үе шиг хил дамнаад панз үүсгээд явдаг үе өнгөрсөн. Мэдээж хоёр хөршөө оруулалгүй яах вэ. Гэхдээ Монголын бүтээгдэхүүнийг хэн нэгэн гадны оронд дамлаж зарах шаардлага байхгүй. Бид шууд зарах боломжтой.

-Японы Ерөнхий сайдын захидалд улстөрийн шинж чанартай зүйл агуулагдсан болов уу, тодруулахгүй юу?

-Ерөнхийдөө Таван толгойд оролцмоор байна. Худалдан авагч болъё.Тендер ил тод шударга явагдах ёстой шүү. Тендер зарлаж баахан бичиг цаас авдаг. Гэтэл консерциум болгоод явсан. Тэр дагуу л явах ёстой. Яагаад ингэсэн юм бэ гэдэг асуудал тавьсан гэж ойлгосон.

-Таван толгойн төслийг монголчууд өөрсдөө хөрөнгө гаргаад босгох чадвартай гэж ярилаа. Хэрхэн яаж?

-Төслийг нээлттэй зарчмаар явуулах хэрэгтэй. Ийм хэмжээний хувьцаа гаргана. Таван орны таван компани бүгдээрээ Засгийн газар УИХ нь аль хэдийнэ албан ёсоор байр сууриа илэрхийлсэн байх ёстой. Хязгаарлагдмал тендерийг манай хөрөнгийн бирж дээр зарлаж болно. 10-аас доошгүй хувийг энд зарах ёстой л байхгүй юу. Тэр дотроо Хятад, Орост тэдэн хувийг өгнө гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхгүй ямар үзүүлэлтээр 40, 18 хувь гэж шийдэж байгаа юм бэ. Ямар шинжлэх ухаан геполитикийн үзүүлэлт байгаа юм бэ гэдэг л их сонин байна. УИХ лав л тийм шийдвэр гаргаагүй. Хоёрт 500 сая доллар буцалтгүйгээр 500 сая доллар зээлээр авна гэнэ. Хамгийн наад зах нь Ухаа худгаар тооцоход орд газрын хувьд тав дахин том гэхээр 20 хувь нь 3.2 тэрбум доллар болно. Монгол Улс тэр 20 хувийг олон улсад гаргаад зарахад орж ирэх хэмжээний мөнгийг Засгийн газар яриад байна. Өөрсдөө мөнгө босгочхоод ямар ч өр зээлгүй төмөр замаа тавья л даа. Нөгөө улс орнууд ч гэсэн шударга өрсөлдсөн юм чинь янз бүрийн хэл ам гаргахгүй. Монгол үнэхээр ардчилсан орон юм гэж л яригдах ёстой байсан. Гэтэл нэг нь очоод хэдэн хувь авах вэ гэж яриад явж болохгүй биз дээ. Монгол Улсын хууль тогтоомжоор бүх зүйл хуулиар хориотой.

-Нийтлэлч Б.Баабар саяхан Паскалын гурвалжин нэртэй нийтлэл бичжээ. Уг нийтлэлдээ Таван толгой шиг сайн төсөл байхгүй, Ерөнхий сайд бизнесмэн хүний гүйлгээ ухаанаар энэ том төслийг хөдөлгөлөө гэж ирээд магтсан байх юм?

Б.Баабарын нийтлэлийг уншсан. Ардчилсан улс орон учраас хүн бүр л байр сууриа илэрхийлж болно. Тэрийг заавал өөрийнхөөрөө тайлбарлах хэрэггүй. Миний байр суурь бол ерөнхийдөө тодорхой. Ерөөсөө л Ухаа худаг шиг мөнгө босгоод хязгаарлагдмал нөхцөлтэй хийх хэрэгтэй байхгүй юу. Мөнгө зээлж Таван толгойн 50 хувь ч юм уу тийм их нөөцийг нийтээр эзэмших гээд, 500 сая долларыг урьдчилгаа авах хэрэггүй. Төрийн ажил ингэж явж огтхон ч болохгүй. Хоёр-дугаарт Таван толгойг жижиглэн хуваах тусмаа ард түмэнд өгөх хувьцааны үнэ ханш буурна. Жижгэрэх тусмаа иргэдэд очих Эх орны хишиг багасна гэдгийг сайн ялгаж ойлгох хэрэгтэй.

-Таван толгойн гэрээ түүхий болжээ. Ард түмэнд оногдох хувь хишиг тусгагдсангүй гэсэн яриа бий. УИХ-ын   гишүүний хувьдард түмэнд оногдох хувьхишгийн асуудалд хэрхэн анхаарах вэ?

-Хоёр намын амлалт гэж байгаа.Мөн УИХ-ын 39 дүгээр тогтоолд ч бий. Тэртэй тэргүй лиценз нь Монголын төрд байгаа юм чинь санаа зовох хэрэггүй.

-Сүүлийн үед ар араасаа баяр наадмууд давхцаж төрийн ажил хийдэг хүн ховорджээ. Монголчууд зуны улирлыг хэтэрхий назгай өнгөрөөхюм гэж санагдахгүй байна уу?

-Ер нь энэ байдал манайханд жаахан гажигтай үзэгдэл гэмээр юм уу даа. Нэгд татвар төлөгчдийн мөнгөөр баахан наадамлаж, энд тэнд байшингийн шав тавьж, тууз хайчлаад шоудах нь ихэслээ. Ажил хийж байна уу гэхээр дандаа л энд тэндхийн нээлт, баяр ёслолд оролцсон хүмүүс. Ёстой дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг үгийг эрхгүй санагдуулчихлаа. Уг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газрын гишүүдэд тууз хайчлахаас өөр хийх ажил их байгаа шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.