С.Эрдэнэ: 490 орчим тэрбум төгрөг Хүний хөгжил сангийн төсөвт суугаагүй
УИХ-ын гишүүн С.ЭрдэнээсХүний хөгжил сангийнсанхүүжилтийн тухайтодрууллаа.
-Хүний хөгжил сангаас сар болгон иргэн бүрт 21 мянган төгрөг олгож байхаар шийдвэр гарсан. Шаардагдах мөнгийг улсын төсөвт суулгасан тухай УИХ мэдэгдсэн. Харин 21 мянган төгрөгийн санхүүжилт ойр ойрхон тасрах болсонтой холбогдуулаад шаардагдах мөнгө төсөвт суугаагүй тухай зарим гишүүд ярих боллоо?
-Хүний хөгжил сангийн төсөвт 802 тэрбум төгрөг төвлөрөх ёстой. Үүнээс оюутнуудын сургалтын төлбөр, иргэн бүрт олгох 21 мянган төгрөг олгох санхүүгийн эх үүсвэр байх зорилготой том. Харамсалтай нь өнгөрсөн оны улсын төсөв батлахдаа иргэн бүрт олгох 704 орчим тэрбум төгрөгийн 490 тэрбум төгрөгийг эх үүсвэргүй баталсан.Тухайн үед Таван толгойн уурхайн хөрөнгө оруулагчдын урьдчилгаа төлбөрөөс бий болгоно гэсэн тайлбарыг Засгийн газар өгч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Таван толгойн гэрээ хийх нь битгий хэл хөрөнгө оруулагчид нь тодроогүй байна. Харин хөрөнгө оруулагч тодроод гэрээ байгууллаа гэхэд бидэнд шаардлагатай байгаа мөнгийг урьдчилан өгөх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв бидэнд шаардлагатай мөнгийг өглөө гэхэд тэд уурхайн аль болох ашигтай газарт гэрээ гулгуулах замаар хөрөнгө оруулалт хийх болно
-Оюутолгойн гэрээ ч мөн адил бэлэн мөнгөний амлалтаас болж ашиггүй хийгдсэн. Одоо Тавантолгой хөрөнгө оруулах гэрээ хийгдлээ гэхэд мөн адил замаар явах нь?
-Үндэснийхээ гол саалийн үнээ болсон том уурхайнуудаа барьцаанд тавьж төсөв баталдаг орон манайхаас өөр хаана ч байхгүй. Мэдээж Таван толгойд хөрөнгө оруулах гэрээ хийх компани 490 тэрбум төгрөгийг бидэнд өгөхийн тулд олон зүйлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг оролдоно. Манайх гэсэн тэр мөнгийг олж авахын тулд ашигтай хийх гэрээнийхээ боломжуудыг алдана. Монголын талд ашиггүй үйл ажиллагаа явж байна. 21 мянган төгрөг нь ч ашиггүй. Хөрөнгө оруулалтынгэрээ нь ч ямар ч үр дүнгүй болох магадлал байна.
-Хэрэв хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол дараагийн эх үүсвэр гэсэн зүйл байхгүй юу?
-Эх үүсвэр нь зөвхөн Таван толгой. Дараагийн эх үүсвэр гэж огт байхгүй. Дээрх мөнгийг нөхөж хийнэ гэдгээр анх УИХ-д ойлгуулж батлуулсан. Эх үүсвэргүй төсөв батална гэдэг бол маш ноцтой хууль зөрчсөн алхам байсан. УИХ ч гэсэн эх үүсвэргүй төсөв орж ирэхэд нь баталдаг нь хууль зөрчиж байгаа үйлдэл.
-Мэдээж хөрөнгө оруулах эх үүсвэр гарч ирэхгүй бол 21 мянган төгрөгийн олголт зогсоно.Тэр үед иргэд буцаагаад хуулийн дагуу хүсэлт гаргаж болно гэсэн үгүү?
-Иргэд хууль зөрчсөн тухай хариуцлага хүлээлгэж болно. Эх үүсвэргүй төсөв батлахыг хориглох тухай заалт байдаг шүү дээ. Эцсийн бүлэгтээ баахан бэлэн мөнгө амлачхаад хэрэгжүүлэхийн тулд хийж байгаа ажил шүү дээ.Түүнийг шүүмжилдэг сөрөг хүчин нь байхгүй. Нэг нь хууль зөрчиж байхад нөгөө нь нүдээ аниад л өвөр түрүйдээ орчихсон. Эсвэл тохирч хууль зөрчөөд л байж байна.