С.Эрдэнэ: Засгийн газрын 21 мянган төгрөг олгож чадахгүй боллоо гэж үнэнээ хэлээд уучлал гуйх хэрэгтэй
УИХ Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийг батлахдаа ирээдүйд олох орлого буюу Тавантолгойн хөрөнгө оруулагчдаас авах урьдчилгаа төлбөрөөс 400 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхийг "Эрдэнэс Тавантолгой" компанид үүрэг болгосон. Гэтэл энэ тавдугаар сард Хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг олгох хөрөнгийн эх үүсвэргүй болсноос Засгийн газар арилжааны банкнуудаас 25 тэрбум төгрөг зээлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүний хөгжил санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэр дутагдсанаас арилжааны банкнуудаас 25 тэрбум төгрөг зээлж иргэдийн 21 мянган төгрөгийг олгожээ. Ингэж болдог юм уу. Уул уурхайгаас олсон орлогоос иргэддээ хувь, хишиг хүртээнэ гэснээс биш зээл тавьж бэлэн мөнгө олгоно гээгүй биз дээ?
-Монгол Улс шиг ингэж төсвөө баталдаг улс дэлхийд хаана ч байхгүй.Төсвийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох маш чухал хууль. Айлаар бол юу идэж уух, өмсөж зүүх, юугаа түлж гэр орноо дулаацуулах вэ гэдгийг шийддэг. Улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль.Үүнийгээ батлахдаа, за түлээ нүүрсээ хажуу айлын Доржоос зээлээд авна даа гэвэл тэр Дорж нь юугаа түлэх юм.Үүнтэй яг адил Монгол Улсын төсвийг 490-ээд тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан.Үүнийг яаж нөхөх вэ гэхээр Таван толгойн хөрөнгө оруулагчдын урьдчилгаа төлбөрөөс алдагдлыг нөхнө, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийг хийгээгүй байна. Гэрээ байгууллаа ч урьдчилгаа төлбөрийг хэдэн Хувиар хийх нь тодорхойгүй Төсвийн жил бараг талдаа орж байна.Тэгэхэд төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэр одоо болтол бий болоогүй байна. Энэ бол хуулийг ноцтой зөрчсөн хэрэг. УИХ ч өөрөө хуулиа зөрчөөд явж байгаа. Ийм л дүгнэлт гарч байна. Үндсэндээ бол Хүний хөгжил санд 2011 онд төвлөрүүлэх 702 тэрбум төгрөгийн 490 тэрбумынх нь эх үүсвэр тодорхойгүй явж байгаа. Эх үүсвэргүй төсөв баталчхаад өнөөдөр үүнийгээ ирээдүйд олох ашгаас нөхнө гэж байгааг ойлгохгүй байна. Ирээдүйд олох ашиг нь хаа ч яваа юм. Осолдохгүй нэг том орд байгаа нь үнэн. Хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх гэж байгаа гэж ярьж байгаа нь үнэн. Өнөөг хүртэл ажил болоогүй л явж байна. Энэ бол хуулийг ноцтой хэлбэрээр зөрчсөн үйл ажиллагаа.
-Иргэддээ 21 мянган төгрөгийг нь олгохын тулд арилжааны банкнаас мөнгө зээлэхээс өөр арга байгаагүй юмбайхдаа?
-"Эрдэнэс Таван толгой" компани арилжааны банкнуудаас зээл аваад 21 мянган төгрөгийг олгож байгаа юм шиг байна. Гэхдээ энэ талаар нарийн мэдээлэл алга. Нөгөө талаас Таван толгойн хөрс хуулалтыг хийсэн, эхний ээлжид 250 мянган тонн нүүрс экспортлоход бэлэн боллоо гэж яриад байгаа. Энэ мөнгийг хаанаас олсон юм, хэнээс авсан юм. Хөрс хуулалт хийгээд олборлолт явуулах зардал хаанаас гараад ирэв. Дараа нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэх-гүй гэх баталгаа бий юу гээд яривал олон юм байна. Хоёрдугаарт, манайх шиг хөрөнгө оруулалтын гэрээгээ хийгээгүй байж төсвийн алдагдлаа хөрөнгө оруулагчдаас авах урьдчилгаа төлбөрөөс нөхнө гээд батлаад явж байгаа ийм улс орон байхгүй. Яваандаа хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхэд тэд, "За, тэгвэл манайд ийм ийм хөнгөлөлт үзүүл.Тэгвэл урьдчилгаа өгнө" гэвэл юу хэлэх юм. Ингэж өөрт ашигтай гэрээ хийх байтал огт ашиггүй гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлээд байна.
-Өнгөрсөн оны сүүлээр төсөв хэлэлцэх үед зарим гишүүн яг ийм санааг хэлж байсан даа.Төсвийн алдагдлаа Тавантолгойн урьдчилгаанаас нөхнө гэчхээд дараа нь хөрөнгө оруулагчдынхаа аманд орох вий гэж?
-Тэгнэ шүү дээ. Хөрөнгө оруулагчид үүгээр нь барьцаална. Монголын талд ашигтай байх боломжийг хөрөнгө оруулагчид өөрсдөдөө ашигтай болгоно. Бизнес бол бизнес. Ямар нэг найз нөхрийн хувиар ч юм уу, янз бүрийн харилцаа холбоо хамаагүй. Оюутолгойн ордод ямар гэрээ хийчхээд будилаан хутгаж байгаа билээ. Гэтэл Таван толгойг дахиад түүний араас оруулах гэж байна.
-Засгийн газар одоо төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 470 тэрбум төгрөгийн бонд гаргах санал оруулж ирээд байгаа. Энэ нь дээр хэлсэн алдагдлыг нөхөх гэж байгаа юм уу, эсвэл Хүний хөгжил сангийн эх үүсвэр болгож21 мянган төгрөг олгоход зарцуулах гээд байна уу?
-Бонд гаргах асуудал дээр анхааралтай хандахгүй бол болохгүй. Жишээ нь, "Зоос" банканд олгосон 100 тэрбум төгрөгийг ямар байдлаар зарцуулсан, яасан ийсэн гэдэг нь эргэлзээтэй. Энэ бондын хүү нь маш бага, жилийн 0,1 билүү 0,2 хувь байсан. Хүүгүй шахам бонд гаргасан. "Зоос" банканд байсан үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахад тухайн банк өөрийн алдагдлаа нөхөөд, балансаа барих боломж байсан. Гэтэл яагаад татвар төлөгчдийн мөнгөнөөс бонд гаргах замаар алдагдлыг нь төр үүрэх ёстой юм. Үүнтэй холбоотой Олон Овоотын лицензийг"Жаст" руу хууль бусаар шилжүүлсэн гээд өчнөөн асуудал байгаа. Энэ бүхнийг шалгах ёстой. Энэ 100 тэрбумын бондыг шалгаж байж дараагийнхыг ярих нь зөв гэж бодож байгаа.
-Цаашид он дуустал ийм байдлаар арилжааны банкнаас зээлж иргэддээ 21 мянган төгрөгийг нь олгоод байх юм болов уу. Өөр боломж бий юу?
-Одоо Засгийн газраас санал болгоод байгаа 470 тэрбум төгрөгийн бонд магадгүй энэ бэлэн мөнгөний амлалтад зарцуулагдах болов уу гэж хардаж байгаа.Тиймээс бонд гаргах үндэслэлийг нь маш сайн шалгах ёстой. Энэ 470 тэр бумын бондыг өөр зүйлд зарцуулах гэж байж болно.Таван толгойн хөрөнгө оруулагчидтай ашиггүй гэрээ хийж үндэсний баялгаа цөлмүүлж байхын оронд Засгийн газар 490 тэрбумыг олж чадахгүй нь гээд үнэнээ хэлээд, УИХ-аар төсвийн тодотгол хийлгэн, 21 мянган төгрөг олгохоо зогсоох хэрэгтэй. Монгол Улсын иргэн 21 мянган төгрөг авахын төлөө илүү их ашиг олох боломжоо алдмааргүй байна. Засгийн газар чадахгүй бол үнэнээ хэлчих хэрэгтэй. Ард түмэн ойлгоно. Үнэхээр эх үүсвэр олдохгүй байна, эх үүсвэр бий болгох гэхээр Таван толгойгоо гадныханд үнэгүй шахам өгчих гээд байна.Тийм учраас 21 мянган төгрөг олгохоо ингээд зогсоолоо шүү. Ер нь бэлэн мөнгө амлана гэдэг буруу юм байна гэдгээ хэлээд энэ мөнгөөрөө дараагийн хуримтлалыг бий болгоно. Үүнийгээ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох, эмнэлэг, сургууль барихад зарцуулна гээд ард түмнээс уучлал гуйвал сүйд болоод байх хүн цөөн байх аа.
-Хэрвээ тэгэх юм бол Хүний хөгжил санг татан буулгах уу,зориулалтыг нь өөрчлөх үү?
-Хүний хөгжил сангийн тухай хуулийг би дэмжиж батлалцсан гишүүдийн нэг. Энэ сангийн гол зорилго нь АН 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн, "Баянмонгол" корпорацийн үйл ажиллагаатай төстэй. Уул уурхай, эрдэс баялгийн салбараас олох орлогоос ард түмэндээ хүртээх зорилго бүхий сан. Энэ сангийн тухай хууль батлагдсанаар АН УИХ-д цөөнх ч гэлээ сонгуулийн амлалтаа биелүүлсэн. Харин 1.5 сая гэдэг бол тухайн үеийн МАХН-ынхны амлалт байсан. Ийм бэлэн мөнгөний амлалт явцгүйг тод томруунаар харууллаа. МАХН-ынхан тэр 1.5 сая төгрөгөө Хүний хөгжил сангаас биш, улсын төсвөөс биш сонгуульд ялсныхаа дараа бэлнээр өгнө гэж амласан. Энэ амлалт хууль бус байсан. Анх сонгуульд орохдоо МАХН-ынхан энэ тухай мөрийн хөтөлбөртөө тусгаагүй байсан атлаа сонгуулийн төгсгөл руу гаргаж ирсэн. Манай АН-ын нэг сая төгрөгийн эрдэнийн хувь гэдэг бол хувь-цаа хэлбэрээр ард иргэддээ ашигт малтмалын орлогоос олгоно гэж анхнаасаа ярьсан. Үүгээрээ ялгаатай. Одоо хүмүүс энэ хоёрыг холиод 2.5 сая гэж яриад байгаа.Тийм биш.АН бэлэн мөнгө амлаагүй. Нэг сая хүртэлх төгрөгийн үнэлгээ бүхий эрдэнийн хувь, хувьцаа олгоно л гэсэн. Энэ нь хэрэгжиж эхэлж байна гэж ойлгож байгаа. Харин одоо тэр 536 ширхэг хувьцааны үнэлгээг яаж тогтоох юм, мэдэхгүй.
-Иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой" компанийн 536 ширхэг хувьцаа, давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмших учир21 мянгантөгрөгбэлнээр авах нь тийм чухал биш болж мэдэхюмгэжүү?
-Би энэ 536 хувьцаанд үнэхээр эргэлзэж байна. Ийм тооны хувьцаа олгож байгаа нь бол анхны бөгөөд зөв эхлэл. Би дэмжиж байгаа. Харин хувьцааны үнэлгээ ямар байдлаар явах нь вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.
-Энэ жилдээ багтаад иргэдэд эзэмшүүлэх 536 ширхэг хувьцааны нэгж үнийг тогтооно гэж Засгийн газрын ажлын хэсгийнхэн мэдэгдсэн байна лээ.Үүнд ямар нэгэн эргэлзээ байгаа хэрэг үү?
-Таван толгойн Цанхийн хэсгийг баруун, зүүн гээд хоёр хуваах гээд байна. Ж.Батзандан "Эрдэнэ Таван толгой" компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд Таван толгойд ажиллаад ирж. Би түүнтэй уулзаж санал солилцсон. Ухаа худгийн хөрс хуулалтыг Таван толгойн хөрс хуулалттай харьцуулж харахад өдөр шөнө шиг ялгаа харагдаж байна гэсэн. Ухаа худгийн хөрс маш нимгэн. Хөрс хуулах бараг шаардлагагүй. Гэтэл Таван толгойнх болохоор нүүрсний давхарга нь маш гүнд, их доор байна гэсэн. Ер нь "Энержи ресурс"-т бид юугаа өгсөн юм. Коксжих нүүрсний 18-20 хувь, эрчим хүчний нүүрсний 6-8 хувьтай тэнцэх нөөц агуулсан тэр хэсгийг ганц компанид тасдаад өгсөн. Багаар бодоход 4.5 тэрбум доллараар үнэлэгдэх тийм ордыг 851-хэн мянган долларын төлбөртэйгөөр өгчихсөн. Энэ мэтийг харахад Монголын төрд олигархиуд дураараа дургиж байна. Ард түмэн, эх орноо гэх бодол тэдэнд алга. Би ганц юмнаас айж байна. Нам дамжсан олигархиуд нүд улаан, мөнгө цагаан гэгчээр мөнгөний төлөө эх орон, ард түмнээ худалдахад бэлэн байна.Тиймээс шулуухан хэлэхэд Д.Зоригтын мууг үзэх гэсэндээ биш, үнэхээр энэ эрдэс баялаг, уул уурхай баларч байна, төр засаг болохгүй байна гэдгийг ард түмэнд хэлж, анхаарлыг нь Татахын тулд ЭБЭХ-ний сайдыг огцруулах саналыг хоёр дахиа өргөн барьсан. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шударга бусаар хийгээд, дахиад луйвардах замаар явах гэвэл ганц Д.Зоригтыг биш хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гурав, дөрөв дэхээ ч хамаагүй бусад сайд нарыг ч гэсэн огцруулах асуудлыг өргөн барина. Магадгүй би УИХ-д цөөнх байж болно. Ард түмний анхаарлыг өнөөгийн УИХ-ын луйвар булхай руу хандуулах тийм алхмыг хийнэ.
-Энэ нь "Эрдэнэс Тавантолгой"-н нэгж хувьцааны үнийг тогтоохтой ямар холбоотой гэж?
-Таван толгойн Цанхийн хэсгийг баруун, зүүн гээд хуваах юм бол үнэ цэнээ алдана.Таван толгойн одоо байгаа хамгийн гайгүй хэсэг нь л гэхэд Ухаа худгаас хүнд.Тэгэхээр нөгөө хэсэг нь бүр хүнд байх нь ойлгомжтой. Ж.Батзандангийн хэлснээр бол Таван толгойн ордыг хуваах юм бол "Эрдэнэс Таван толгой"-н хувьцааны үнэ шууд унана. УИХ-ын 39 дүгээр тогтоолын гол зорилго "бол "Эрдэнэс Таван толгой" төрийн өмчит компани байгуулаад ашигт малтмалын лицензийг нь хуваалгүйгээр эзэмшүүлнэ гэсэн. Яагаад гэвэл тухайн үед Таван толгойг тав, зургаа хуваана гээд их маргасан. Бидний хэдэн гишүүн үзэлцэж байж Таван толгойн ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шийдсэн. Лицензийг нь хуваахгүй гэдэг бол ордыг хуваахгүй гэсэн үг. Ингэж бүтнээр нь "Эрдэнэс Таван толгой" компанид шилжүүл гэсэн тогтоол гаргасан.Тэгж байж тэр том ордыг нэг компани нэгдсэн бодлогоор ашиглаж, нөөц нь баталгаатай байна. Үүний дүнд IРО хийнэ. Одоо Таван толгойг хоёр хуваах гэж оролдоод, УИХ-ын 39 дүгээр тогтоол байгаа болохоор чадахгүй байна. Гэхдээ ямар аргаар хуурах вэ, 39 дүгээр тогтоолыг яаж хүчингүй болгох вэ гэдэг арга зам хайгаад байгаа юм, эд нар. "Эрдэнэс МГЛ -ийн захирал Б.Энэбиш гэдэг нөхөр бол Таван толгойг хуваана гээд удаа дараа яриад байгаа. Цанхийн зүүн хэсгийг дотоодын компаниудад, баруун талыг гадныханд өгнө ч гэл үү, тэгж яриад байгаа.