Д.Оюунхорол: Удирдах зөвлөлд сонгогдсон нь миний хувьд асар их үүрэг хариуцлага
УИХ-ынгишүүнД.Оюунхоролтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай ,, хуулийн төслийг хэлэлцэж байна.Төсвийн хэлэлцүүлэгт гишүүд нэлээд хариуцлагатай ханддаг. Хуулийн төслийг УИХ хэлэлцээд Засгийн газарт буцаасан. Харин энэ удаагийнхыг хэлэлцэхээр болжээ гэдгээс яриагаа эхлэх үү?
Засгийн газар төсвөө сайжруулан дахин ирүүлжээ. УИХ-ын гишүүдийн зүгээс ч нэлээд чамбайруулж, сайжруулахаар ажиллаж байна. 2011 оны Төсвийн тухай хуулийг дагаж Татварын болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт, Үл хөдлөх эд хөрөн-гийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Авто тээврийн болон өөрөө явах хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд олон хуулиудын төсөл төсвийн хуультай хамт өргөн баригдаад хэлэлцэгдэж байна. Зарим нэг асуудлыг бид дэмжиж, зарим асуудал дээр өөр байр сууринаас хандаж байгаа.
-Жишээ нь?
-Жишээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд бид эсрэг байр суурьтай байгаа.Татварыг огцом өөрчилж, тогтвортой биш байлгах нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хүндрэл бэрхшээл, дарамтыг байнга үүсгэдэг. Энэ асуудлыг ул суурьтай судалж байж шийдвэрлэх ёстой. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд эдийн засгийн хямралыг дөнгөж гэтлэн давж байтал саяхан цалинг 30 хувиар нэмж байгаа нь нэлээд их дарамт ачааллыг үүсгэлээ. Гэтэл дахиад үл хөдлөх хөрөнгийн татварыг 0.6-2 хувь болтол нэмнэ гэдэг нь үндсэндээ татварыг 3.5 дахин нэмж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нэлээн том цохилт болно. Бизнес эрхлэгчид хууль батлагдан гарвал хуулийн хүрээнд татвараа төлөөд явах хэв маяг аж ахуйн нэгжүүдэд нэгэнт бий болжээ. Хариуцлагатай бизнес эрхэлж сурч байна. Тиймээс татвар хураамжаа цаг хугацаандаа төлдөг, хариуцлагатай бизнес эрхэлж чаддаг тэдгээр хувийн хэвшлийнхнээ дэмжих хэрэгтэй байна. Татвар авч чаддаггүй хэсгээсээ татвараа авч, баазаа өргөтгө.Татвар төлдөг хэсэгтээ татварынх ачааллыг нэмж, нэмүү мөнгө авах гээд байгаа нь зохисгүй зүйл.
-Ард иргэд татварын ачааллыг нэмэхгүй байхыгл хүсдэг шүү дээ?
-Тийм учраас л бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдийн хувьд өөр өөрсдийнхөө хүчин чадал,боломждоо түшиглэн бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж,өөрт тохирсон орон тоо, бизнесийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулдаг. Тэгэхээр бодлогогүйгээр татварыг огцом 3.5 дахин нэмж болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд, ажлын тогтмол байртай болохын тулд,ихэнх аж ахуйн нэгжүүд банкны зээлээр барилга байшингаа барьж, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлээд ажлын байрныхаа орчинг сайжруулаад явж байна. Ийм л хүмүүсийг эдийн засгийн хувьд урамшуулж, дэмжих
хэрэгтэй. Урамшуулах хэлбэр нь татвараа нэмж урамшуулмааргүйсэн дээ. Мөнгө битгий өг. Татвар нь тогтмол, түүнийгээ төлөөд байвал зүгээр гэсэн байр суурьтай байгаа. Мөн түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс 0.6 хувийн албан татварыг тооцож ногдуулдаг байсан. Одоохондоо төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын хүрээнд энэ төрлийн татварууддаа болгоомжтой хандаж нэмээсэй. Нөгөө талаас татварыг огцом нэмэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд маш том цохилт болж, хүндрэл учирна. Дараагийн асуудал бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ хэлэлцэж байна. Энэ төрлийн татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Автомашины паркийг сайжруулах, авто замын ачаалал, нийслэлийн агаарын-бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах, нийгмийн бухимдал үүсгээд байгаа замын түгжрэлийг багасгах нь чухал. Насжилт өндөр хуучин машинууд их олон болж, замын хөдөлгөөнд бүрэн бус техниктэй автомашинууд оролцдог. Олон хүний амь насыг хохироож, осол аваар ч их гарч байна. Иймээс энэ асуудлыг татвараар зохицуулахаас өөр боломжгүй. Үнэхээр иргэн хүн хуучин машин унах гээд байвал тодорхой хэмжээнд татвараа илүү төлөөд оруулж ирэх нь зөв. Нийслэл хот маань хуучин машины цуглуулга болчихлоо. Тиймээс энэ төрлийн татварыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тооцон үзэж,яамнаас оруулж ирсэн саналыг хэлэлцээд явах нь зүйтэй байх гэж үзэж байна.
-Төсвийн хуулийг хараад байхад өмнөх хууль нэлээн шүүмжлэл дагуулсан. Одоогийн засварлаад оруулж ирсэн төсвийн хуульд анхаарал татахаар өөр ямар асуудал байв?
-Орлого олох, бүрдүүлэх, дайчлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж оруулж ирсэн. Улс төрийн сонгуульд оролцсон намууд сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд нэлээд хүчээ дайчилж, шахуу ажиллах шаардлага байна. Иргэн бүхэндээ 1.5 сая төгрөг олгоно гээд улстөрийн сонгуулиар амласан амлалт бий. Үүнийг зайлшгүй биелүүлэх шаардлагатай. Хүний хөгжил сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэн бүртээ 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд cap бүр 21.000 төгрөг, жилдээ 252.000 төгрөгийг олгохоор төсөвт тусгасан байна. Энэ нэг алхам. Чамлахаар чанга атга гэсэн ардын сайхан үг байдаг шүү дээ. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэж. Тиймээс төрөөс өгч байгаа хувь хишгийг нэг айл, өрхийн асуудал биш, 1.7 сая хүн амд хуваарилагдан очиж байгаа учраас хүлээцтэй байх хэрэгтэй. Энэ жилийн төсөв нэлээн тэлэх маягтай, орлого нэмэгдэх хандлагатай дүр зураг харагдаж байна. Амын билгээс ашдын бэлгэ гэдэг шиг бид бас азтай ард түмэн. Төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэж байна гэдэг нь бидний гол нэрийн бүтээгдэхүүн бол-сон экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотой. Нэг хэсэг хүмүүс, аж ахуйн нэгжүүд хуваагаад хүртчихдэг байсныг Монгол Улс стратегийн орд газруудыг төрийн мэдэлд авч, түүнийгээ ашиглаж, орлогоосоо ард иргэддээ өгдөг ерөнхий зарчмаар явж байгаа нь ололт. Оюутны сургалтын төлбөрийн 500.000 төгрөгийг Хүний хөгжил сангийн хуулиар олгохоор болж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоог 160.000 байдаг гэж үзвэл тэдгээр оюутан 500.000 төгрөг авах боломжийг нээж өгсөн. Засгийн газраас багагүй мөнгө гарна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд, иргэдэд зөв талаас ойлгуулах ажлыг хийгээсэй. Ахмадууд гэхэд л манай гэр бүлд оюутан сурагч байхгүй. Нас нэлээд өндөр боллоо. 1.5 сая төгрөгийнхөө үлдэгдлийг авч чадахгүй болж магадгүй. Үлдэгдэл мөнгөө бэлнээр өгөхийг хүсэж байна. Энэ хүмүүст зориулсан хувь хишгийн үлдэгдэл мөнгийг бэлнээр олгох асуудлыг бид ярилцаж зөв шийдвэр гаргана.
-Ингэхэд МАХН үзэл баримтлал, нэрээ өөрчиллөө. Намд ийм өөрчлөлт хийгдсэнээр ямар үр дүн гарч байна вэ?
- МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам байна гэж үзэл баримтлалаа тодотгосон. Өнөөдөр тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлдэггүй монгол хүн гэж байхгүй. Монголчууд үүнийгээ яриад омогшдог.бахархаж чаддаг, энэ санаан дээр нэгдэж чаддаг. Мөрийн хөтөлбөрийн хувьд МАН-ын хичээн эрмэлзэх зүйлийг баталсан. МАН-ын дарга С.Батболд »Шинэчлэл, манлайлал, хөгжил» сэдэвт улстөрийн илтгэл тавьсан. Манай улс өмнөх 20 жилд юу хийсэн юм бэ. Юун дээр алдаж, оносон юм бэ, цаашдаа бид яаж хөгжлийн асуудал ярих ёстой юм бэ. Яаж энэ бүхэнд МАН манлайлах юм бэ гэдгийг нэлээн тодорхой зааж, илтгэлдээ дурдсан. Бодлого, үйл ажиллагаагаа манай нам тодорхой хэрэгжүүлж чадна. МАН уугуул нэрээ сэргээсэн. МАХН-ын үргэлжлэл нь МАН гэдгээ баталгаажуулсан. Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд хууль зүйн хувьд гэрчилгээгээ авсан. МАХН XXVI их хурлаараа 99.6 хувийн саналаар МАН нэрээр нэрлэх түүхэн шийдвэр гаргасан. Их хурлын төлөөлөгчид нь Монгол Улсын бүх аймаг, сумын намын үүрийн анхан шатны байгууллагын төлөөлөл болж анхан шатны намын үүрээс сонгогдож ирсэн учраас нийт гишүүдээ төлөөлөх бүрэн эрхтэй. Хурлын нийт төлөөлөгчдийн 23 хувь нь эмэгтэйчүүд, тэдний үүрэг оролцоог хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшинд ажиллуулъя гэдэг нийгмийн нэг үнэлгээ нь энэ дүнгээс харагдаж байсан. Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 орчим хувьд эмэгтэйчүүд сонгогдсон нь бүх шатандаа манай намын эмэгтэйчүүдийн төлөөлөл намын дүрэмд заагдсаны дагуу 25 хувийн квотыг бий болгох асуудлыг шийдвэрлэсэн гээд олон үр дүнг харуулсан .
-Гол тодорхой өөрчлөлт нь энэ үү?
-Үгүй. Зөвхөн эмэгтэй гишүүнийхээ хувьд хэлж байна. Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Өнөөдөр парламентад суугаа 76 гишүүний гурав нь буюу 3.4 хувь нь эмэгтэй гишүүд. Нийгэм өөр зүйлийг хүлээж, харж байна. Манай нийгэмд боловсролтой, мэдлэгтэй, чадвартай нийгмийн түүчээ болж чадах олон сайхан эмэгтэйчүүд улстөрд орж чадахгүй байна. Чадахгүй байгаагийн учир нь олон шалтгаантай. Өнөөдрийн үйлчилж байгаа Сонгуулийн тухай хууль, улстөрийн системийн тогтолцоо нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, боломж олгохыг хүсэхгүй байна. Хүүхнүүдэд маань ч мөнгө дутагдаж байна.
Хамтарч баг болж улстөрд орох арга зам, арга барилаа олохгүй л байна даа. Энэ мэт зүйлээс шалтгаалж хүүхнүүд улстөрд орж чаддаггүй.Намын их хурлаас гаргасан олон шийдвэр нь ардчиллын төлөөлөл болсон байгууллагуудад эмэгтэйчүүд орсон нь хурлын нэг онцлог гэж үзэж байна.
-Намын удирдах шатны дээд байгууллагад ажилладаг зургаан эмэгтэйн нэг нь та. Өмнө нь та сул гишүүн байсан шүү дээ?
-1996 онд МАХН-ыг ялагдсан тэр үед л гишүүнээр элсэж байсан. Түүнээс хойш намын идэвхтэй, жирийн гишүүдийн нэг болсон. Намын хамт олноос надад олгосон УИХ-ын сонгуульд оролцох эрхийн дагуу үүргээ биелүүлж, намдаа нэг суудал авч ирсэн. Өнөөдрийн тухайд гэвэл МАН-ын сул гишүүн байснаа Удирдах зөвлөл, намын даргын хүлээлгэсэн итгэл найдвар, намын их хурлаас гаргасан шийдвэрийн төлөө уйгагүй ажиллана. Эмэгтэй улстөрчдийн өвөрмөц нэг онцлог нь хариуцсан ажил, ярьж хэлсэн зүйлийнхээ төлөө шоргоолж шиг уйгагүй шударгаар зүтгэдэг ажил хэрэгч зантай. Тиймээс энэ ажлаа хариуцлагатай хийх болно. 90 жилийн түүхтэй намынхаа Удирдах зөвлөлд сонгогдсон учраас миний өмнө асар их үүрэг хариуцлага оногдож байна гэсэн үг. Энэ хариуцлагатай үүрэг даалгавраа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж ажиллах болно. Өмнө нь байгаагүй ачаа, үүрэг хариуцлага ноогдлоо гэж ойлгож байгаа.
-Нэгэнттантайуулзсаных нэг зүйл тодруулъя гэж бодсон юм. Саяхан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу танд агсам тавьж, ордонд хөлчүүрхсэн явдал болсон юмуу?
-Ерөөсөө тийм зүйл болоогүй. Нэгдүгээрт УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу бид хоёр нэг нутгийнх. Нэлээн найзууд маягтай, их ойр дотно харилцаатай байдаг. Орон нутгийнхаа талаар санал бодлоо солилцох, ямар асуудлыг яаж шийдэх вэ гээд нэлээн дотно ярилцдаг хүмүүс. мм мэдээлэл гарсан байна гэж сонсоод сониныг нь авч үзсэн. Андуу ташаа мэдээлэл нийтэлсэн байна лээ.УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн нэр хүндэд тэгж халдаж болохгүй. Тиймээс ийм андуу ташаа мэдээлэл нийтэлсэндээ бид хоёрын хэн хэнээс нь хүлцэл өчих байх. Ер нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу чинь хүн харахад бүдүүн боргил юм шиг харагддаг боловч яг амьдрал дээр нэлээн зөөлөн маягийн хүн. Миний мэдэхийн энэ олон жил хамтран ажиллахдаа ямар нэг хүнтэй харьцахдаа муухай ааш, зан гаргаад байсныг санахгүй байна. Тэр хэвлэлд бичсэн зүйлийг харахаар үнэхээр хоорондоо муудалцсан юм биш биз гэдэг бодол төрөхөөр юм билээ. Тэгээд л зарим нэг хүмүүс надаас УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тэгж агсам согтуу тавьсан юм уу гэж хүртэл асуусан.Тэгэхээр дахин албан ёсоор хэлэхэд л ийм зүйл болоогүй буруу ташаа мэдээлэл гарчээ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.Тиймээс танай сониноор дамжуулж энэ үгээ дайсан нь зүйтэй байх шүү.