Д.Ганхуяг: Ирэх оны төсөв хяналтгүй төрийн гай
2010.12.15

Д.Ганхуяг: Ирэх оны төсөв хяналтгүй төрийн гай

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярицлаа.

-Та эдийн засагч хүнийхээ хувьд 2011 оны улсын төсөвт ямар үнэлгээ өгч байгаа вэ?

-Ер нь бол түүхэн төсөв. Гэхдээ жаахан эрсдэлтэй болсон гэж дүгнэж байна. Анх удаа нэгдсэн төсвийн нийт зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувьд хүрлээ. Үүнийг эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байна гэж ойлгож болно. Энэ асуудлыг дагаад төсвийн үр дүн ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнгөрсөн жил бид иргэн бүртээ 120 мянган төгрөг тараасан. Энэ мөнгө орлого багатай, ажилгүй иргэдэд хэрэг болсон гэдэг нь үнэн. Гэвч эдийн засгийн утгаар нь аваад үзвэл, ядуурал, ажилгүйдэл нэмэгдчихсэн инфляци нэг оронтой тооноос давчихсан байгаа. Энэ жилийн тухайд иргэн бүрт 252 мянган төгрөг буюу хоёр дахин их мөнгө тараана. Цаашдаа бид ингэж ажилгүйдлийг нэмэгдүүлж, инфляци хөөрөгдвөл эдийн засагт маш хортой үр нөлөө үзүүлж болзошгүй.

Ашигт малтмалын салбараас бусад бүх салбар уналтад орж ч магадгүй. Яагаад гэхээр инфляци 11 хувьтай байна. Дахиад 10 хувиар нэмэгдвэл бүх юмны зарлага 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Ингэвэл асар их дарамт үүснэ. Нэгэнт төсвийг ингэж тэлж байхад инфляцийг нэмэгдүүлэхгүйн тулд Монголбанк эцсийн арга хэмжээгээ авдаг. Тэр нь мөнгөний нийлүүлэлтийг багасгах арга хэмжээ буюу Монголбанкны үнэт цаасны хүүг нэмэх. Ингэвэл ажил эрхэлж байгаа хүмүүст, эсвэл банкнаас зээл авч байгаа хүмүүст шууд хүрч зээлийн хүү нэмэгддэг. Жишээлбэл, Монголбанкны үнэт цаасны хүү 12 орчим хувьтай байна. Арилжааны банкны зээлийн хүү 0,5-2 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр инфляци 10 хувьтай. Дээрээс нь арилжааны банкных 20-30 хувьтай гэхээр ажил эрхэлж байгаа хүмүүст дарамт болж байгаа юм.

-Батлагдсан төсвийн хамгийн том алдааг та юу гэж бодож байна вэ?

-Төсвийн хүрээний нэмэгдэл гэж жил болгон баталдаг. Жил болгоны 6-7 дугаар сард дараа оны төсвийг богино болоод дунд хугацаанд ийм үзүүлэлттэй байна гэдгийг баталдаг юм. Үүн дээр дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх төсвийн орлого, зарлага, алдагдал батлагддаг. Энэ удаад буюу 2011 оны төсөвт энэ асуудал огт хэрэгжсэнгүй. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн нийт зарлага 52.1 хувьтай боллоо гэхэд төсвийн хүрээний нэмэгдлээр 40.2 хувь байна. Дунджаар төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа орлого, зарлага 12 хувиар нэмэгдсэн байна. Үүн дээр хэн ч юу ч дуугарсангүй. Энэ бол өнөөх хяналтгүй төрийн гай. Мөн төсвийн алдагдлын хэмжээ таван хувиас хэтрэхгүй гэсэн. Гэтэл одоо 9.9 хувь байна. Дахин нэмэгдчихсэн байна шүү дээ. Иймэрхүү л байдалтай төсөв баталчихлаа.

-Ирэх оны төсвийн тухай хуулийн хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь 805 тэрбум төгрөг болоод байна. Улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд эдийн засагтаа хортой зүйл хийлээ гэж шүүмжилж байгаа?

-Энэ бол улстөрийн амлалттай холбоотой. Намаас гадна мөрийн хөтөлбөрийг иргэд сонгодог. Ард түмэн нэгэнт энэ мөрийн хөтөлбөрийг сонгосон. Тиймээс улс төрийн намууд энэ амлалтаа биелүүлэх л ёстой. Цаашид бэлэн мөнгөний бодлогыг зогсоохгүй бол эдийн засагтаа асар их хүндрэл учруулна. Үүний оронд 1000 ам.долларын цалинтай ажлын байрыг бий болгоход зарцуулах хэрэгтэй. Ер нь хүмүүст хандаж хэлэхэд, төрөөс олгогдох 252 мянган төгрөгийг хэсэг бүлгээрээ нийлэн авч, утааг багасгах эсвэл гэр хорооллыг дэд бүтцэд холбоход ч юм уу зарцуулахаар бодитой санал санаачилга гаргаад ирээч. Нэг удаа идээд уугаад өнгөрөөснөөс дээр шүү дээ. Монгол Улсын нийт эдийн засгийн байдал зөв замаар зөв гольдролоор явж байна гэдэг хувь хүний жаахан хэрэглээнээс хамаагүй илүү үр дүнтэй асуудал. Тиймээс ирэх жил инфляцийг хөөрөгдөхгүй байх, бодитой зүйлийг хийж өдөр тутмын амьдралд тохиолддог нийтийн асуудлыг шийдвэрлэхэд мөнгөө бөөгнүүлээд зарцуулах нь маш чухал байна. Бэлэн бусаар авъя хөрөнгө оруулалтын ажилд зарцуулъя гэдэг дээр Засгийн газраас маш чухал журам гаргаасай л гэж бодож байна.

-Нэгэнт эрсдэлтэй ийм муу төсөв баталчихлаа. Одоо энэ алдааг яаж засах вэ. Яавал бид ирэх онд бага эрсдэлгүй байх вэ?

-Одоогийн баталсан энэ төсвийн тухай хуульд шинэтгэл хийнэ. Энэ нь одоогийн баталсан төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэж, төсвийн эрх зүйн орчноо шинэтгэх юм. Энэ үед минийхээр хоёр зүйлийг маш сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна. "Орон нутгийн төсөв,санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэр аймгийн сургууль, цэцэрлэг, зам, гэрэл цахилгааны асуудлыг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийддэг болмоор байна. Учир нь олон хүн төсвийн харилцаанд орно. Мөн иргэдэд ойр Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэж байгаа болохоор орон нутгийн эрэлтэд нийцсэн төсвийн бодлогыг гаргаж чадна. Мэдээж үүнд нь иргэдийн хяналт тавих нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй. Ингэснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх тэр хүсэл эрмэлзэл орон нутагт нэмэгдэнэ. Мөн буурай хөгжилтэй орны төвшнөөс хөгжиж байгаа улс орон болох гэж байгаа манайх шиг улс орнуудад төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж маш чухал байдаг. Энэ байдал манайд маш тааруу байгаа.

Сайн зураг төсөл техник, эдийн засгийн үндэслэл хийгддэггүй тал ч бий. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгаа арга хэмжээгээ ач холбогдол, үр дүнгээр нь эрэмбэлдэггүй гэх мэт асуудал байгаа. Манай улс үсрэнгүй хөгжилтэй орны тоонд орох гэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2014 онд 5000 ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Буурай орноос хөгжингүй орон руу бусад улс яаж шилждэг вэ гэхээр төсвийн алдагдлаа багасгахын тулд хөрөнгө оруулалтын буюу Хөгжлийн бaнкийг бий болгодог. Тэндээсээ барьцаа, баталгаа гаргах байдлаар том том дэд бүтцийн асуудлаа шийддэг. Энэ замаар ашигт малтмалын салбараас орж ирж байгаа орлогуудыг тусгаарлах зохицуулалт хэрэгтэй байна. Тиймээс төсвийн эрх зүйн шинэтгэлийг сайн хэлэлцүүлж, хийх хэрэгтэй л гэж хэлмээр байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.