С.Бямбацогт:Дэндүү хариуцлагагүй төсөв байсан
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой УИХ-д өргөн баригдаад буй ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Орлогын эх үүсвэргүй хэмээн буцаагдсан ирэх оны төсөв дахин өргөн баригдлаа. Өмнөхөөсөө сайжирсан үзүүлэлт байна уу?
-Анхны өргөн баригдсан төсвийн төсөл хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй байсан. Ямар ч тодорхой эх үүсвэр байхгүй, зарцуулагдах зардлаа ч төлөвлөөгүй, тооцоо судалгаа муутайн дээр шууд тэгштгэх байдлаар хуваарилалт хийсэн гээд тоочоод байвал урт жагсаал гарна. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг шууд 10 хувь гэдэг байдлаар тусгасан нь багагүй асуудал үүсгэснийг санаж байгаа байх. Зориуд хүний янз үзэж байгаа ч юм шиг. 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж ирж байх жишээтэй. 760 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 10 хувь гэдэг үндэслэлээр гэж тайлбарлаж байсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй л дээ. Ганц айлын өнөө маргаашийн төсөв биш шүү дээ. Монгол Улс гэх их айлын бүтэн нэг жилийн төсөв. Иймээс УИХ өргөн баригдсан төсвийн төслийг буцаасан. Эхлээд эх үүсвэрийг тодорхой болгох, хөрөнгө оруулалтыг чухал асуудлаар нь эрэмбэлж оруулж ирэх чиглэл өгсөн.
-Үнэхээр Засгийн газар улсынхаа төсвийг боловсруулж чадахгүй болтлоо доройтчихжээ гэсэн шүүмжлэл гарах болж. Таны хариуцлагагүй төсөл гэж хэлж байгаа нь ч үүний илэрхийлэл гэлтэй сонсогдож байна?
-Шууд тэгж хэлж болохгүй. Мэдээж хариуцлагагүй, муу төсөл байсан гэдэгтэй санал нийлэх ч, Засгийн газрын ажил, бүтэц ингэтлээ доройтсон гэж бодохгүй байна. Шинээр өргөн барьсан төсвийн төсөл өмнөхөө бодвол сайжирсан. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж чадсан уу, гэвэл чадаагүй.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүйгээс болж 400 гаруй тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр сөхөгдсөн. Одоо ч Тавантолгойн гэрээ хийгдээгүй байна. Өнөөх 400 гаруй тэрбум төгрөгийн орлогыг хаана, юун дээр наагаад асуудлыг эцэслэчихсэн юм бэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүнээс Хүний хөгжил санд орж ирэх орлого гэдэг байдлаар л тооцсон байдаг. Гэтэл нөгөө талдаа орлого орж ирэх нь тодорхойгүй. Хууль эрхийн хувьд баталгаажаагүй тэр орлогыг төсөвт тооцох нь учир дутагдалтай. Ингэж тооцох боломжгүй л дээ.
-Дээрх 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгахгүй бол бэлэн мөнгөний амлалт эргэлзээ төрүүлэх болно. Нөгөөтэйгүүр Тавантолгойн гэрээний урьдчилгаанаас өөр эх үүсвэрээс энэ мөнгийг бүрдүүлэх боломжгүй гэсэн биз дээ?
-Өөр боломж бий. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар байхгүй болсон. Үүний оронд Өсөн нэмэгдэх нөөцийн татварын тухай хуулийг батлах хэрэгтэй. Мөн Засгийн газар бонд гаргаж болно. Үгүй бол Төсвийн тогтворжилтын санд 170 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал бий. Түүнийг ашиглах байдлаар төсөвт тусгах боломж бий. Энэ мэтчилэн төсвийн орлогыг нөхөх гарц бий шүү дээ. Зөвхөн Тавантолгойгоос гэрээг харж ирэх оны төсөв гацаанд орох нь утгагүй асуудал. Тавантолгойн гэрээг байгуулж байж урьдчилгаа авна. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдах нь тодорхойгүй. Магадгүй гэрээ байгуулахгүй бол яах юм. Байгууллаа гэхэд хэдий хэмжээний урьдчилгаа орж ирэх нь бүрхэг. Ийм орлогыг төсөвт тусгах гээд хүчлээд байгаад гайхах л юм.
-Жил бүр төсвийн төслийг хэлэлцэхэд төрийн албаны илүүдэл, давхардсан орон тоог цомхотгох асуудал хөндөгддөг. Харамсалтай нь яригдаад л өнгөрөхөөс бус ажил хэрэг болж байсан удаагүй. Энэ удаад ч байдал давтагдлаа?
-Зайлшгүй ярих ёстой асуудал бол энэ. Нэг биш гурван удаа УИХ-аас төсвийн байгууллагын бүтэц орон тоог оновчтой болго, бүтцийн өөрчлөлт хий, төрийн ажлыг цомхон чадварлаг болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байдаг. Гэтэл өнөөдөр мөрийн хөтөлбөрөө, УИХ-аас өгсөн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй л байна. Ирэх оны төсөвт ч мөн тусгагдсангүй.
-Засгийн газар хийдэггүй юм бол УИХ өөрөө энэ ажлыг гардан хийхээр зориглож болно гэж хаврын чуулганаар ярьж байсан байх аа?
-Тийм ээ. Хоёр ч удаа тогтоолоор чиглэл өгөөд биелэгдээгүй учир УИХ-аас Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг төсвийн байгууллагын орон тоог 7000 хүнээр цомхотгож, 30 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой талаар оруулж ирсэн. Ингэснээр төсөв хэмнэгдээд зогсохгүй төрийн албаны ажлыг хүнд чирэгдэлгүй болгох боломжтойг ч онцолсон. Тухайн үед үүнийг жилийн дундуур хийгээд яах вэ. Ирэх оны төсвийн тодотголтой хамт оруулж ирэхээр болж мөн л Засгийн газарт чиглэл өгсөн. Харамсалтай нь мөн л оруулж ирсэнгүй. Төрийн албыг цомхон чадварлаг, хүнд сурталгүй байлгах нь ард түмэнд л хэрэгтэй. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө төрийн албаны данхайсан бүтэц рүү үр ашиггүй зарцуулагдаж байгаа нь харамсалтай. Буруу бодлого л хэрэгжээд байгаа нь энэ л дээ.
-Төрийн албаны давхардсан орон тоог цөөлөх нь битгий хэл шаардлагатай нэрийн дор харин ч нэмэгдүүлэх хандлага ч ажиглагдах боллоо?
-“Монгол мал” хөтөлбөр, Онцгой байдлын газарт анги нэмэгдүүлсэнтэй холбоотой зайлшгүй гэдэг үндэслэлээр орон тоо нэмэгдүүлсэн нь бий. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аль болох төр хувийн хэвшлийн түншлэлийг хэвшүүлнэ. Төрийн албаны тодорхой чиг үүргийн зарим функцийг төрийн бус олон нийтийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэсэн заалт бий. Ийм байдлаар төрд зайлшгүй шаардлагатай чухал салбаруудад төрийн албан хаагчийг бий болгож, бусад салбарын төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь зөв юм. Олон нийтийн байгууллагууд Монгол Улсад өөрийн гэсэн орон зайтай болж хөлөө оллоо. Ийм үед төрийн албаны зарим ажлыг хувийн хэвшлийнхэн нугалах нь илүүдэл зардлыг бууруулж, орон тоог хэмнэх боломжтой. Үүнийг Засгийн газар зөв ашиглах хэрэгтэй. Харамсалтай нь Засгийн газар энэ тал дээр маш хариуцлагагүй ажиллаж байна.
-Таны яриаг сонсоход Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна хэмээн дүгнэхэд хүргэж байна. Үнэндээ сүүлийн үед Засгийн газар УИХ-аас ч дээгүүр эрх мэдэлтэй болсон юм шиг. Үүнийг та бүхэн ч чуулган, байнгын хороодын хурал дээр мэдэрдэг шүү дээ?
-УИХ сулдаа биш л дээ. Асуудалд Засгийн газар хойрго ханддаг болсны л илэрхийлэл. УИХ шахаж, шаардаж л байна. Шаардлага ч эрчимжиж байгаа. 2012 оны сонгууль хаяанд ирлээ. Хүссэн хүсээгүй ард түмэндээ амалсан, мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудаа хэрэгжүүлж эхлэх байлгүй. Ингэж л харж суухаас өөр арга алга.
-Өргөн баригдсан төсвийн төслийг үүгээр нь баталчих юм бол инфляци хоёр оронтой тоонд орно гэж эдийн засагчид шүүмжилж эхэллээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Манай улсын мөнгөний болон төсвийн бодлого хоорондоо ямар ч уялдаа байдаггүй. Үүнээс болж инфляци хөөрөгддөг. Өнөөдөр бид төсвийн бодлогоор хэрэглээ, эрэлтийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлдэг, иргэн бүртээ сар бүр бэлэн мөнгө тарааж байгаа нь эрэлт, хэрэглээг дэмжсэн үйлдэл. Нөгөө талд нь нийлүүлэлтийг дэмжих бодлого огт хэрэгждэггүй.
Төсөв болон мөнгөний бодлого харилцан уялдаатай байж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Улмаар эрэлт нийлүүлэлтийг зохистой харьцаанд байлгана. Гэтэл манайд эсрэгээрээ. Үйлдвэрлэл хөгжихгүй, хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажлын байр бий болдоггүй сөрөг талтай. Ажлын байр бий болохгүй байгаа шалтгаан нь Монголбанкны бодлогын хүү өндөр. Арилжааны банкууд нийлүүлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, бага хүүтэй, урт хугацаатай зээл өгч чаддаггүй. Иргэдийн хадгаламж, харилцах дансанд төвлөрсөн мөнгөө Монголбанкинд 11 хувийн хүүтэй хадгалуулаад сууж байх жишээтэй. Байдал өнөөдөр ийм л байна.
-Тэгвэл инфляци хөөрөгдөх нь энгийн үзэгдэл гэсэн үг үү?
-Нийлүүлэлт байхгүй юм чинь эрэлт бий болох нь мэдээж. Ингээд иргэдийн гар дээрх бэлэн мөнгөөрөө байгаа жаахан бараагаа өндөр үнээр худалдаж авах өрсөлдөөн бий болдог. Бараа материал хомсдохоор үнийн хөөрөгдөл бий болж, юмны үнэ өснө. Ингэхээр төсөв, мөнгөний бодлого уялдаагүйгээс болж инфляци өсөхөд гайхах зүйл байхгүй.
-Нөгөөтэйгүүр төсвийг ажиглаж байхад төрийн алба цаасны ажил хийдэг нь тодорхой байх шиг. Учир нь бичиг цаасны зардлыг л гэхэд 120 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тусгасан байсан. Төсвийн зарлагыг бууруулахад үүнээс хасах боломжтой биш гэж үү?
-Бараа үйлчилгээнээс бусад зардал гэж бий. Өргөн баригдсан төсвийг ажиглаж байхад хүн амын, аж ахуйн нэгжийн, гаалийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 30-50 хувиар нэмэгдэж байгаа. Тэгсэн атлаа Онцгой албан татвар бараг нэмэгдээгүй. Спирт, архи, автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд бодох ёстой.
Нөгөө талдаа цалин нэмэгдэж, урсгал зардал нэмэгдэх нь зүй. Цалингийн өсөлтийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл өснө. Гэтэл бараа үйлчилгээний бусад гэдэгт цахилгаан, шатахуун, бичиг цаасны зардал нэлээн 120 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байсан. Үүнийг ингэж нэмэх шаардлагагүй. Үнэндээ төсвийн ил тод байдал, хариуцлага, үр ашигтай байдлыг нэлээд сайн ярих хэрэгтэйн илэрхийлэл энэ. Төсвийн хяналтын тогтолцоо өнөөдөр Монголд алга. Татвар төлөгч гэж хэн юм. Ажил хийж, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүнийг л хэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас Монгол Улсын төсвийн орлогын 85 хувь нь бүрддэг. Тэгэхээр татвар төлөгчид надаас авсан татварын мөнгийг үр ашигтай зарцуулж байна уу, үгүй юу гэдгийг хянах механизмыг бид зайлшгүй бий болгох шаардлагатай.
-Төсвийн хуулийг дагаад татварын хуулиудад өөрчлөлт орох нь. Гэтэл үнэндээ зарлагаа нөхөхийн тулд татвараа нэмэгдүүлж иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлэх гэж байгаа байдал ажиглагдсан?
-Ард түмний нуруун дээр тэмдэгтийн хураамж ч гэдэг юм уу тийм байдлаар татварын ачаалал бий болгох нь зохисгүй. Харин өөр төрлийн татварууд дээр асуудал ярьж болж байна. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гэхчлэн бусад төрлийн татварууд дээр асуудал хөндөгдөх нь зүй.