Ц.Даваасүрэн: Аль ч орлогын төлөвлөгөөнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй
Ердөө 76 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад суулгасан Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Ирэх он бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн жил. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг хасч, орлогоо Хүний хөгжил сангаар дамжуулан бэлнээр болон бэлэн бусаар иргэдэд өгөхөөр Сангийн яам төлөвлөжээ. Гэхдээ С.Баярцогт сайдын тайлбараар бол одоо тусгаад буй 76 тэрбум төгрөгийг 760 тэрбум болтол өсгөх бололцоотой юм байна. Бүр тодруулбал, уул уурхайгаас ирээдүйд олох орлого, тэр тусмаа Тавантолгойн урьдчилгаагаар Хүний хөгжил сан болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ бүрдүүлэхээр тооцсон аж. Хөрөнгө оруулалтын нийт дүнгийн ердөө 10 хувийг төсөлд тусгаж, үлдсэн хэсгийг нь Тавантолгой зэрэг томоохон ордын урьдчилгаанаас авахаар тооцсон Засгийн газрын саналд гишүүд ямар байр сууринаас хандаж буйг сонирхлоо.
Ц.ДАВААСҮРЭН:
-Хэлэлцээ нь дуусаагүй байхад Тавантолгойн урьдчилгааг төсвийн орлогод тооцож болох уу. Ядаж л хэлэлцээ байгуулж буй нөгөө талынхаа шахалтад орох магадлалтай биз дээ. Ер нь төсвийн хөрөнгө оруулалтыг 76 тэрбумаар тооцож оруулж ирсэн нь үүнтэй холбоотой юу?
-Хөрөнгө оруулалтын 76 тэрбум бол өсөх учиртай. Сангийн сайдын тайлбараар бол 2011 он Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь жил. Тиймээс хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэх бололцоо байгаа гэсэн. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр бол уул уурхайн салбар, түүний урьдчилгаа төлбөрөөс төсөвт тусгаад явах бололцоотой. Мөнгөний хувьд асуудалтай цаг үе ард хоцорсон шүү дээ. Харин зөв зарцуулах, хуваарилах тухай асуудал бий.Одоо орлогод тусгачихсан зүйлс чинь бүгд л аваагүй байгаа татварууд. Үүнтэй адилхан төсвийн орлогод Тавантолгойн урьдчилгааг тусгаад явж болно. Гэхдээ гэрээний үе шат ямар байгааг би мэдэхгүй. Шахаанд орох магадлал байж болох юм. Аль ч орлогын төлөвлөгөөнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.
Д.ДАМБА-ОЧИР:
-Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөг байх юм бэ?
-Эдийн засаг сэргэж, сайн дүнтэй гарч байвал өсөх л ёстой. Хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй л дээ. Гэтэл одоо 76 тэрбум гэж оруулж ирлээ. Үүнээс дөрвөн тэрбум нь тоног төхөөрөмжийн зардал юм. Тэгэхээр 72 тэрбумыг л хөрөнгө оруулалтад төсөвлөсөн. Яахав, бусад урсгал хөрөнгө оруулалтаа нэмбэл нийтдээ 116 тэрбум төгрөг болж байна. Харин Сангийн сайд болохоор нэмнэ гээд байгаа л даа. Том хөрөнгө оруулалтаа төсөвт оруулж ирвэл төсөв өөрөө их хэмжээгээр тэлэх хандлага харагдаад байна гэж. Тиймээс Хөгжлийн банк байгуулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн. Уг нь Монгол Улсын нэгдсэн төсөв бол нэгдсэн л байх ёстой. Үүнийг тодорхой болгооч гэж Сангийн сайдад хэлээд байгаа.
Д.ОЮУНХОРОЛ:
-Монгол Улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтыг яагаад 76-хан тэрбум төгрөг болгож бууруулсан юм бэ?
-Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтад 500 гаруй тэрбум төгрөг тавьсан. Ирэх оны төсөвт одоохондоо 76 тэрбум төгрөг л суулгаж оруулж иржээ. Бараг арав дахин бууруулсан төсөв. Эдийн засаг тэлж байгаа юм бол хөрөнгө оруулалт яагаад буураад байгааг Сангийн сайдаас асуусан. Хүний хөгжил сантай уялдуулж, орж ирэх хөрөнгө оруулалтаа тэндээ татан төвлөрүүлж байгаа юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалтаа хасч оруулж ирсэн байна. Дараа нь зохицуулаад, төсвийн тодотгол хийгээд 10 дахин өсгөх боломж гарна гэж С.Баярцогт сайд тайлбарласан.
А.ТЛЕЙХАН:
-Засгийн газар яагаад төсвийн хөрөнгө оруулалтын нийт дүнгийн ердөө 10 хувийг буюу 76 тэрбум төгрөг төсөлд суулгаж оруулж ирсэн юм бол?
-Янз бүрийн шалтгаан байсан биз. Гадаад талдаа бид ОУВС-тай гэрээ бай-гуулсан. Төсвийн алдагдлын хэмжээг тодорхой хувьд барих даалгавартай. Гэхдээ одоо өргөн барьсан төслийн 76 тэрбумыг нэмэгдүүлж, 700 гаруй тэрбум болгоно шүү дээ. Хөрөнгө оруулалтын хэмжээг УИХ төсөв хэлэлцэх явцдаа засч, залруулна. Ямар ч байсан төсөв нэмэгдэх хандлага байна. Одоо гурван их наяд төгрөг даваад байна шүү дээ. Төсвөөс гадна хоёр эх үүсвэрээр хөрөнгө оруулалт бий болгох боломжтой. Нэг нь, Хөгжлийн банк байгуулах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Нөгөө нь, хувийн хэвшлийн шугамаар хийх хөрөнгө оруулалт. Энэ мэтчилэн цаашид мөнгөний урсгал нэмэгдэх нь. Тэгэхээр үүнтэй уялдуулж бид Төрийн мөнгөний бодлогод түлхүү анхаарах шаардлага байна.
Ж.ЭНХБАЯР:
-Төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хэлэлцээг нь байгуулж эцэслээгүй Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авах хэлбэрээр бүрдүүлнэ гэдэг үнэн үү?
-Сангийн сайдаас асуумаар зүйл байна. Ер нь бол Тавантолгойн урьдчилгаанаас авч болохгүй. Орж ирээгүй ирээдүйн орлогыг төлөвлөнө гэж байхгүй. Төсөвт орсон зүйлсийг л зарцуулдаг шүү дээ. Мэдээж эх үүсвэрүүд нь стратегийн орд газруудын урьдчилгаа байж болно. Гэхдээ одоо гэрээ хэлцэл нь дуусаагүй, урьдчилгаа нь орж ирээгүй байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Төсвийн төсөлд 76 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад гээд биччихэж. Нөгөө гишүүдийн мөнгө биш биз дээ?
-УИХ-ын чуулган дээр би Сангийн сайдаас асуусан шүү дээ. Арай Засгийн газар нь УИХ-аа ёвроод байгаа юм биш биз гэж. Нөгөө гишүүдийн мөнгө гэдэг шиг оруулж ирлээ гэж хэлсэн л дээ. Ер нь бол тойрогт 76 тэрбум байтугай хөренге оруулалт шаардлагатай. Сангийн сайд болохоор ирэх оны хөрөнгө оруулалт 600 гаруй тэрбум төгрөг болно гэж ярьж байна лээ. Гэхдээ энэ мөнгөнийх нь эх үүсвэр тодорхойгүй байгаа юм билээ. Тавантолгойгоос л урьдчилгаа авна гэж ярьсан. Үүнийхээ тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас тараах бэлэн мөнгө, үлдсэнийг нь хөрөнгө оруулалтад зарцуулна гэсэн. Гишүүдийн хувьд тодорхой эх үүсвэргүй төсвийг шүүмжилж байгаа. Буцаах хэрэгтэй гэсэн саналыг ч зарим гишүүн гаргаж байгаа шүү дээ.
З.ЭНХБОЛД:
-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгойн урьдчилгааг зарцуулахаар тооцжээ. Ингэж болох уу?
-Байхгүй мөнгөө төсвийн орлогод бичээгүй хэрнээ зарлага дээр нь бичээд ороод ирлээ. Ийм хариуцлагагүй төсөв байж болохгүй. Нэгдүгээрт, Тавантолгойг зарахыг Засгийн газарт хэн ч зөвшөөрөөгүй. УИХ-аас баталсан тогтоол бол компани байгуулах тухай. Гэтэл Засгийн газар Тавантолгойг зарах тухай юм яриад ороод ирлээ. Яриад гэсэн нь цаасан дээр болохоор тэр тухайгаа бичээгүй байгаа юм. Харин аман дээрээ л яриад байна. Тавантолгойд ямар ч стратегийн хөрөнгө оруулагч хэрэггүй. Зүгээр хувьцааг нь хөрөнгийн биржид гаргах тухай байх ёстой. Тавантолгойг зарах тухай ярьж байгаа нь Засгийн газрын буруу.
Х.БАДАМСҮРЭН:
-76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх онд хангалттай юу?
-Энэ 76 тэрбум бол төсвийн хөрөнгө оруулалтын ердөө 10 хувь нь байх. Мэдээж оруулж ирсэн хэмжээний хөрөнгө Монгол Улсын хэмжээнд хуримтлагдсан асуудлыг шийдэхэд хүрэлцэхгүй. Бид хөрөнгө оруулалтыг нэмэх талд ажиллана.