Өмнөговийн эмнэлэг нарийн шинжилгээний аппаратуудтай боллоо
Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Улаанбаатар хотын клиник эмнэлэгт байдаг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүрэн автомат аппаратуудыг суурилуулж байгаа аж. Энэхүү аппаратуудыг суурилуулах зардлыг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нарын тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөс гаргасан байна.
Уг ажлын гүйцэтгэгчээр «Сетунари» ХХК шалгарч, аппаратуудаа авч ирж суурилуулж эхэлжээ.Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж байгаа аппаратууд нь Герман улсын «Roche», «Systec», «Нettich», «Ferroma», Итали улсын «Tecnoware», Францын «Stage» фирмүүдэд үйлдвэрлэгдсэн байна. Түүнчлэн биохимийн бүрэн автомат анализатор, цус бүлэгнэлтийн автомат анализатор, лабораторийн хөргөгч, тог тогтворжуулагч зэрэг нийт есөн төрлийн аппаратыг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж байгаа аж. Мөн аппарат бүрийн зориулалтын ширээ, дагалдах хэрэгслүүд нь иж бүрнээрээ багтаж байгаа гэнэ.Шинжилгээ оношлогоог маш удаан хийдэг байсан тус эмнэлгийнхэн одоо бүрэн автомат аппаратынтусламжтайгаар ,40-50 хүний шинжилгээг нэг цагийн дотор хийх , бүрэн боломжтой болжээ.
Ингэснээрээ цаг хугацаа хэмнэхээс гадна шинжилгээний хариу нарийвчилсан байдлаар үнэн зөв гардгаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн ярьж байна.Үүгээр ч зогсохгүй тус аймгийн гурван эмчийг дээрх аппарат дээр ажиллах мэргэжилтнээр бэлтгэх аж. Аппаратыг ажиллуулах мэргэжилтэн бэлэн болонгуут иргэд эмнэлгийн нарийн шинжилгээг аймагтаа хийлгэж эхлэх нь ээ.