Ц.Даваасүрэн: Амжиргааны түвшин боломжийн айлууд хүүхдийн мөнгө аваад байх шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар энэ оны төсвийн тодотгол ыг ид хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн энэ тодотголыг та ямар болсон гэж үзэж байна вэ?
-Төсвийн тодотголоор шийдэх асуудал олон байна. Зудтай холбоотойгоор үүссэн асуудалд нэлээд хөрөнгө шаардагдаж байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгө дууссан. Цаашдаа өөр асуудал үүсч болзошгүй. Тиймээс онцгой нөхцөлд хэрэглэгдэх мөнгийг тусгасан байх ёстой. Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх ч юм уу. Мөн сайдын багцад орох ёстой хөрөнгийг тусгах асуудал байгаа. Дээрх асуудлуудыг шийдвэрлэсэн төсөв болжээ.Дээр нь өнөөдөр зэсийн үнэ өндөр байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн нийлүүлэлт багассантай холбоотойгоор үнэ нь өссөн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор зэсийн үнийг зайлшгүй тодруулах шаардлага гарсан. Бид зэсийн үнийг 5500 ам.долларт тооцсон байсан. Гэтэл зах зээл дээр 7000 ам.доллараас буурахгүй байна. Тиймээс 7500 ам.доллар болгож үнийн зохицуулалт хийх шаардлага байна. Орж ирж байгаа мөнгөө төсөвт тусгаж, хөрөнгө оруулалтаа хийж байхгүй бол манай хөрөнгө оруулалт цаг үеийн шинж чанартай байдаг. Дулааны улиралд газар гэсэнгүүт ажил явагдаад, хүйтэрч, газар хөлдөөд ирэхээр дуусчихдаг. Энэ удаагийн төсвийн тодотгол эдгээр шаардлагуудыг хангасан байна. Цаашдаа төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад засч сайжруулах зүйл байна.
-Тодотголд хүүхдийн мөнгийг тусгаагүй байсан. Хэлэлцүүлгийн явцад ямар хувилбараар оруулах бол?
-Хүүхдийн мөнгө зохих ёстой эзэндээ очих ёстой гэж гишүүнийхээ хувьд бодож байна. Олон улсын байгууллага ч бидэнд амьжиргааны түвшин доогуур 165 мянган өрхийн хүүхдүүдэд чиглэсэн бодлого явуулаач гэж зөвлөж байгаа. Ингэвэл халамжийн бодлогын үр дүн гарна. Түүнээс бус амьжиргааны түвшин сайн, баян айл өрхүүд хүүхдийн мөнгө аваад байх шаардлагагүй. Халамжийн энэ чиглэлийн асуудлыг Халамжийн багц хуулиуд батлагдсаны дараа хэлэлцэнэ. Хавтгайдаа мөнгө тараагаад байгаа нь үнэ хөөрөгдөөд байна шүү дээ. Өнөөдөр иргэнд хувь хишиг гээд 70 мянган төгрөг тараахад л махны үнэ яаж хөөрөгдөж байна. Хэрвээ 1.5 сая төгрөгийг иргэн бүртээ өгчихвөл эдийн засаг уналтад орж, үнэ өсөөд, орлого муутай, ажилгүй хүмүүсийн амьжиргаа сүйрлийн байдалд орох вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм учраас бид халамжийн бодлогыг цэгцтэй хийх хэрэгтэй байна. Үнийн өсөлт бий болоход орлогогүй хүмүүс туйлдана.
-УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилах 76 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусаагүй байсан. Үүнийг яаж оруулах вэ?
-Энэ ч улстөржсөн яриа болоод байгаа юм л даа. УИХ-ын гишүүн тухайн тойргийнхоо асуудлаар төсвийн хэлэлцүүлгийн явцад санал хураалгах бүрэн эрхтэй. Тэр хүрээндээ сонгогчид, аймаг орон нутгаас нь гаргасан саналуудыг хураалгаад л тавигдсан мөнгө. Нийтдээ 270 тэрбум төгрөг байсныг хоёр намын бүлгээр хэлэлцүүлж, хасаад 92 тэрбум төгрөг болгож бууруулсан. Энэ чинь 76 тэрбум төгрөг биш.Үүнд зарим нэг багцыг багц хооронд нь гүйлгэсэн зөрчил үүссэн. Сургуулийн төсвийг гэхэд л орон нутгийн багц дээр тавьж болохгүй. Сургуулийг боловсролын багцад, эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын багцад хамруулдаг. Ийм төрлийн зохицуулалтыг хийгээгүй байсныг өнөөдрийн тодотголоор залруулаад явж байна.
-"Монгол999" консерциумын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан БНХАУ-д айлчилсан. Хятад улсын хөгжил их хурдацтай явагдсан. Өвөрмонголын эдийн засгийн өсөлт манайхаас 30 дахин илүү байна. Бид таван тэрбум ам.долларын ДНБ үйлдвэрлэдэг. Гэтэл Өвөрмонгол 150 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үндэсний үйлдвэрлэгчид нь ийм чадавхтай байна. Тиймээс бид байгалийн баялгийг ашиглахдаа ДНБ-ий 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвш-лээ дэмжиж, тэднийг томоохон төсөл рүүгээ оруулах шаардлагатай. Нэг ч болтугай монгол нь сайн технологи оруулж ирээд хувийн хэвшлээ явуулаг л дээ. Монголын үндэсний компаниуд нэгдээд нэгдсэн нэг чиглэлд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй юм. Компаниудын чадавхийг дээшлүүлэх ёстой юм. Банк санхүүгийн байгууллага үнэхээр хүнд байна шүү дээ. Өнөөдөр зургаан сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй банкийг гадаадад ямар ч хөрөнгө оруулалтын чадавхтай банк гэж үзэхгүй. Санхүүгийн чадавхиа нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа нэгтгэе, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулъя гэж байгаа бол дэмжинэ. Гол нь зөв замаар явах ёстой. Ингэхгүй бол бид хөгжлөөрөө асар хол хаягдах гээд байна.
-МАХН-ын нэр бүхий 26 гишүүн намын даргадаа санал хүргүүлсэн. Үүний хариу ирсэн болов уу?
-Одоогоор хариу ирээгүй байна. Гишүүдийн тавиад байгаа санал бол нам дахь жигүүрийн тавьсан санал шүү дээ. Боловсон хүчний бодлогоо зөв болгооч, намын анхан шатны гишүүдийнхээ дуу хоолойг сонсдог болгоё гэдэг асуу-дал намын 25 дугаар их хурлын шийдвэрт туссан. Энэ бүгдийг ажил хэрэг болгож байж дараагийн их хуралдаа орох ёстой. Гэтэл дараагийн их хурал хуралдахад 13 асуудлаас хоёрыг нь шийдсэн гэж болохгүй биз дээ. Хэрвээ энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй бол 25 дугаар их хурлын асуудал шийдэгдсэнгүй, зөвхөн намын даргыг нь өөрчилсөн байна гэдэг асуудал гарна. Ийм учраас л их хурлын шийдвэрээ үр дүнтэй байлгая гэж зорьсон.