2025.05.16
Л.Соронзонболд: Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгах төсвийн орон зай бий юу?
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Нэгдүгээрт, Төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулгыг уншихаар уул, уурхайн салбарт хэрэгжиж байгаа мега төслүүд их чухал гэдэг. Гэтэл эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгах төсвийн орон зай ер нь байгаа юм уу ? 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд мега төслүүдээс хэдэн хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлнэ гэж тооцов? Газрын тосны үйлдвэрийн хэрэгжилтийн гүйцэтгэл хэдэн хувьтай гэж тооцож байна? Гүйцэтгэл хийж байгаа байгууллага нь 50 хувьд хүргэж болно гэж бодоод байдаггэтэл манай төсвийн хүрээний орон зай нь 20% эсвэл 10%-тай байлгахаар л нөхцөл байдалтай байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
Хоёрдугаарт, Өрийн удирдлагын гүйцэтгэлтэй холбоотойгоор нэг асуудал байна. 2023-2024 онд Өрийн удирдлагын зөвлөл хуралдаагүй гэсэн тайлан байна лээ. Хуралдаагүй шалтгаан нь юу байв. 2026-2028 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр хувилбаруудаас сонголт хийсэн байх ёстой. Яагаад энэ хувилбарыг сонгосон бэ гэдэг энэ шалтгаанаа тайлбарлана уу?

Сэтгүүлч