2025.05.16

С.Эрдэнэболд: Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байхад, эдийн засаг, макро эдийн засгийн нөхцөл байдалд анализ хийгээд, 2026 онд эрүүл мэндийн салбарт зоригтой төсөв оруулмаар байна

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Нэгдүгээрт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцох аргачлалыг эргэн харах шаардлагатай гээд дүгнэлт өгчихсөн байгаа шүү дээ Сангийн сайд. Үүн дээр ямар боломжууд байгаа юм бэ. Хоёрдугаарт, иргэдийн хувьд долларын ханш он дуусахад 4 мянга болох юм биш шүү гэдэг айдас, болгоомжлолтой байна.Үүн дээр тайлбар өгөөч. Мөн томоохон мега төслүүд, урантай холбоотой зүйлүүдийг эдийн засгийн нөлөөлөлд эергээр тооцчихсон байгаа нь өөрөө эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт харагдаад байна. Энэ дүгнэлт дээр бас тайлбар өгнө үү. Гуравдугаарт нь утааны сонсголын үеэр маш олон зүйлүүд яригдсан.

Ялангуяа эрх зүй, эдийн засаг, технологи, эрүүл мэндийн цогц асуудал юм байна гээд. Хүн амын талаас илүү шахуу хувь нь оршин амьдарч байгаа Улаанбаатар болон хот суурин газруудад хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, амь насанд заналхийлж байгаа хорт хавдрын үүсвэр болж байгаа энэ зүйл эдийн засгийн болон эрүүл мэндийн утгаараа асар их хохирол аваад байна. Эрүүл мэндийн төсөв хасагдаад байдаг. Энэ төсвийн хүрээний мэдэгдэл эдийн засаг, макро эдийн засгийнхаа нөхцөл байдлын анализыг харж байгаад 2026 оны төсөв орохтой зэрэгцээд эрүүл мэндийн сабларт төсөв зоригтой оруулмаар байна. 

21 аймгийн 6 бүс бүрт сүүлийн үеийн оношилгоо, технологийн асуудал, хүний нөөцийн асуудал, тэр ер нь эрүүл мэнд болон боловсролын дэд бүтцийн цогцоор нэг тийм бяртай шийдэхэд анхаармаар байгаа. Тэр утгаараа энэ төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл , макро эдийн засгийн орчныг ярьж байхад тодорхой мэдээллүүдээ давхар өгч явахыг хүсээд байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа