Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцсон зөвлөгөөн боллоо
Зөвлөгөөний эхэнд Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгалан 2009 онд тус дүүрэгт хийгдсэн ажлуудыг тайлагнахдаа “Найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, өр авлагагүй хамт олон боллоо” гэлээ. Мөн 2010 онд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын төлөвлөгөөг танилцуулсан юм.
Баянгол дүүргээс сонгогдсон дөрвөн гишүүн 500 сая төгрөгийг юунд зарцуулсан тухайгаа дурдсан. Мөн нэг тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах тухайд дүүргийн эрүүл мэндийн VII төвийн байрыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах, долоо, найм, 15-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн тасаг байрлах цогцолбор байрыг барих, “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулахаар болсон байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Энхбат нар нэг тэрбумыг гишүүдэд өгөхийг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Цогтбаатар “Нэн ядуу иргэдэд гэр олгох бус орлогожуулах хэрэгтэй” гэдгийг УИХ-ын гишүүдэд санал болгож байлаа. Тус дүүрэгт Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 222 ажлын байр гаргасан байна. Гэсэн хэдий ч нэн ядуу буюу орлогогүй 4700 орчим өрх байгааг ажилтай болгох шаардлагатай байгаа юм.