Д.Тэрбишдагва: Үнэнийг хэлсний төлөө яллаж болохгүй биз дээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа
-Ерөнхийлөгчөөс улсын төсөвт тавьсан хориг, гишүүдийн тойрогт хуваарилсан тэрбум төгрөгийн асуудлаар байр, сууриа илэрхийлсний төлөө таны эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр намнах ажиллагаа зохион байгуулагджээ дээ. Зарим хэвлэлд тийм үг, өгүүлбэр гарч, эх сурвалж нь Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн алба гэсэн мэдээлэл дуулдаж байна?
-Аливаа асуудлыг шударгаар, тухайн хүний нүүрэн дээр ил тод хэлэхийг хичээдэг. Байр сууриа илэрхийлсний минь төлөө захиалгатайгаар тодорхой зүйлүүд ярьж байгаагийн цаад эзнийг ч би мэдэж байгаа. Тэрбум төгрөгийн хувьд УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо тулгамдсан олон асуудлыг тавьсны тодорхой хэсэг л ингэж шийдэгдсэн. Ер нь гишүүд Сангийн яам, Засгийн газарт саналаа хүргүүлээд тэрийг нь хүлээж авдаггүй. Зөвхөн дарга болон Сангийн сайд, ажилтнууд түүгээрээ зохицоод хөрөнгө мөнгө тавиулчихдаг учраас үүнийг тэгш эрхтэйгээр тойрогтоо асуудал шийдэхээр тавиулсан. Зарчмын хувьд бол төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулж, орон нутаг нь саналаа гаргаж, мөнгө төгрөгөө захиран зарцуулах эрхтэй болчих юм бол энэ асуудал яригдахгүй.
-Өнгөрсөн жилийн 500 сая, энэ жилийн нэг тэрбум төгрөгийн хооронд тоо, хэмжээний зөрүү бий. Зарчмын хувьд ялгаа байна уу?
-Ялгаатай. Сая төгрөгийг бөөнөөр нь Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын багцад суулгачхаад түүгээрээ янз бүрийн юм хийгээд явчихсан. Энэ жилийн хувьд тав юм уу, арван тэрбум төгрөгийн санал оруулж, түүнээс ач холбогдлоороо илүү гэснийг л тавьсан. Үүнийг цааш нь засаж залруулах ёстой.
-500 сая төгрөгийг төсөвт суулгахад та эсэргүүцсэн юм уу?
-Өнгөрсөн жил 500 сая төгрөгийг төсөв, мөнгөнд суулгахад би эсэргүүцэж байсан хүний нэг. Энэ жилийн хувьд төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль, бусад хуулийн дагуу тойрогт хэрэгцээтэй олон асуудлаас чухлыг нь л тавьсан. Гэхдээ цаашид ийм маягаар явах нь буруу. Бөөнд нь хориг тавьчхаар энэ мөнгө задарна шүү дээ. Хэрэв 76 тэрбум төгрөг задрах юм бол, би гэхэд нэг тэрбум төгрөг бус Сонгинохайрхан дүүрэгт хэрэгцээтэй байгаа олон асуудлуудыг шийдүүлэхийн тулд асуудлыг ярьж таарна. Тухайлбал, улсын төсвийг оруулж ирэхэд хэмнэх зүйл байсан уу. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зүйл байсан уу гэвэл байсан.Гишүүд УИХ, холбогдох байнгын хороодын хуралдаанаар ярьж байгаад 120 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцэнэ гэж үзвэл, төсвийг задлаад асар олон зүйлийг нэг бүрчлэн ярина гэсэн үг шүү дээ.Тиймээс энэ агуулгаар нь төсвийг задалж хэрэг байна уу, зуд турхан болох гээд, цаг агаар хүндэрч байна, орон нутагт олон асуудал хүлээгдэж байхад дахин сар гаруйн хугацаа авах юм биш үү гэдгийг л хэлсэн.
"-Улс төрчид хэлсэндээ баймаарбайна" гэжтахэлсэн. Ямар утгаар тэгж дүгнэв, хэнийг хэлэв гээд асуулт байна?
-Өнгөрсөн жил 500 сая төгрөгөө авч худаг ус, зам, сургууль цэцэрлэгийн засвар, халуун ус барихад зарцуулсан хүн өнөөдөр "Энийгээ болиоч ээ" гэж ярьдаг, 2.5 сая төгрөг өгнө гэж амлачхаад маргааш нь өгөхгүй гэж хэлдэг байж таарахгүй. УИХ-ын гишүүд төсөв баталж байхад ерөөсөө гуравхан гишүүн, С.Оюун, Н.Ганбямба, З.Алтай нараас бусад нь төсвийг баталъя гэж гараа өргөчхөөд хориг тавингуут бүгд болохгүй юм шиг ярьж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч ард түмний тархийг угааж болмооргүй байгаа юм. Би нэг л зарчимтай, түүнийгээ хэний ч өмнө хэлнэ.Ерөнхийдөө гишүүдийн гэсэн нэртэй мөнгө байж болохгүй гэдэгт санал нэг байна.Тойрогт мөнгө тусгуулах бол өөр асуудал. Тиймээс гишүүдэд гэдэг нэр байж таарахгүй. 76 тэрбум төгрөгийг Сангийн яам, улсын төсөв хэлэлцэх үеэр оруулж ирж УИХ дэмжсэн гэж яривал хүмүүст илүү ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд "Би нэг тэрбум төгрөг тойрогтоо тавиулсан, мундаг байгаа биз" гэж яриад байвал буруу. Бусад хүмүүсээс давуу эрх эдэлчхэж байгаа байдал харагдаад байгаа юм.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв зардал нэмэгдсэн.Тухайлбал, шагналын зардал гэхэд л багагүй хувийг эзэлж байгааг та шүүмжилсэн?
-Алтангадас одонг нэг дор 629, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 112-ыг олгосон байна лээ. Ерөнхийлөгчийн төсөв 50 гаруй хувиар нэмэгдсэн. Зөвхөн одон медалийн зардал гэхэд л 24 хувиар нэмэгдсэн байгаа юм. Одон медаль тараахгүй, овоо, уул тахих-гүй гэсэн нь биш болох нь ээ. Овоо тахихгүй гэчхээд Ц.Элбэгдорж нисдэг тэргээр хоёр газар очсон, бодит үнэн ийм л байна. Нуугаад байх юм байхгүй. Үнэнийг хэлсний төлөө яллаж болохгүй биз дээ. Өнөөдөр одон, медаль тараахгүй гэчхээд нэг дор 1200 гаруй одон тараалаа. Одон, медаль авсан хүмүүсийг би шүүмжилмээргүй байна. Нэгэнт л шагнал авсан бол гавьяагаа үнэлүүлэхээр хэмжээнд сайн ажилласан байх. Эсвэл ирээдүйнх нь зүтгэлийг үнэлсэн болов уу. Өнөөдөр тойргийн иргэд, ард түмэн над руу ихээхэн утастаж байна. "УИХ-ын таван гишүүний туслах одон авсан байна, одонгийн үнэлэмж, чанар муу байна. Гэтэл улсад 40, 50 жил ажиллаад одон аваагүй, гавьяагаа ямар нэгэн байдлаар үнэлүүлээгүй хүн олон байна. Зарим нь хэчнээн жил хөдөлмөрлөж, зүтгэж байж арайхийж нэг одон, медаль авч байхад гишүүний туслах яахаараа энгэрээ мялааж байгаа юм бэ. Эсвэл дарга нарын ойр дотны хүмүүс одон, медаль бөөндөж байна" гэж. Ард түмэн маш их судалгаатай байдаг юм байна. Шүүмжлэл хэлж, маш олон асуудал тавьдаг. Тойргийн иргэдийн төлөөлөл, ард түмний элчийн хувьд би энэ асуудлыг бодууштай юм биш үү гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс бус хэн"нэгэн хүний эсрэг хэлж, "яриад, шүүмжлээд байгаа юм биш. Цаашид анхаараасай, санал гаргаж байна шүү.ямар нэгэн асуудал байвал засаж залруулаасай гэж хэлж байгааг минь эсрэг дүрд тавих гэж мөн ч их оролдож байна. Сүүлийн үед янз бүрээр оролдож, эсэргүүцэгч болгох гэж ядаж байх шиг.
-Бүтээн байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил олон бий.Тиймээс таныг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг сайжруулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон байх. Таны ажлын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Бүтээн байгуулалтын салбарт ихийг хийхсэн гэж бодож төлөвлөсөн олон ажил бий. Саяхнаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг сайжруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Монгол мал хөтөлбөрт ажиллаж байна. Дэд бүтцийн салбар, төмөр зам, уул уурхайн салбар дахь ажлын хэсэг болгонд орж ажиллаж байгаа. Аливаа ажилд сэтгэлээсээ хандаж, ардчилсан нийгмийн үед амьдарч байгаагийн хувьд асуудлыг нүүрэн дээр нь хэлснийг мушгиж гуйвуулах гэж оролдох юм. Нүүрэн дээр нь хэлж чадахгүй араас нь ярьдаг, бөөрнөөс өшиглөдөг "Түгжил зан" хэрэггүй шүү дээ.
-Агаарын бохирдлыг сайжруулах ажлыг юунаас эхэлж байна. Жил бүр мөнгө төсөвлөдөг, утаа багасах байтугай нэмэгддэг жишиг тогтоод удаж байна?
-2007 онд УИХ-ын 46 дугаар тогтоол гарч ажлын хэсэг ажилласан юм байна лээ. 2007 онд гарсан ажлын хэсэг ямар үр дүнд хүрснийг шалгана. Нөгөө талаас агаарын бохирдлыг сайжруулахад юу хэрэгтэй байгаа талаар санал оруулна. Ажлын хэсгийнхэнтэй хамтраад ажил эхэлж байна. Энэ салбарыг хариуцсан бүх хүн, албан байгууллага, тухайлбал Улаанбаатар хотын захиргаа, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, БОАЖЯ-ынхантай уулзаж ярилцахад нэг дүр зураг харагдаж байна. Дээр нь Германы техник, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаагаас үзэхэд үнэхээр бид энэ чиглэлд уялдаа холбоогүй, тус тусдаа тав, арван төгрөг авчихдаг байдал харагдаж байна. Энэ бүхнийг зангидаад агаарын бохирдолтой холбоотой Засгийн газраас гаргасан Д.Зоригт сайдаар ахлуулсан хороотой хамтран ажиллах юм бол ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломж бий. Жил болгон агаарын бохирдлыг бууруулна гэж ярьдаг, эсрэгээрээ нэмэгддэг.Урт, богино, дунд хугацааны бодлого боловсруулж ажиллах юм бол агаарын бохирдлыг багасгах, арилгах бүрэн боломжтой.
-Утаа өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. Гэр хорооллын иргэд гэртээ амны хаалттай сууж байна. Энэ талаар судалгаа хийж байна уу?
-Утаанаас үүдэж ямар хэмжээний хохирол гарч байгаа талаар судалгаа гаргуулж байна.Эцсийн дүн хараахан гараагүй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдлын хувь хэмжээ өндөр гарч байгаа. Ялангуяа агаарт байгаа тоосжилтын хэмжээ дундаж төвшнөөс хэд дахин их байна. Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг Улаанбаатар хотод дөрвөн газар орчин үеийн техник тавьж; хэмжиж байгаа. Утаанаас үүдэн зардал их гарч, монгол хүний нас хорогдож байна. Хүний нас, эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж болдоггүй. Иргэд амны хаалт зүүж, сэтгэл санааны маш хүнд дарамтад амьдарч байна. Зүрх судас, элэг, уушгины өвчин хэрхэн нэмэгдэв, шинэ төрж байгаа хүүхдүүд хорт хавдартай байна гээд тооцоход утаа асар их хохирол учруулсан. Зөвхөн өвлийн улиралд яриад өнгөрөх бус анхаарлаа байнга хандуулж даруй шийдэх ёстой асуудал.
-Утааг багасгахад тулгамдсан асуудал юу вэ. Манайхан нэг нь юм хэлэхээр нөгөө нь үгүйсгэсээр байгаад шийдэгддэггүй?
-Эрчимтэй үйл ажиллагаа явуулж санхүүгийн тодорхой асуудлыг шийдэх юм бол 4-5 жилийн дотор утааны 50-иас доошгүй хувийг бууруулах боломж бий.
-Д.Зоригт сайд 200 сая амдоллартай бол утааны 50 хувийг бууруулж чадна гэж байсан.Гэхдээ иргэд энэ үгэнд итгэхгүй байгаа?
-Би бүрэн итгэлтэй байна. Гагцхүү ажиллах хэрэгтэй. Утааг багасгахын тулд найман ажил бий. Тэрийг хийх ёстой. Хагас кокосжсон үйлдвэр барина гэхээр "Энийг чинь ард түмэн худалдаж авч дийлэхгүй" гээд нэг нь үгүйсгэчихдэг. Дулааны алдагдлыг багасгах гэхээр нөгөө нь "Ганц энэ асуудлаар юу ч шийдэж чадахгүй" гэдэг. Барилга, хот байгуулалтын асуудлыг шийднэ гэхээр "Хэн тэнд очиж суух юм бэ, төлбөрийг нь төлж барахгүй, чадахгүй" гэдэг. Хотын хүн амын төвлөрлийг сааруулахын тулд хотын зах руу дагуул хот байгуулах гэхээр бас зардал мөнгө гээд бие биеэ үгүйсгээд байдаг. Энэ бүхнийг нэгтгэж, зангидаж чадвал боломж бий, ажил урагшилна. Ямаанд 30 тэрбум төгрөг өгсөн шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод сая тонн нүүрс хэрэгтэй, тэрийг хагас коксжуулсан байдлаар ашиглах, дулааны алдагдлыг бодох юм бол тодорхой хэмжээгээр татаас төлөх ёстой. Түүнийг төлөхөд таван жилд 30 тэрбум төгрөг болно.Ямаанд өгдөг мөнгийг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зарцуулж яагаад болохгүй гэж. Жил жилээр ажлаа төлөвлөөд явахад болохгүй юм байхгүй. Энэ асуудлыг төр засаг хамгийн түрүүнд анхаарч, хэрэгжүүлэх ёстой.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.