Д.Оюунхорол: Төсвийг сайн уншаад үзээрэй. Гишүүний мөнгө гэж байхгүй
2009.12.17

Д.Оюунхорол: Төсвийг сайн уншаад үзээрэй. Гишүүний мөнгө гэж байхгүй

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ,

“Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байгааг хүлээн авах боломжгүй юмаа. 1 тэрбум төгрөгийг гишүүний мөнгө гэж ойлгоод буруу тайлбарлаж сурталчилгаа хиймээргүй байна.

Төсвийн хуулийг сайн уншаад үзээрэй. Гишүүний мөнгө гэж байхгүй. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж тухайн аймаг, сум, баг, хот, хорооны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлүүлэх л ёстой.

Төсөв хэлэлцэх үед гишүүд маш сайн ажилласан. Төсөвт орлого олох эх үүсвэрүүдийг гаргаж орлого нэмэгдүүлж, дайчилсан. Ер нь сангийн сайд эсвэл дарга нарын тойрогт төсөв хөрөнгө оруулалт илүү очдог байсныг болиулж хамгийн шударга тэгш хувиарлах, тухайн тойргийн гишүүд хөрөнгө оруулалтын саналаа сайд нарын багцад суулгасан.

Жишээ нь: 1960, 70 оны мөөгөнцөрт идэгдсэн хуучин актлагдсан барилга байшинд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёлын төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгааг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч хориглосоор байхад хөрөнгө мөнгө байхгүй байна гээд асуудлыг шийдэж чадахгүй явсаар өдийг хүрч байна шүү дээ. Хот хөдөөгийн ялгаа, төрийн үйлчилгээний чанар, түүнийг хүртэх эрх тэгш байдал нь дутмаг байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг л УИХ-ын гишүүд санхүүжилтийг нь шийдвэрлүүлж өгч байгаа хэрэг шүү дээ. Харин хот, аймаг , сумдын төсөв захиран зарцуулагч нар төсөвөө хариуцлагатайгаар захиран зарцуулж, ажлаа сайн хийх хэрэгтэй гэж бодож байна. Цаашдаа бид бодлогыг мөнгөтэй нь холбож асуудлаа шийдэж чадахгүй байгаа алдаагаа засах л ёстой.

Төсөвийн шинэчлэлийг хийж холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтийг оруулж төсөвийн ил тод байдал дээр тулгуурласан төсөвийн тогтолцооны хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийх ёстой. Өнөөдөр бидэнд бодитой төсөв, санхүүгийн төлөвлөлт маш чухал байна. Төсвийг нэг хүнд ноогдох нийгмийн суурь үйлчилгээний өртөг, газар нутгийн хол ойрын зай, байршил, хүн амын нягтрал, суурь дэд бүтэц бүрдсэн байдлыг харгалзан үзэж төсвийг төлөвлөх ёстой гэж үзэж байна.

Улс төрийн намууд, улс төрчдийн түвшинд сонгуулийн амлалтаа ч хариуцлагатай болгох ёстой. УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт олон хуулиудыг өөрчилөх шаардлага амьдралаас урган гарсаар байна “ гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.