Сэлэнгэ аймаг Улаанбаатартай өрсөлдөх цаг ирнэ
Монгол орны хамгийн үржил шимт хөрс бүхий газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагтай хийсэн онлайн ярилцлага тус аймгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход анхаарч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлэхэд чиглэгдэж чадлаа.
Онлайн ярилцлагыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ, энэхүү онлайн уулзалт ярилцлага УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ил тод болгоход хувь нэмрээ оруулж байгааг онцлоод Сэлэнгэ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Буянтогтохыг аймгийнхаа нөхцөл байдлыг танилцуулахыг урьсан юм. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга аймгийнхаа газар тариалангийн ололт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад тус аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө Бороо гоулдын ажил хаялтаас шалтгаалан 96,5 хувийн биелэлттэй байгааг хэлж байв. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн 750 сая төгрөгийг 100 гаруй ААН, иргэдэд олгосон, өвөлжилтийн бэлтгэл ажил болон мал өвөлжилтийн байдал одоогоор хүндрэл бэрхшээлгүй байгаа талаар ярьж, орон нутагт 460 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулснаа дэлгэрэнгүй тайлагнав.
УИХ-ын гишүүн Э.БАТ-ҮҮЛ: Сэлэнгэ аймгийн хөгжилд тууштай өөрчлөлт хийх боломжтой
УИХ-ын гишүүдэд микрофон шилжихэд, Э.Бат-Үүл гишүүн сонгогчиддоо хандан Ардчилсан хувьсгалын 20, Атрын 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр атрын гуравдугаар аяны хүрээнд Сэлэнгэчүүд улсын хэмжээний үр тарианы ургацын 60 хувь, төмс, хүнсний ногооны ургацын 50 хувийг хураан авсан амжилттайгаар Атрын 50 жилийн ойгоо угтсан ололт амжилтыг бахархан тэмдэглээд, тус аймгийн 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өглөө.
Ирэх жилийн хувьд хөрөнгө оруулалтыг ажлын байр бий болгоход чиглүүлж байгаа, үүний дотор ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, МАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх, зарим сумдад ЖДҮ-ийн парк бий болгоход чиглүүлснийг онцолсон юм. Мөн төмс, хүнсний ногоо, түүний үрийн санг шинэчлэх, үрийн фонд бий болгох, ургацаа хадгалах зоорь барих, дулааны шугам, сургуулийн засвар зэрэгт хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн нь Сэлэнгэ аймгийн хөгжилд нэлээд тууштай өөрчлөлт хийх боломжийг олгоно гэдэгт найдаж буйгаа эрхэм гишүүн илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ: Сэлэнгэ аймаг улсын төсвөөс татаас авдаггүй
С.Баярцогт гишүүн сонгогчидтойгоо онлайнаар уулзаж байгаадаа талархал илэрхийлж, “Энэ жил Сэлэнгэ аймгаас Ардчилсан хувьсгалын анхдагч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гишүүн, Атрын хөдөлмөрийн баатар Ш.Мардаан, Гавьяат эдийн засагч Д.Тангад нарын алдар цуутнууд төрсний зэрэгцээ тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан баярт үйл явдал тохиогоод байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын газар тариалангийн суурь бааз байсаар ирсэн тус аймаг нь харьцангуй дэд бүтэц сайтай болохыг тэрбээр тэмдэглээд, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт энэ хэвээр батлагдвал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын гуравдугаар 10 жилийн сургууль, 1-р цэцэрлэг, аймгийн төвийн засмал зам, Сант сумын хүн эмнэлгийн барилга зэрэгт төсвийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнийг хэлж байв. Тэрбээр Сэлэнгэ аймаг нь улсын төсвөөс татаас авдаггүй, харин татан төвлөрүүлдэг аймаг юм гээд газар тариалан, фермерийн аж ахуй, хүнд үйлдвэрлэлийн \алт, төмрийн хүдэр\ төв болох боломж бидэнд байна гэсэн юм.
Түүнчлэн тус аймагт хувийн хөрөнгө оруулалтаар 70км төмөр зам баригдсаныг Сангийн сайд С.Баярцогт онцлон хэлж, Сэлэнгэ аймагт ирээдүйн хөгжлийн өргөн боломж бий гэж үздэгээ илэрхийлсэн.
Баялаг их үйлдвэрлэсэн газарт төсвийн хөрөнгө оруулалт их байхаар шийдэх үед Сэлэнгэ аймгийн хувьд ашигтай тусах болно
Онлайн ярилцлагын асуулт, хариултын цаг эхлэхэд Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Батдорж, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Отгонхүү, аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Жавхлан нар эхний асуултуудыг асууж, Сангийн сайдаас хариулт авсан юм. Тэд өнгөрсөн онтой харьцуулахад орлогын төлөвлөлт нэмэгдсэн ч орон нутагт чиглэгдсэн хөрөнгө оруулалт яагаад тусгагдаагүй болох, Хөтлийн дулааны станцын асуудал, Сүхбаатар хотын дулааны станцын хоёр зуухыг шинэчлэх асуудал ирэх онд шийдэгдэх эсэх, Сэлэнгэ аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлэх Ерөнхий сайдын санаачлагыг дэмжиж байгаа эсэх, Сэлэнгэ аймагт гаднын аймгуудаас мал оруулахгүй байх бодлогыг хэрхэн үзэж байгаа талаар асуув.
Сангийн сайд С.Баярцогт эдгээр асуултуудад хариуллаа. Үүнд:
- Сэлэнгэ аймгийн хувьд татан төвлөрүүлдэг хэмжээ, орлогын бүрдүүлэлтийг харгалзан орлогын төлөвлөлтийг нэмэгдүүлж байгаа. 2006 он шиг орон нутгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй. Хүндрэлтэй аймаг сумдын асуудлыг ЗГХЭГ-ын даргын багцад оруулсан байгаа. Ер нь нийт аймгуудын жишиг ижил. Гэхдээ 2011 оноос эхлэн хаана баялаг их үйлдвэрлэж байна, тэнд төсвийн хөрөнгө оруулалт их байхаар шийдэхээр төлөвлөж байгаа нь Сэлэнгэ аймгийн хувьд ашигтай тусах болно. Энэ жилийн төсөв бол хямралын үеийн төсөв гэж ойлгох хэрэгтэй. Яваандаа байдал дээрдэнэ.
- Дулааны станцуудын асуудлыг ЗГ-ын хуралдаан дээр ярьсан. Шийдвэрлэх хэд хэдэн арга байна. Хөтлийн станцын хувьд үйлдвэртэйгээ нэг системд байгаа учир эдгээрийг салгах, эсвэл үйлдвэрт нь татаас өгөх эсэхийг шийдээгүй учир бэрхшээл учирч байгаа. Э.Бат-Үүл гишүүн тус үйлдвэрийн асуудлыг Х.Баттулга сайдад сайтар танилцуулсан байгаа. Ер нь олон газарт ДЦС-ыг нь салгаад орон нутгийн өмчид шилжүүлсэн туршлага байдаг. Энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар орон нутгийн удирдлагууд саналаа сайн гаргаж ир. Гол нь үр ашигтай, алдагдалгүй ажиллуулах тал дээр саналаа боловсруулж өгөөрэй, Засгийн газар дэмжинэ.
- Сүхбаатар хотын ДЦС-ын хувьд бүрэн хувьчлагдсан учир Засгийн газраас зээл өгөхөөр шийдвэрлэгдсэн байгаа.
- Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтыг аймаг өөрчлөх боломжгүй. Гэхдээ ЖДҮ-ийн салбарт 830 сая, үрийн фондод 300 сая төгрөг хуваарилагдаж ирнэ. Энэ нь эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээнд зориулагдана.
- Гаднаас өндөр үржил шимтэй үүлдрийнхээс бусад малыг оруулахгүй гэсэн асуудал яригдаж байгааг ойлгож байна. УИХ дээр газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлах асуудлыг хөндөж тавьсан. Уг нь хамгийн оновчтой шийдэл нь татварын зохицуулалт, эдийн засгийн урамшууллын тогтолцоо байдаг. Иймд захиргааны төдийгүй эдийн засгийн урамшууллын аргаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналаа ИТХ нь иргэдтэйгээ хамтран боловсруулж ирүүлэх хэрэгтэй байна.
Ийнхүү Сангийн сайд эхний асуултуудад хариулсны дараа Э.Бат-Үүл гишүүн уг асуудлаар саналаа илэрхийлэв. Үүнд:
- Аймгийн иргэдийн хурлаас малын хөлийн татварын хэлбэрээр уг асуудлаар санал боловсруулж ирүүлсэн ч тухайн үед УИХ малчдыг татвараас чөлөөлөх хууль батласан учир энэ асуудал яригдаагүй.
- Газар тариалангийн бүс нутгууд бэлчээрийн мал аж ахуйн дарамтад ороод байгаа нь үнэн. ХАА-н энэ хоёр салбар маш их ялгаатай, өөр өөр бодлого шаардсан салбарууд юм. Ямар ч байсан удахгүй Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ нь газар зохион байгуулалт, татвар, төлбөрийн асуудлыг хөндсөн хууль болох учир үүнд их найдлага тавьж байна.
- Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн МАА-г хөгжүүлэхийн тулд малчид хөдөлмөрөө хоршиж сурах хэрэгтэй байна. Тухайлбал, Зүүнбүрэн суманд 282 малчин өрх хоршоо байгуулсан туршлага байна. Ингэснээр нийлж бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байна.
- Аж үйлдвэр, натурал аж ахуй хоёр холбогдоход хэцүү. Иймд хоршооны гишүүд бэлчээрээ яаж зохицуулах вэ гэдгээс эхлээд хамтын менежментийн хэлбэрүүдийг оновчтой сонгох нь чухал юм. Тухайлбал, Хоршоод бэлчээрээ дундаа авбал тэр газрыг нь тэдний эзэмшилд шилжүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд байгаа гэв.
УИХ-ын гишүүдийн 76 тэрбум хаагуур яаж хуваарилагдах вэ?
Дараа нь тус аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн н.Энэбиш, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан УИХ-ын гишүүдийн 76 тэрбум хаагуур яаж хуваарилагдах вэ, Биеийн тамир, спортын цогцолборууд баригдаж байгаатай холбогдуулан биеийн тамирын арга зүйч шаардагдаж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн Сангийн сайдаас асуулаа.
С.Баярцогт сайд хариулахдаа:
- Энэ бол УИХ-ын гишүүдэд сонгогчдынх нь зүгээс ирүүлсэн саналд үндэслэн сонгогдсон тойрогтоо ийм зүйлийг хиймээр байна гэсэн гишүүний санал юм. Энэ 3 тэрбум 300 сая төгрөг нь Засаг даргын мэдэлд очиж, цахилгаан, дулааны шугамын асуудал, бороо оруулах хэрэгсэл, ЖДҮ, спортын төвийн тохижилт, спорт заал барих, үр хөтөлбөр, ногооны цех гэх мэтээр зарцуулагдах болно. Үүнээс хойш УИХ-ын гишүүний оролцоо гэж байхгүй. Гишүүдэд бэлэн мөнгө өгдөг гэсэн мэдээлэл нь буруу ташаа ойлголт юм.
- Спортын цогцолборууд баригдаад дуусахад арга зүйчийн асуудлыг шийдвэрлэнэ. Ер нь төсөв хэлэлцэхээс өмнө төсөл, төсвөө бэлтгэж ирүүлж бай гэсэн юм.
Сангийн сайд уулзалттай болсон тул асуултуудыг нэгтгэн асууна уу хэмээн Ц.Шаравдорж дарга Сэлэнгэ аймгийнханд анхааруулав. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч н.Батцэнгэл 180 сая төгрөгөөр орон сууцны барилгын засвар хийлгэсэнд нь талархаад дараагийн засварын ажил хүлээж байгааг Сангийн сайдад уламжилж, уг асуудалд онцгой анхаарна гэсэн хариултыг авлаа.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Батдорж нар Сангийн сайдад хандаж, орчин үеийн шаардлагад нийцсэн хог боловсруулах үйлдвэрийн ажил төсөвлөгдсөн нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор төсвийн тодотголоор хасагдсан, энэ асуудал 2010 оны төсөвт тусгагдах уу хэмээн асуув. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад жил бүр 15-16 сая төгрөг төсөвлөдөг ч Сангийн яаман дээр хасагддаг, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хариулт өгнө үү гэв. С.Баярцогт сайд эхний асуултыг БОЯ-наас тодруулж хариулт өгөхөө амлаад, ХМБ-ын төсвийн тухайд бусад аймгуудтай ижил жишгээр шийдэгдэх болно, яваандаа байдал сайжрах байх гэв.
Газар тариалангаасаа хол гурилын үйлдвэр, мал аж ахуйгаасаа хол мах, сүүний үйлдвэр гэж байдаггүй
Э.Бат-Үүл гишүүний яриа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн орчин үеийн чиг хандлагыг хөндсөн сэдвээр үргэлжиллээ. Тэрбээр ХБНГУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд явж байхдаа ХАА-н үзэсгэлэн худалдаа үзэж сонирхсон тухайгаа сонирхуулан ярьсан юм.
Европ тив тэр аяараа экологийн цэвэр хүнс хэрэглэдэг болсон, тэгээд ч ийм хүнс нь 5-8 дахин өндөр үнэтэй байдгийг эрхэм гишүүн яриад, манайх уг нь экологийн цэвэр хүнс нийлүүлж чадах уу гэвэл чадна, гэвч ийм улс орнуудад хүнс нийлүүлэхийн тулд мал нэг бүр нь бүртгэл, паспорт, ээмэг, эрүүл мэндийн гэрчилгээтэй байхыг шаарддаг юм байна. Манайх өмнө нь малын сан багатай байсан, одоо бол жаран сая малтай болсон. Япон гэхэд л Австралиас хонь авдаг. Гэтэл тэдэнд Монголоос хонь авах сонирхол байна. Яагаад гэвэл, манай сумочид хүч ихтэй байдаг нь монгол малын махтай холбоотой гэж тэд үздэг. Хонь экспортлох гэхээр нөгөө шаардлагууд нь биелэгддэггүй. ОХУ ч манайхаас мах авах сонирхолтой. Гэтэл танайх бруцеллёзтой байна гээд, монгол малын мах Оросод очихоороо гуравдугаар зэрэглэлийн мах болон хувирдаг талаар ярьж байсан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Бид 60 сая малаасаа 20 саяыг нь экспортлох боломж байна. Энэ бол Таван толгойгоос дутахгүй том баялаг.
Германд санамж бичигт гарын үсэг зурах үеэр тэд “танай газар тариалан бол 2,8 сая хүн, 60 сая малыг тэжээж байна гэж байсан юм. Энэ асуудлыг шийдэх ямар гарцыг та бүхэн харж байна вэ? хэмээн эрхэм гишүүн асуулаа.
Тэрбээр цааш нь, газар тариалангаасаа хол гурилын үйлдвэр, мал аж ахуйгаасаа хол мах, сүүний үйлдвэр гэж байдаггүйг онцлоод, эдгээр үйлдвэрүүд маань Сэлэнгэ аймагт очиж суурьших эхлэл тавигдаж байна. Гэтэл манай аймгийн цахилгаан, дулаан, цэвэр усны үнэ Улаанбаатараас 5-6 дахин өндөр үнэтэй байна. Үүнийг яаж шийдэх вэ? хэмээн Сэлэнгэ аймгаас онлайн ярилцлагад оролцож буй сонгогчдоосоо асуулаа.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Буянтогтох малаа эрүүлжүүлэх нь чухал болохыг онцлоод мал эмнэлгийн асуудал тун хүндрэлтэй байгааг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүний яринаас үзэхэд, мал эмнэлгийг 100 хувь хувьчилсан нь мал аж ахуйд муугаар нөлөөлж байгаа бөгөөд хувийн мал эмнэлгүүдийн үйл ажиллагаа төсвийн хөрөнгөөр малын вакцин авч тарихаас хэтрэхгүй хэмжээнд хүрээд байгаа аж. Иймд тэрбээр мал эмнэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх, мал эмнэлгийн лабораториудыг бэхжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байна хэмээн хэлж байв. Мөн бэлчээрийн мал аж ахуйн замбараагүй хөдөлгөөн энэ байдалд улам сөрөг нөлөөлж буй тэрбээр дурдсан бөгөөд гишүүдийн зүгээс орон нутагтаа олон сайхан ажил хийхээр төлөвлөсөнд талархлаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Э.Бат-Үүл гишүүн аймгийн ИТХ-аас Сэлэнгэ аймагт ямар мал аж ахуйг хөгжүүлэх нь зохистой байх талаар шийдвэр гаргаж, стандарт боловсруулж, эрүүл малтай аймаг болох зорилт тавиад, малын карантин зохион байгуулж хойд хөрш рүүгээ экспорт хийх боломж байгааг сануулан хэлснийг ИТХ-ын нарийн бичгийн дарга “Маш сайхан санаа байна” хэмээн хүлээж авч байв. Тэрбээр аймгаасаа төсөл хөтөлбөр, санал, стандартуудаа боловсруулж гишүүддээ хүргүүлэхээр амлалаа.
Э.Бат-Үүл гишүүн Ерөнхий сайдын хэлсний дагуу Сэлэнгэ аймгаа загвар аймаг болгоё гээд, одоогоор Алтан тариа, Гачуурт компаниудаас бусад нь манай аймагт үйлдвэрлэлээ аваачиж чадахгүй байгаагийн шалтгаан дулаан, цэвэр усны үнэ өндөр байгаатай холбоотой байна. Уг нь үйлдвэрлэлүүд Алтанбулагийн чөлөөт бүсийг түших гээд байна хэмээн хэлэхэд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Отгонхүү уг асуулттай холбогдуулан саналаа хэлэв. Тэрбээр дулааны станцын хувьд ерээд онд баригдсан учир өндөр зардлаар ажилладаг, тэгээд ч цөөн хэрэглэгчтэй учраас үйлчилгээний үнэ өндөр байгааг хэлж, бага зардлаар үр ашигтай ажилладаг үйлдвэрийн саналыг бид боловсруулъя, та бүхэн дэмжээч гэв. Мөн цахилгааны төлбөр ч өндөр байгаа учир илүү ашигтай боломжуудыг эрэлхийлсэн төслүүдээ бид бичье гэлээ. Э.Бат-Үүл гишүүн төслөө бичиж ирүүлээрэй гэж хэлснээр онлайн ярилцлагын асуулт хариулт өндөрлөлөө.
ИТХ-ын нарийн бичгийн дарга О.БУЯНТОГТОХ: Орон нутгийн санаачлага, иргэдийн оролцоо тун чухал юм байна гэдгийг ойлголоо
Онлайнаар сонгогчидтойгоо уулзсан уулзалтыг дүгнэж ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Буянтогтох хэлсэн үгэндээ, “Онлайн ярилцлага чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Төсөв батлахын өмнө гишүүд мэдээлэл өгч, санал солилцож, хамтран уулзаж ярилцсанд маш их талархаж байна. Энэ ярилцлагыг аль болох ойр ойрхон зохион байгуулж УИХ-аар батлах гэж буй хуулийн талаар мэдээлэл авч, саналаа өгөх боломж бүрдүүлдэг байвал бүр ч үр дүнтэй байна. Өнөөдөр төсвийн асуудлаар тодорхой мэдээлэл авлаа. Гишүүд мөнгө хувааж авсан гэсэн буруу ойлголтыг залруулж, УИХ-ын гишүүдтэйгээ ярилцсан тухайгаа олон нийтдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэнэ. УИХ-ын гишүүд тодорхой ажил хийж, асуудлыг шийдвэрлэх явцад орон нутгийн иргэдийн оролцоо тун чухал юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдрийн уулзалт маш чухал, үр дүнтэй боллоо” гэсэн юм.
Э.Бат-Үүл гишүүн уулзалтыг дүгнэж хэлэхдээ, “Онлайн ярилцлага их сайхан боллоо. Энэ бол ажил хэргийн хурал юм. Монголын төрөөс Сэлэнгэ аймгийн хөгжилд онцгой анхаарч байна. “21 дүгээр зууны хөгжлийн туршилтын талбай болгоё” гэж Ерөнхий сайд хэлсэн. УИХ ч анхаарч байна. Иймд орон нутгаас маш их санаачлага гаргах хэрэгтэй байна. Төсөв хэлэлцэх үеэр төслөө явуулаач гэж холбоо барих шаардлага маш их гарсан. Орон нутгийн удирдлагууд үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Сумдын дарга, хариуцлагатай ажилтнуудыг шахаж ажиллуул. Хөрөнгө оруулалтыг шийдэхэд юу хэрэгтэй байна тэр бүгдийг орон нутгаасаа хийж ирүүлж бай. Хөгжлийн том асуудлаа хамтдаа шийдэцгээе. Айлын хашаанд ажилгүй залуус олон байна. Хүмүүс аргаа барж байна. Хөрөнгө оруулалтын бодлогоор үйлдвэржилтийг дэмжье, ажлын байр гаргая. Төслөө хиймээр байна. Ингэж чадвал Сэлэнгэ аймаг Улаанбаатартай өрсөлдөх цаг ирнэ” гэв.
Уулзалтыг хааж Ц.Шаравдорж дарга үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн онлайн ярилцлага хүссэн үр дүнд хүрч чадсаныг онцлоод, сэдэв тодорхой, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэсэн, хийсэн дүгнэлттэй, хийх ажлаа бодсон уулзалт болж чадлаа гээд Сэлэнгэ аймгийнханд болон эрхэм гишүүдэд талархал илэрхийлсэн юм.
Онлайн ярилцлагын үеэр, Сэлэнгэ аймгийнхан хөгжлийн том алхам хийхийн өмнөх гараан дээрээ зогсож буй мэт сэтгэгдэл төрж байв. Тэд төрийн бодлогод чухал ач холбогдол өгч, “дээрээс” бүхнийг шийдүүлэх хандлагатай байгаа нь ажиглагдсан ч өөрсдөөс нь маш их зүйл хамаарна гэдгийг ойлгож чадсан нь өнөөдрийн гол ололт байлаа. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс хэмээн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж буй Сэлэнгэчүүд 21 дүгээр зууны хөгжлийн “лаборатори” болох цаг айсуй.