Эрдэнэтийнхнийг төсвийн хуваарилалтын гадна үлдээсэн гэж шүүмжиллээ
2011.03.24

Эрдэнэтийнхнийг төсвийн хуваарилалтын гадна үлдээсэн гэж шүүмжиллээ

УИХ-ын намрын чуулган завсарлаж, ихэнх түшээд орон нутагт ажилладаг уламжлалтай. Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж байгаатай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон мэргэжилтнүүд багтсан юм. Ажлын хэсгийнхэн тус аймгийн Боловсрол, соёлын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ажил байдалтай танилцаж, харилцан санал солилцсон. УИХ-ын хоёр гишүүн аймгийн ажил байдалтай танилцаж байгаад нь аймгийн удирдлагууд нь их л олзуурхаж байв. Төрийн халамж үйлчилгээг иргэд хүртэх гол гүүр нь болдог Хөдөлмөр, халамж.үйлчилгээний хэлтэс нь тус аймгийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгууллагын нэг. Ажлын өдрүүдэд ургахын улаан нарнаас эхлээд ажлын цаг дуустал энэ байгууллага олны хөлд дарагддаг аж. Нийт хүн амынхаа тоогоор нийслэлийн хотын дараа ордог Эрдэнэтэд идэвхтэй шилжилт хөдөлгөөн өрнөж одоогоор 89 мянган хүн амтай болоод байна. Тэдгээрээс 2900 орчим нь тодорхой шалтгааны улмаас иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байгаа юм.

 

Эрдэнэтийг Монголын хамгийн "баян" хот гэж үздэг хүн олон бий. Учир нь дэлхийд хамгийн томд тооцогдох үйлдвэр энэ хотод байдаг. Хүн ам ихсэхийн хэрээр хот тэлж, ажлын байрны орон тоог нэмэх шаардлага гардаг нь нууц биш. Эрдэнэтэд дэд бүтэц нэлээд өндөр хөгжсөн болохоор ажлын байрны асуудал дээр нэг их бэрхшээл гардаггүй аж. Хамгийн гол нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд нутгийн удирдлагууд нь анхаарлаа хандуулдаг. Уул уурхайн салбар хөгжсөн болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэж байгаа аж. Тус хотод одоогийн байдлаар 1800 орчим иргэн ажил идэвхтэй хайж байна гэсэн судалгааг тус байгууллагаас гаргажээ. Орхон аймгийн иргэдийн амьдралын баталгаа болсон "Эрдэнэт" үйлдвэрийн дундаж цалин 1.4 сая төгрөг байдаг аж. Энэ нь бусад газрынхантай харьцуулбал боломжийн өндөр цалин. Тэд Оюутолгой, Таван толгойг гол өрсөлдөгчөө болгож ажилчдынхаа цалин хөлсний тал дээр илүү их анхаарал хандуулах гэнэ. Өнгөрсөн жил гэхэд нийт 520 сая төгрөгийг 1.25 хувийн хүүтэйгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Харин энэ жил аймгийн хэмжээнд тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон байна.

 

Эрдэнэтээс ирээдүйн олимпийн аварга төрнө гэхдээ

Боловсролын салбараа нэлээд их харж үздэг болох нь Эрдэнэтэд ажиллах үеэр ажиглагдав. Ялангуяа бага залуугаас нь мэргэшил олгох сургалтыг олноор нь зохион байгуулдаг ажээ. Оюутан, залуусынхаа сургалтад гол анхаарлаа хандуулдаг учраас багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулдаг байна. Бас дутагдал ч бий. Гэхдээ энэ нь шууд санхүүгээс хамааралтай. Хамгийн энгийн жишээ өгүүлэхэд 30 гаруй жилийн нүүр үзсэн Эрдэнэтийн ерөнхий боловсролын сургууль анх байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл дотроо бие засах газаргүй гэнэ. Өвөл, зунгүй гадаа бие засаж, эргээд энэ нь өвчин болох магадлал өндөр аж. Энэ сургуульд 2000 орчим хүүхэд боловсрол олж байна. Ер нь аймгийн хэмжээнд 18 ерөнхий боловсролын сургууль, гурван дээд сургууль, хоёр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Бас нэг авууштай тал нь спортын тусгай сургалттай сургууль байгуулжээ. Орон нутагт ийм сургууль нэг их олон байдаггүй. Одоогоор тус сургууль волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, жудо, чөлөөт бөх, бокс гэсэн спортын зургаар төрлөөр 150 гаруй хүүхдийг сургаж байгаа аж. Аймгийн хэмжээнд байдаг хоёр ордондоо хичээлээ мэргэжлийн хичээлээ явуулдаг байна. Мэдээж манай улс олимпийн аваргатай болсноос хойш спортоор хичээллэх хүсэлтэй хүүхдийн тоо улсын хэмжээнд гурав дахин нэмэгдсэн. "Ирээдүйн одод" спортын сургалттай сургуулийн сурагчид "Атланта 96" зуны спортын наадмын хүрэл медальт Д.Нармандах, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг тамирчид шиг мундаг болохыг хүсэж байгаагаа нуугаагүй. Сонирхуулахад, дээрх сургуулийн нэгэн сурагч сүмогийн оозэки Харүмафүжид ил захидал илгээсэн гэнэ.

 

Түүний хүсэлтээр Харүмафүжи Эрдэнэтэд зочилж, тухайн хүүхдийн мөрөөдлийг биелүүлж өгөх тал дээр анхаарна гэсэн хариу хэлээд явжээ. Ер нь бол сургалтын тал дээр нэг асуудал алга. Энэ янзаараа бол Эрдэнэтээс ирээдүйн олимпийн аварга ч төрж мэдэх юм. Гэхдээ сурах орчин, нөхцөлийг нь сайн бүрдүүлэхгүй бол хэцүү л дээ. Гол шалтгаан нь ЕБС-иудад хуваарилдаг төсөв орон нутагт хүрэлцээ муутай аж. Ялангуяа Орхон аймагт бол бүр хэцүү. Яагаад гэвэл "Эрдэнэт" хэмээх асар том үйлдвэрийг түшдэг учраас харьяа яам нь халгаадаггүй гэнэ. Соёлын асуудал дээр ч мөн л адилхан. Улсын хэмжээнд хоёрхон байдаг хүүхэлдэйн театрын нэг нь Орхон аймагт бий. Уг нь энэ хотод байдаг соёлын төвүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэх. Даанч орчин нөхцөл нь хэцүү. Өнгөрсөн жил тус аймагт кино театр барихаар 500 сая төгрөг төсөвлөсөн юм билээ. Гэтэл өнөөх нь одоо хүртэл таг чиг хэвээрээ л байна. Хамгийн сонирхолтой нь энэ бүхнийг хариуцсан Боловсрол, соёлын газар нь түрээсийн байранд байдаг аж. Гэтэл одоо түрээсээ өгч дийлэхгүй 16 сая төгрөгийн өрөнд уначхаад байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ төсвийн байгууллага түрээс төлөх учиргүй. Яаманд хүсэлт тавиад очихоор яг л ийм хариулт өгдөг юм байх. Тус газрын дарга нь аргаа барахдаа Орхон аймагт ажилласан хоёр гишүүнээс тусламж хүссэн юм.

 

Томографийн аппаратгүй оношилгооны төв

Улсын хэмжээнд дөрөвхөн байдаг бүсийн оношилгооны төвийн нэг нь Орхон аймагт бий. Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Булган аймгаас гадна нутгийнхаа иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг томоохон байгууллага. Даанч зарим тал дээр учир дутагдалтай. Ийм том төвд зайлшгүй байх хэрэгтэй томографийн аппарат энэ эмнэлэгт алга. Уг нь өнгөрсөн жил нэлээд хуучирсан нэг аппарат байсан аж. Гэвч нэг их удалгүй "зүрх" нь зогссон гэнэ. Эмнэлгийн удирдлагууд арга барахдаа хоёр гишүүнд үүнээс өөр хүсэлт, гуйлт тавьж зүрхлээгүй юм. Хэрвээ энэ аппаратыг нь аваад өгчихвөл Орхон аймаг дахь бүсийн оношилгооны төв сэргэн мандлаа л гэсэн үг. Тэд хэзээ нэгэн цагт аппараттай болно гээд өрөөг нь хүртэл бэлэн болгосон байх юм.

 

Мөн гурван эмчийг энэ чиглэлээр бэлтгэжээ. Тэд одоо аппаратаа хүлээж байна. Даанч одоо хүртэл энэ асуудлыг яам нь шийдэж чадахгүй байгаа аж. Дээрх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд тавихаар өмнөөс нь янз бүрийн тайлбар хэлээд г буцаадаг гэсэн. Бас энэ эмнэлэгт 30 жилийн хугацаанд нэг ч удаа засвар хийгээгүй юм байна. Хүлээн авахын үүдээр ороход л энэ бүхэн мэдэгдсэн. Хананыхаа талыг будаад, үлдсэнийг нь будаг хүрэлцээгүйн улмаас орхижээ. Төсөвтөө тааруулж засвараа хийж байгаа нь энэ гэнэ. Үлдсэн хэсгээ дараагийн жил төсөвлөсөн мөнгөөр будах юм байх. Иймэрхүү асуудлыг нь шийдээд өгвөл Орхон аймгийн бүсийн оношилгооны төв асуудалгүй үйл ажиллагаагаа явуулах боломжтой аж. Зарим-даа азаар донор байгууллагын тусламжаар ганц нэг тоноглолоо сэлбэдэг. Эмнэлгийн, дарга нарын хүсэмжилсэн зүйл нь ердөө л энэ. Гэтэл Дорнод аймаг дахь бүсийн оношилгооны төвд Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр найман тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Эмч нарын ур чадвар өндөр. Мэс заслын тасаг нь нэлээд зохион байгуулалттай ажилладаг. Үүний үр дүн нь нэг хагалгааг 10-30 минутын дотор л өндөр төвшинд хийдэг гэнэ. Тэд үүгээрээ бахархдаг. Учир нь одоогоор ийм шуурхай үйлчилгээ манай улсад байхгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.