Согтууруулах ундааны хэрэглээ залуужих тусам донтох эмгэг нэмэгддэг
2015.10.05

Согтууруулах ундааны хэрэглээ залуужих тусам донтох эмгэг нэмэгддэг

"Архи, согтууруулах ундааны  талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, хэрэглээний дадлыг тодорхойлох судалгаа"-ны ажлын хүрээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үе болон архинд донтох эмгэгийн түвшнийг тооцож үзэхэд шууд хүчтэй хамаарал ажиглагдаж байна. Тодруулбал, бага эрсдэлтэй хүмүүсийн дунд 18 нас хүрэхээсээ өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс харьцангуй бага хувь (24.6%)-ийг эзлэж байхад 22-оос дээш насандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс харьцангуй өндөр хувь (29.2%)-тай байна. Харин дундаж, өндөр, архинд донтох хамааралтай хүмүүсийн дунд 22-оос дээш насандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн эзлэх хувь (дундаж 3.1%, өндөр 0.1%, архинд донтох хамааралтай 0.1%) хамгийн бага байхад 18 насанд хүрэхээсээ өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн хэмжээ харьцангуй өндөр хувь (дундаж 7.1%, өндөр 2.1%, архинд донтох хамааралтай 0.8%)-тай буюу 1-ээс 8 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Нас болон архинд донтох хамаарлын түвшин гэсэн хоёр хүчин зүйлийн хооронд -0.208* (p=0.000) буюу хүчтэй хамаарал ажиглагдаж байгаа нь архи хэрэглэх нас залуужих тусам архи, согтууруулах ундаанд хамааралтай болох эрсдэл нэмэгддэгийг харуулж байна.

Анх архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үе архинд донтох эрдэлийн хамаарал

Өнөөдөр өсвөр үеийнхний архи, согтууруулах ундааны хэрэглээнд хэд хэдэн чухал хүчин зүйл нөлөөлж байгаагаас нэгдүгээрт: бараашиг (чихэрлэг), айраг, монгол архи, шар айраг (бага градустай), дарс зэрэг бага хатуулагтай, мөн чихэрлэг амт бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлэх, улмаар энэ нь дадал болж хэвших суурь болж байна. Хоёрдугаарт: энэ насныхны онцлог, нийгмийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, өсвөр үеийнхэн 12, 13, 14 настайгаасаа эхлээд найз нөхдийн шахалт, дарамтанд өртөх, эсвэл санамсаргүй байдлаар бусдын хэрэглэж байсан архи, шар айргийг уух явдал гардаг бөгөөд анги ахих тутам архи, согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглээний давтамж нь нэмэгдэх хандлагатай болдог. Гэхдээ архи, согтууруулах ундааг өсвөр үеийнхэн өөрийн сонирхлоор хэрэглэдэг гэхээс илүүтэй найз нөхдөө сэтгэл санаагаар унасан үед нь тайвшруулах зорилгоор архи уувал тайвширна гэж санал тавих, архи уухгүй нэгнийгээ гадуурхах, оюутан болох хүн архи ууж сурах хэрэгтэй гэж зөвлөх, нэг нэгнээ дарамтанд оруулах, найз биш болох, нэгнийгээ өөдгүй гэх мэт үгээр сүрдүүлгэнд оруулж архи, согтууруулах ундаа хэрэглүүлэх явдал (насанд хүрэгчид мөн адил) элбэг байна. Тухайлбал,

-          Эрэгтэй хүүхдүүд охидуудаа ухааныг нь баларттал уулгаж байгаад бэлгийн хавьталд орохыг эрмэлзэх,

-          Үеийнхэндээ мундаг гэж харагдах (атман, овгор, лидер г.м),

-          Үерхэж байсан найз охин, хөвгүүнээсээ салах үед тайвшрах,

-          Гэр бүлийн таагүй уур амьсгалыг мартах,

-          Эцэг, эхийн хайхрамжгүй, хяналтгүй байдлаас архи, согтууруулах ундаа хэрэглэх хандлага ажиглагдаж байна.

Зарим тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдүүдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхийг нь өөгшүүлэх, дэмждэг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Баяр ёслолын үеэр хүүхдүүдээд шампанск, дарс зэрэг бага градустай согтууруулах ундааг амсаж, хэрэглэж үзэхийг зөвлөх, эсвэл эцэг, эх, ах, эгч нарынхаа хэрэглэж байсан согтууруулах ундааны зүйлийг санамсаргүй байдлаар, эсвэл шохоорхолдоо хөтлөгдөн хэрэглэх тохиолдол гардаг. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ салхинд гарахдаа цөөн тооны архи, пиво авч явахыг хүлээн зөвшөөрөх, эсвэл тэднээс далд байдлаар архи, пиво уух явдал цөөнгүй гардаг.

Энэ бүхний эцсийн үр дүн нь Монголын ирээдүй үеийнхэнд архинд донтох, архины гүн хамааралтай болох эрсдэл нэгэнт бий болсон нь судалгааны үр дүнгээр батлагдаж байгаа учир өсвөр үеийнхнийг энэхүү хортой хэрэглээнээс хол байлгах, хариуцлагажуулах тал дээр нийгмийн бүх гишүүд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.