Монгол Улс дахь иргэний орон зайн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдав
2025.02.01

Монгол Улс дахь иргэний орон зайн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдав

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 31-нийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэсээр 17 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ удаа иргэний орон зайн талаар олон талын оролцоотой хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгын газар Монголын Залуучуудын

Эвсэл төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын олонлог төлөөлөл бүхий 40 гаруй төлөөлөл болон УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Х.Баасанжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Улс төр, хэвлэл, мэдээллийн албаны дарга Кристоф Форакс, Пипл ин Нийд олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөл Э.Номин нар оролцжээ. 

Хэлэлцүүлэгт СИВИКУС байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан судлаач Жозеф Бэнэдик, Ашгийн төлөө бус эрх зүйн олон улсын төвийн Хууль зүйн ахлах зөвлөх Жули хантер нар илтгэл зочин илтгэгчээр оролцов. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Залуучууд, Спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Монголын Залуучуудын Эвслийн Захирал Т.Амарзаяа, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэд, залуучуудын оролцоо, иргэний нийгэм, иргэний орон зайн талаар зүгээс дараах мөрийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Үүнд:

1.1.1... Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжин ажиллана.

1.1.8. Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.

2.1.3. Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төр засаг, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг хангаж, төр, ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгана.

2.1.4. Улс төр, нийгмийн ээдрээтэй асуудлыг үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцлын зарчмаар шийдвэрлэж, улс төрийн манлайлал үзүүлж ажиллана.

3.1.9. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Эдгээр олон талын өмнөө тавьсан зорилго, зорилт хэрэгжихэд нэн шаардлагатай, нягт уялдаатай, иргэний болон улс төрийн эрх, хууль дээдлэх ёс, ардчилсан ёс, эрх тэгш байдал зэрэг үнэт зүйлсийн бодит илрэл болсон иргэний орон зай, түүний харилцааг нарийвчлан зохицуулсан хууль зүйн баталгааны талаар оролцогч талууд хэлэлцэж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл харилцан мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцаж, байр сууриа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг төлөвлөж хэлэлцүүлэг өндөрлөв.