УЛС ТӨРД ЗАЛУУЧУУД УЛАМ ОЛУУЛАА БОЛЖ БАЙЖ ХҮССЭН ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЖ ЧАДНА
Дэлхий даяар залуучууд улс төрд их идэвхтэй оролцдог болсон. Барууны орнуудыг харвал залуу улстөрчид, тэр дундаа парламентын гишүүнээс эхлээд Ерөнхий сайд, төрийн тэргүүн хүртэл улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Тоогоор хэлбэл 40-өөс доош насныхан юм. Тэгэхлээр энэ нь дэлхий нийтийн чиг хандлага болсон гэдгийг харуулж байна.
“Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг 40-өөс доош насны залуучууд эзэлдэг. Бид залуучуудын орон учраас залуучууд бүх салбарт идэвхтэй ажиллаж, манлайлан оролцох цаг нь болчихсон гэдгийг харуулж байгаа юм.”
Залуу хүн туршлагагүй гэх нийтлэг хандлага бий. Гэвч өнөөгийн залуус туршлагатай, хүсэл зорилготой, хийх эрмэлзэлтэй болсон. Тэглээ гээд улс төрд ороод байх ёстой юу гэж асуух байх. Тэд бүх салбарт байх төдийгүй удирдан манлайлах “онцгой үе” энэ цаг үед тохиогоод байгаа юм. Тэд бүх салбарт, жишээлбэл эрчим хүч, уул уурхай, бизнес, соёл урлаг, технологи гэх мэт бүх салбарт хүчтэй байна. Харин улс төр бол эдгээр шиг нэг л салбар шүү дээ.
Үүний нөгөө талд залуучууд маш их шантарч байна. Гадаад явах нь өнөө цагт хамгийн зөв шийдэл гэж бодож байгаа мянга мянган залуус бий. Тэдний зарим нь аль эрт явчихсан байх жишээтэй. Тэд өндөр цалин орлого харж энэ сонголтыг хийсэн үү гэвэл, өрөөсгөл. Тэдэнд ирээдүй нь бүрхэг харагдаж байгаа учраас хилийн дээс алхаж, тогтвортой, ойлгомжтой, хүнийг дээдэлдэг нийгэм рүү тэмүүлсэн нь тэр.
Мөн улс төрийг бохир, шударга бус зүйлээр болон хулгайгаар дүүрэн гэж хардаг нь түгээмэл ойлголт болсон. Гэвч үүнтэй эвлэрээд ингээд орхичих юм уу? Харин ч залуус бид өөрсдөө оролцож, бүр олуулаа улс төрд орж байж хүсэн хүлээсэн, бодож тэмүүлж байгаа тэр нийгэм, эх орныг бүтээнэ. Улс төрд хүсэл зорилготой орсон ганц нэгийгээ зүхэн, тамын тогоо руу татан унагах бус хамтдаа зэрэгцэн алхаж, олуулаа болж байж хийж, бүтээж чадна.
Залуус хэсэг хэсгээрээ уулзахдаа Монгол Улсаа хөгжүүлэх, нийт Монголчуудаа сайхан амьдруулах, бүр улсаа “аврах” цаг нь болсон тухай ярьдаг. Харин хэн түүнийг нь хийх юм бэ? Хэн Монгол орноо хөгжүүлэн авч явах юм бэ? Үнэхээр цаг нь ирсэн юм бол Монголын бүх залуучууд та бид хамтдаа гар бие оролцож байж өнгөрсөн 10, 20, 30 жилийн “Хуучин хүү”-ийн төрхөөсөө салж, “Шинэ хүү” болно. Дараа, маргааш, бидний дараагийн үе л чадна гэж алгуурлах тусам энэ онцгой үе өнгөрсөөр байна.
Дэлхий дахинд үе хоорондын ялгаа, зөрүү улам ихэссээр байна. Энэ нь дэлхий дахины хөгжил, тэр дундаа технологийн хөгжил маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой. Энэ өөрчлөлтөнд millenial, Gen Z, Alpha үеийн залуус илүү хурдан дасан зохицож, суралцаад явдаг. Энэ нь залуу үе өөрчлөлтөнд бэлэн, шинэ зүйл сурах чадвартай гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс улс төрд залуусыг зөвхөн ойлгохоос гадна эдгээр чадварыг эзэмшсэн, залуу сэтгэлгээтэй манлайлагч нэн шаардлагатай байна.
“Монгол залуус улс төржсөн, намчирхсан хандлага гаргахгүйгээр залуучуудыг идэвхжүүлж, хамтдаа суралцан, хийж бүтээн хөгжлийг манлайлж явах учиртай.”
Татвар, шимтгэлийн хэмжээ нэмэгдэж байхад мэдээж залуус дуртай байдаггүй. Харин хамгийн их сэтгэл гонсойлгодог зүйл нь эргээд төрөөс өгөх үйлчилгээ, бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалт нь оновчтой, сэтгэлд хүрэхээр байдаггүй нь залуусын урмыг хугалж, шантрах гол шалтгаан болж байна. Энийгээ залуучууд маань өөрсдөө мэдэж байгаа учраас бид нар бүгдээрээ л хамт ажиллах ёстой, хамт шийдлээ олох ёстой.
Асуудлыг мэдэж байгаа залуучууд бүгдээрээ нэгдэн, нийлэх л ёстой. Эс үйлдвэл, чамаас, надаас, биднээс дор шийдэлтэй нь чи болон чиний хайртай хүмүүсийн ирээдүйг шийдэж, бодлого боловсруулах болно. Бид тэр бодлого, шийдвэрээр нь амьдраад байна л гэсэн үг. Тиймээс одоо улс төрөөс айж, жийрхэх цаг биш. Өнөөдөр айх юм бол энэ чинь 30 жилийн дараа манай хүүхдүүд яг л адилхан байна шүү дээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn