2024.05.21

Б.Дөлгөөн: Гэрэлт ирээдүйг хүлээж суугаад ирэхгүй

Би улс орны хөгжлийн гол шалгуурыг чинээлэг амьдралтай хүмүүсийн амьдралыг хэр дээшлүүлснээр биш, харин амьдралаа залгуулахад хүнд байгаа хүмүүсийн амьдралыг хэр сайжруулснаар хэмжигддэг гэж боддог. Намайг бага байх 1990-д оны үед улс маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Тухайн үед олон үйлдвэр хаалгаа барьж, олон аав нар ажлаа алдаж, дэлгүүрт давснаас бусад барааг картаар олгож маш хүнд нөхцөлд Монголчууд орсон. Манайх гэж айл бусдын адил талханд очерлож, гэртээ сахартай талх л иддэг дундаж айлын л нэг байлаа. Манай хамаатнууд дундаас нүдэн дээр амьдралаа алдсан ах эгч нар бий. Ганц тэд ч биш, 1990-ээд оны шилжилтийн шуургад олон мянган айл өртөж, ядуурлын далайд живсэн нь өнөөдөр ч бүрэн арилаагүй байна.

Өнөөдөр манай улсын нийт 3.4 сая хүн амын 900 мянга нь буюу бараг дөрвөн монгол хүний нэг нь өлмөн, зэлмүүн ядуу амьдарч байна. Миний хувьд дунд сургуулийн сурагч байхдаа хог түүж амьдралаа залгуулдаг хүмүүстэй байнга дайралдаж, яавал энэ нөхцөл байдлаас эдгээр хүмүүсийг гаргаж болох бол гэдэг асуултыг асууж явдаг байлаа. Тэр үеэр амьжиргааг хэрхэн дээшлүүлж, ядуурлаас гарах боломж, гарцын талаар сонирхож, судалж явсаар бакалавр, магистрын зэргээ эдийн засгийн чиглэлээр хамгаалж, ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ мэргэжилтэй болсон юм.

Манай Монголд иргэн бүр өөрийн хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжтой гэж би хардаг. Нэг захаас нь нөгөө зах хүртэл 4 өдөр 4 шөнө давхиж хүрэх энэ уудам нутгийн эзэн нь болж төрсөн бид бодлогоо зөв тодорхойлж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадвал өрх бүрийн амьдралыг дээшлүүлж, ядуурлыг таягдан хаях боломжтой. Та бод л доо, Монгол улс нүүрс, зэс болон уран гээд газрын баялгаараа дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хүн амын хувьд ч боловсролоор өндөр, бичиг үсэг тайлагдалтаар дэлхийд дээгүүр ордог.

Монгол хүн эх орондоо хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж, дотоодын компаниуд бүтээмжээ өсгөн тив дамнасан бизнес хийдэг Монголыг зорилго нэгт залуустай хамтдаа бүтээлцэх мөрөөдөл надад бий. Би өөрөө 3 хүүхэдтэй аав хүн. Та бидний хүүхдүүд миний авч байгаа цалингаас илүү өндөр цалинг бидний насан дээр аваасай, амьсгалж байгаа агаараас илүү цэвэр агаараар амьсгалаасай, манай нийгэм гарын таван хуруунд багтдаг цөөн хэдэн баячууд бусад нь хол тасарсан биш, хөгжихдөө улсаараа бүгдээрээ урагшилж, хөгжөөсэй гэсэн хүсэл тээж явдаг хүн.

Миний хувьд асуудлыг шүүмжлээд суух уу, эсвэл шийдэл гаргахад оролцоод явах уу? гэсэн асуултад өөртөө хариулаад, улсдаа үр бүтээмжтэй ажиллах шийдвэр гаргасан.

Гэрэлт ирээдүйг хүлээж суугаад ирэхгүй. Яг өнөөдөр Монголд ажилласнаар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа. Тийм ч болоод та бид хоёр шиг дундаж айлын хэн нэгэн нь гадагшаа гарч ажиллая гэсэн хүсэлтэй, аль хэдийн гараад явчихсан 300 мянган хүн хилийн цаана ажиллаж байна. Бүтээмжийг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгаж, цөөхүүлээ биш олуулаа хөдөлмөрлөж байж хүрнэ. Ингэхийн тулд бодлогоо үндэслэл нотолгоотой боловсруулж, хэрэгжилтийн шатанд мэргэжлийн хүмүүсээр удирдуулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл төрийн чадамж сайжирснаар улсын хөгжил хурдсана.

Улмаар  2020 оноос Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлахад гар бие оролцож, УИХ-р батлуулсан. Дараа нь Монгол улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох Шинэ Сэргэлтийн Бодлогын үндэслэл нотолгоог гаргаад, өнөөдөр бодлогоо хэрэгжүүлэхэд оролцоод явж байна.

Ямар ч бэрх асуудалд энгийн, ойлгомжтой бөгөөд буруу шийдэл байж байдаг.

Хөгжлийн эдийн засгийн олон судалгаанаас харахад урт хугацаандаа улс орны хөгжлийн ялгаа нь зөв бодлого, бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн үү гэсэн хоёр хүчин зүйл дээр очиж зогсдог. Зөв бодлого барьж, гүйцэтгэл дээрээ алдчихгүй явсаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15,000 ам.долларт хүрвэл бид хүний эрх, эрх чөлөө, ардчилал уруудна гэсэн айдасгүй, бидний үеийнхэн дараагийн үедээ амар тайван нийгмээ хүлээлгэж өгч чадна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn