С.Эрдэнэбат:
Баялгийн хуваарилалтыг зөв хүртээмжтэй хийж байж улс орон хөгжинө
Энэ удаагийн "Vip зочин"-оор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг урьж, ярилцлаа.
-Таны хувьд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Та ямар зарчим баримтлан ажиллаж байна вэ?
Орчин үед эзэн гэдэг хүн бол хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэсэн хандлага давамгайлж байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол эхний ээлжид ажилчныхаа өмнө хариуцлага хүлээх явдал. Миний хувь ийм зарчмыг баримтлан ажиллана. МҮЭ-ийн холбоо нь бие даасан ямар нэг нам, эвсэл, бүлэглэлээс 100 хувь хараат бус байх ёстой. Харин гишүүдийнхээ болон Монголд баялаг бүтээж байгаа хүмүүсийнхээ сайн сайхны төлөө бодлого гаргаж буй Монгол Улсын Засгийн газар, мэдээж төрийн бодлогыг тодорхойлоход оролцдог улс төрийн намууд, бусад чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллана.
Манай холбоо төр засаг, ажил олгогчдын хооронд гүүр болдог хүн төрөлхтний бодож олсон маш том институц байгууллага юм. Олон улсад үйлдвэрчний эвлэлийг тусгаар тогтнолын баталгаа ч гэж хэлдэг. Түүнчлэн улс орнуудыг төр нь хэр зэрэг тогтвортой ардчилсан, иргэнлэг улс вэ гэдгийг хэмждэг үзүүлэлт нь үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаагаар харагддаг. Өнөөдөр эдийн засгийн аюулгүй байдлын тусгаар тогтнолд анхаарлаа хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал иргэдийн хувьд амьдралын наад захын хэрэгцээгээ хангах цалин хөлсний хүртээмж, баталгаа манай улсад ямар байгаа билээ. Мөн хүний хоёр дахь гэр болсон ажлын байрны аюулгүй байдалд анхаарлаа хандуулж ажиллах ёстой.
Түүнчлэн манай улс цөөхүүлээ хүний нөөц багатай улс, нэг сая 300 мянган ажиллах хүчинтэй гэсэн бүртгэл бий. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж буй 700-800 мянган хүн байна. Харин 200-300 мянга нь малчид байгаа бол мөн энэ тооны хүн албан бус салбарт өөрсдийгөө болгоод явж байна. 21-р зуунд зохист хөдөлмөрийн үзэл баримтлалыг шинэ шатанд гаргах хэрэгтэй.
Иргэдийн хувьд эх орондоо хүртээмжтэй цалин хөлс авч, амьдралын чанараа сайжруулж, тодорхой төлөвлөгөө гаргаж итгэл үнэмшилтэй амьдармаар байна.
Жишээ нь миний цалин ирэх 4 жилд ийм түвшинд хүрнэ, шинэ байртай болно, үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлнэ, эрүүл мэнддээ ийм хөрөнгө оруулалт хийнэ, хуримтлалд ийм мөнгө оруулна, амьдрал ахуйгаа ингэж дээшлүүлнэ гэх мэт амьдралын зорилго нь тодорхой байх хэрэгтэй.
-МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрт 2025 онд иргэдийнхээ дундаж цалинг 10 сая болгох зорилт тавьсан. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад энэ бол боломжгүй зүйл. Энэ тооцооллыг яаж гаргасан бэ?
Манай хөгжлийн хөтөлбөр тусдаа зүйл биш монгол хүнээ орлоготой, эх орондоо яаж сайхан амьдруулах вэ гэдэгт бодлого чиглэгдэх ёстой. Баялгийг үр өгөөжтэй иргэддээ хувиарлах арга хэрэгсэл бол цалин хөлс. Монгол Улсыг 2040-2050 онд Скандинавын орны хөгжлийн түвшинд хүргэх төр засгийн хөгжлийн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрт хөгжлийн жишиг болж орсон Дани, Норвеги, Швед зэрэг улс хүн амын тоогоороо манай улстай ойролцоо, байгалийн баялгаа иргэддээ зөв хуваарилж чадсаны үр дүнд иргэдийнхээ цалин хөлсний хүртээмжийг нэмэгдүүлж, дундаж орлоготой иргэд нь 3000 еврогийн цалинтай амьдарч байна.
Манай улс 3 сая гаруй хүн амтай, дийлэнх нь хөдөлмөрийн насны залуучуудтай энэ үүднээсээ дундаж цалинг 2 сая 500 мянга болох боломжтой. Үүнийг бодож, тооцоолоод 2040-2050 онд дундаж цалин 10 сая болох боломжтой гэж гаргасан. Үүнийг хэн нэгэнд таалагдах гэж гаргасангүй. Үүнийг бодит ажил болгоход мэдээж нэмэлт орлогуудыг бий болгох шаардлагатай. Тухайлбал, Эрдэнэс тавантолгойн хувьцаанаас гадна Оюутолгой, Эрдэнэтийн хувьцаа гэж гаргаж, ард түмэндээ өгч болно. Гэхдээ ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүс давуу эрхтэйгээр хувьцаа авах боломжийн нээж өгч болно. Одоо том, том компаниуд ажилчиддаа хувьцаа өгч байна.
Ухаалаг ажил олгогч нар ажилчдаа миний ажилтан гэж харахаас илүү миний бизнесийг амжилттай болгох хамтрагч гэж харж, хандлагаа өөрчилж байгаа учраас итгэлцэл бий болж байна. Цаашлаад ажилтныхаа хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт оруулж гадаадад сургах, эрүүл мэндэд нь анхаарах зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлээд явж байна. Энэ загварыг яагаад сонгож болохгүй гэж, иргэд болон аж ахуй нэгжээ баян байлгаж байж манай улс хөгжинө.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай, зэс гаргахгүй бол улсын эдийн засаг хэцүүдлээ цалин, тэтгэврээ тавьж чадахгүй боллоо гэсэн ядмаг бодлоготой явж болохгүй. Харин эдийн засгаа солонгоруулахын тулд сайн сайн чанарын хөнгөн үйлдвэр болон ноос ноолуур, арьс шир гэсэн түүхий эд нь байгаа бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж хөдөлгөх хэрэгцээ шаардлага их байна.
Том хөгжлийн бодлогыг авч явахын тулд давхар нийгмийн хамгааллын асуудал болсон цалин хөлсөө хамт авч явах ёстой. Эхлээд том байшин барьж хэсэг бүлэг хүмүүс баяжаад дараа нь болох биз дээ гэсэн хандлагаар хандаж болохгүй, ийм хөгжлийн загвар ч байж болохгүй .
Манай улсын том компаниуд гадаад зах зээлд гарч өрсөлдөх хэрэгтэй. Жижиг зах зээл дээр бүгдээрээ бужигнадаг төр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40-50 хувийг эзлэх төсөвтэй. Гэтэл улстөрчдөд ойр хүмүүс хөлжиж баяжна, улс төрчдөд ойр биш бол тухайн хүний бизнес хөгжихгүй ийм хандлага манай нийгмээс харагддаг. Манай улсын хүн амын дундаж наслалт маш бага байна. Бас нийгмийн даатгалын үр өгөөж сайжрах ёстой. Өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдсэн, МҮЭХ, Ахмадын холбоотой нийлээд санал, шаардлага тавьсан үүний үр дүн гарлаа. Энэ бол төр, засгаас зайлшгүй авах ёстой арга хэмжээ мөн.
-Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх хэрэгцээ, шаардлага их байгаа. Гэхдээ юмны үнэ дагаж өсөж, иргэд нэмэгдсэн цалин хөлсний үр ашгаа хүртэж чадахгүй байна?
Тэтгэвэр, халамж, цалин нэмэгдэхэд мөнгөө хүмүүс гудсан доороо хадгалдаггүй, эргэлтэд оруулж худалдан авалт хийж эдийн засаг сэргэдэг. Гэтэл зарим хүмүүс тэтгэвэр, цалин нэмэгдэхээр юмны үнэ өснө гэж ойлгодог хүмүүсийг хатуухан хэлэхэд олигархажсан, авлигажсан хүмүүсийн ойлголт гэж хатуухан хэлнэ. Монголчуудын итгэлийн гал нь бөхөөгүй ард түмэн тийм учраас зорилго, төлөвлөгөө тодорхой байх хэрэгтэй. Иргэдийнхээ цалинг 800 доллар хүргэе гэсний төлөө сөрөг өнцгөөс харж болохгүй. Зөвхөн өнөө, маргаашдаа тохируулж, инфляцыг дарах маягаар удаан явлаа, иргэд цөхөрч байна.
Цалин 10 хувиар нэмэгддэг, юмны үнэ 20 хувиар өсдөг, эргээд цалин 10 хувиар буурдаг энэ тогтолцоо байж болохгүй. 2010 онд дундаж цалин хөлс 430 доллар байсан өнөөдөр 470 доллартой тэнцэж байна. Арван жилийн хугацаанд 40 доллараар цалин хөлс өсжээ. Энэ нь эдийн засгийн шударга хуваарилалт асуудалтай байгааг харуулж байгаа юм. Иймд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжээ жигд дэмжихийн тулд солонгорсон эдийн засгийн өсөлт хэрэгтэй, эдийн засаг сайжирвал цалин хөлс нэмэгдэнэ. Мөн ажилчдаа бага цалингаар ажиллуулаад байя гэсэн хандлагатай ажил олгогч нар 20-р зууны сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.
Өнөөдрийн нийгэмд ажилтандаа дундаж цалин хөлс 1 сая 500 мянган төгрөг өгч байж хүмүүс нь тухайн ажлын байрандаа тогтвортой ажиллаж байна. Ажил олгогч нар нэг хүн бэлдэх гэж маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Үүнийгээ үнэлэхгүй бага цалингаар хүмүүсээ ажиллуулах сонирхолтой байдаг, гэтэл бэлдсэн хүн нь чимээгүйхэн яваад өгдөг, өрсөлдөгч компанид нь орчихдог. Эсвэл гадагшаа явчихдаг, энэ нь компани хувьд болон салбар цаашлаад үндэсний хувьд алдагдалтай. Ийм учраас хөдөлмөрийн эдийн засгийн онолоор бол ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг аль болох бага байлгаж байж үндэсний үйлдвэрлэл, ДНБ-ний бүтээмж өсдөг.
Оюутолгой компанид манай залуучууд 60-70 сая төгрөгийн цалинтай ажил дээр ажиллаж эхэлж байна, энэ бол сайн жишээ. Үүн шиг ажлаа дэлхийн жишгээр үнэлүүлж, ажиллаж байж салбарын хөгжил явагдана. Манайх салбарын хөгжлийг хүний хөгжилтэй уялдуулж гаргах ёстой.
-Хувийн байгууллага цалин хөлсөө нэмэх сонирхол байдаг ч татвар болон өөр олон хүчин зүйлээс шалтгаалаад нэмж чаддаггүй. Үүнд зөвхөн тухайн газрын удирдлагыг буруутгаж болохгүй болов уу?
Хүний нөөц чухал учраас МҮЭХ бодлогоо илүү нээлттэй, өргөн хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллана. Хүний эрхийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд оруулж өгсөн. Ажлын байрны дарамт гэдэг ойлголт бий. Манайх ажил олгогч нарт ажилтнууддаа шударга ханд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг битгий “мангас” гэж хараарай хамтраад ажиллая гэсэн санал тавьдаг. Удирдагч нар хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Орчин үед удирдагчдыг үнэлэхдээ хэдэн өрөө байранд амьдарч, ямар том машин унаж байна гэхээс илүү хэдэн хүний амьдралыг сайнаар өөрчилж, ажилтан нь хэдэн төгрөгийн цалин авч, амьжиргааны түвшин нь хэр дээшилж байна вэ гэдгээр нь үнэлж байна.
Харамсалтай нь манай нийгэмд дэмийрсэн амбиц хөөцөлдөж, том хөшөө дурсгал барьдаг, учир дутагдалтай маш их хууль гардаг, бизнесийнхэн тэр хуулийн дагуу явах гэж аргаа бардаг зүйл их бий. Түүнчлэн бизнес эрхлэх гэж буй хүмүүсийн ямар нэг алдаа олж хуулийн хайчаар хайчилдаг. Авлига өгөхгүй, улс төрийн танил талгүй хүнийг ямар нэгэн байдлаар шоронгийн хаалга татуулдаг ийм буруу тогтолцоо байна. Ийм зүйл байгаа болохоор бизнесийнхэн ажилчдын цалингаа нэмж, ажлын орчин нөхцөлөө сайжруулахаас илүү яаж улс төрчдийг дэмжиж, сонгуулийнх нь мөнгөнд хандив өгөх вэ гэсэн хандлагатай байдаг.
Тэгээд аргаа бараад нэг нэг ТББ, холбоо байгуулаад суучихдаг. Одоо төр, төр шиг баймаар байна. Төрд ороод баяжна гэсэн бодолтой хүмүүст боломж өгөхгүй, харин төрд ороод иргэддээ ээлтэй, хөгжлийн бодлогыг урагшлуулах сайн хууль батлуулъя гэсэн бодолтой хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Харин энэ хүмүүсийнхээ цалин хөлс, нийгмийн хангамжийн хангалттай өгч чаддаг болох ёстой. Намуудын санхүүжилтийн асуудал авлига, хээл хахуулийн үүр уурхай болчхоод явж байна. Энэ гав гинжнээсээ салж чадахгүй удлаа.
-Танай холбооноос цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх талаар санал гаргаж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
МҮЭХ-нд олон захиа ирдэг. Үүнийг бид төр засагт уламжилдаг, заримдаа хатуухан хэлдэг. Одоо дундаж давхаргын иргэдээ дэмжиж ядуурлаа арван жилээр 10 хувиар бууруулж, дундад давхаргын эгнээнд оруулаад явахад 30 жилийн дараа ядууралгүй улс болно. Одоо амьжиргааны баталгаажих доод төвшин нийслэлд 277 мянга төгрөг боллоо. Таван ам бүлтэй айл дор хаяж 1 сая 400 мянган төгрөгийн цэвэр орлоготой байж наад захын хэрэгцээгээ хангана гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бид 540-550 мянга байхаар санал оруулж байна.
Цаашлаад ирэх жилүүдэд инфляцаа тооцоолж үзээд 600-700 мянган төгрөг, дундаж цалин хөлсийг энэ жилийн хувьд 1сая 400-1 сая 500 мянга болгох хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн бас эдийн засгаа сэргээх хүрээнд том бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байгаа, гэхдээ цалингаа нэмж чадахгүй баахан зам, үйлдвэр бариад ходоод хоосон, царцсан эдийн засагтай байна гэвэл энэ бол бодлогын зөв сонголт биш.
Ер нь жил бүр эдийн засгаа солонгоруулах бүтээн байгуулалт хийх нь зөв, үүний хажуугаар жижиг үйлдвэрлэл эрхлэгчид болон цалин, хөлс нэмэх асуудлаа байнга авч явах ёстой. Өөрөөр хэлбэл найман нэрийн барааны жижиг дэлгүүр ажиллуулж байгаа хүн, бүх мөнгөөрөө том хаус барьж болохгүй биз дээ. Эсвэл том машин унаж болохгүй нь тодорхой. Бизнес эрхлэгчдэд хэлэхэд худалдан авах чадвартай иргэдээ олон болгоё. Ингэхийн бол бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ, өндөр цалингаас өндөр татвар төлөгдөнө, үүнийг дагаад ахмадын тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал нэмэгдэнэ, энэ мөнгөөр цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн ажилчдаа дэмжиж ажиллах боломж байгаа.
-МҮЭХ хөгжлийн бодлогоо хэрхэн харж, яаж ажиллахаар зорьж байна вэ?
Манай хөгжлийн бодлогын хөтөлбөр иргэдээ яаж чинээлэг болгох вэ, хөдөлмөр эрхэлсэн хүн хэрхэн сайн, сайхан амьдардаг жишгийг тогтоохын төлөө ажиллана. Өнөөдөр залуучууд гэр бүлтэй болоод сэтгэлээр унаж байна, яаж эхнэр, хүүхдээ цалингаараа тэжээх вэ гэж дарамтад орж, 700-800 мянган төгрөгөө яаж зохицуулах вэ гэж хямраад бууж өгч байна. Манай улсад сайн ажиллаж байгаа хүн сайн цалин авдаг жишиг тогтох ёстой. Эрүүл мэндийн салбар дээр онцлоод хэлэхэд АНУ-д арван жилийн дотор сувилагчийн сарын цалин 10 мянган доллар болж, сарын цалин нь гурав дахин өсөх нь тодорхой боллоо. Европын орнуудын 3000 мянган долларын цалинтай сувилагчид АНУ-ыг зорьж, Европт сувилагчийн хомстолд орлоо. Европын холбооны улсууд Азийн орнуудаас боловсон хүчин авч эхэллээ. Одоо сайн анзаарах юм бол манай улсад сувилагчид цөөрч байна.
Норвеги улс байгалийн баялгаас авах татвараа сайн болгож, иргэдийнхээ цалинг өндөр болгосон. Гадаад улс орнуудын энэ сайн жишгийг хэрэгжүүлж, манай улс баялгаа зөв хувиарлаж, салбар бүрийн иргэдийнхээ цалинг нэмж, хэн сайн ажиллаж байгаа нь өндөр цалин авдаг жишгээр нэмэх ёстой. Мэдээж хувийн хэвшлийнхэн цалингаа яаж нэхэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Тэгвэл хувийн хэвшлийнхнийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, тэтгэмж өгдөг ОУ-ын жишиг бий. Хэрвээ манай улс иргэдийнхээ цалинг 1000 доллар болгож чадвал иргэд өөрсдөө байраа барьж, орчин үеийн шийдэлтэй хаустай болж, гэр хорооллын асуудал цэгцрээд ирнэ. Гэтэл утаа багасгах гэж хэдэн тэрбум төгрөг зарцуулав.
Улс орон ядуураад ирэхээр, улс төр нь тогтворгүй болдог, улс төрийн талцал, ядуурал нэмэгддэг, бизнесийн салбар харгис болдог энэ нь өнөө маргаашаа аргацаана гэсэн үг. Уг нь манай монголчуудын хөгжил амархан харагдаж байгаа. Харин зөв ойлголцол, зөв баялгийн хувиарлалт чухал. Сүүлийн 30 жил иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд орууллаа, зарим хүмүүс зүгээр л халамж хараад хэвтэж байна. Жинхэнэ төрийн хүн ажлаа хийж, төр бизнес хоёр тус, тусдаа байж бизнесийнхэн нь бизнесээ хийгээд явбал улс орны хөгжилд ач холбогдолтой, эерэг нөлөө үзүүлж зөв бодлого хэрэгжиж чадах юм.