2024.02.23
ҮЭ-ийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа
Иргэдийн суурь эрхийн нэг эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний илрэл болох Үйлдвэрчний эвлэлийн үүрэг өндөр, ажилтан болон ажил олгогч талуудын хамтын хэлэлцээр амжилттай хийгддэг улс орнуудад цалин хөлсний тэгш бус байдал бага, ажилгүйдлийн түвшин тогтмол доогуур, нийгэм дэх итгэлцэл өндөр байдаг нь Швед, ХБНГУ зэрэг Европын улс орнуудын жишээнээс харагддаг.
Дэлхий дахины улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд, хөдөлмөрийн харилцаан дахь шинэ нөхцөл байдлын улмаас Үйлдвэрчний эвлэлүүд илүү өргөн хүрээнд ажиллах, нийгмийн түншлэлээ өргөжүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Монгол улсын хувьд 107 жилийн түүхтэй МҮЭ-ийн үйл ажиллагааг 1991 оны хуулиар зохицуулж байгаа тул энэхүү хуулийг шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Тийм учраас өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг ҮЭ-ийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэгт оролцож хөдөлмөрлөх эрхийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, Үйлдвэрчний эвлэлийн үе үеийн зүтгэлтнүүд, эрдэмтэдтэй санал солилцлоо.
Манай улсад иргэдийн хөдөлмөрлөх эрхүүдээс эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх, цалин хөлсөө шударгаар тогтоолгох, ҮЭ байгуулан эвлэлдэн нэгдэх зэрэг зарим эрх зөрчигдөж байдаг нь тоо баримтуудаас харагддаг. Тухайлбал, ажлаас үндэслэлгүй халагдах, цагийн болон түр хугацаат, гэрээт ажил хийж буй хүмүүс цалингаа авч чадахгүй байх, хувийн хэвшилд “туршилтын хугацаа” гэдгээр цалингүй ажиллуулах явдал байсаар байгаа юм.
Мөн ҮЭ-ийн зүтгэлтэн гэдгээр нь ялгаварлах, гэр бүлд нь дарамт үзүүлэх явдал байдгийг өнөөдөр уулзсан зарим салбарын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хэлж байлаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn