2025.05.28

Х.Жангабыл: Сайншанд Замын-Үүдийн өндөр хүчдэлийн шугам хэзээ баригдах вэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.05.28/-ны өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй уялдуулан гишүүд асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл:

Эрчим хүч-1, Эрчим хүч-2 төслүүд урьд өмнө Монгол Улсад амжилттай хэрэгжсэн. Одоо Эрчим хүч-3 төслийг оруулаад ирсэн байна. Эрчим хүчний инженер хүний хувьд энэ төслийг дэмжиж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн 6 аймаг болон 90 сумын цахилгаан хангамж, 100 гаруй уул уурхай, ашигт малтмалын газруудын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний найдвартай, хангамжтай болно гэж ойлгоод байгаа. Энэ төсөлтэй холбоотой хэд хэдэн асуулт байна. 

Нэгдүгээрт,

Танилцуулга дээр Багануур, Чойр чиглэлийн өндөр хүчний шугам нэг хэлхээтэй 220 байгаа. Энэ танилцуулга дээр 110 гээд бичсэн байна. Үүнийг засах хэрэгтэй байх. Чойроос Сайншанд хүртэл өндөр хүчдэлийн шугам баригдаж байгаа. Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдах вэ? Аливаа төслийг цогцоор нь хийвэл зүгээр байдаг. Одоо Чойроос Сайншанд хүртэл шугам баригдаад Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдаж дуусах хугацааг хэлж өгөх шаардлагатай байна. Мөн Багануур, Чойрын шугамын алдагдал яг хэд байгаа юм бэ? Энэ төсөл хэрэгжсэнээр алдагдал нь хэдэн хувьтай болох юм бэ? Техникийн болон техникийн бус алдагдлууд байдаг. Техникийн бус гэдэг нь хулгайч ч юм уу байж болно. Шинэ шугам ямар утсаар баригдах юм? Транскаватор, тоноглолууд нь ямар шаардлага хангасан бэ? Үүнд нарийн деталь мэдээлэл авмаар байна. 

Хоёрдугаарт,

Эрдэнэбүрэн цахилгаан станц эрчимтэй баригдаж байна. Мөн нарны цахилгаан станц барихаар төслүүд хэрэгжээд Эрчим хүчний яамны төлөвлөлтөд ороод бэлтгэл ажлаа хийгээд байна. Сэргээгдэх эрчим хүч давхар хөгжүүлж, усан цахилгаан станцтай уялдуулах нь зөв л дөө. Эрдэнэбүрэнгээс 1000 хүртэл өндөр хүчдэлийн шугамыг татаад, барьчих байх. 1000-аас Улиастай хүртэлх шугамыг бас хэзээ барихаар байна вэ? Баруун бүсийн эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчинд холбовол их ашигтай.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.