Дэлхийд үнэлэгдэх мэргэжлийн CEO бэлтгэхэд гүүр болно
МҮХАҮТ-ын Бизнес Академийн Гүйцэтгэх захирал Д.Асралт
2024.06.21

Дэлхийд үнэлэгдэх мэргэжлийн CEO бэлтгэхэд гүүр болно

Хүнлэг, утга учиртай, ухаалаг, урт хугацааны зорилгоо тодорхойлсон компаниуд өөрчлөлт шилжилтийг амжилттай удирдаж байна. Өнгөрсөн хугацаанд бизнест зөвхөн ашгийг тэргүүнд тавьж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын өгөөжийг маш өндөр түвшинд барихыг чухалчилж байсан бол өнөөдөр ашгаас илүүтэй зорилгыг чухалчилж, хүнийг зөвхөн цалингаар бус, зүрх сэтгэл, томоохон зорилгын дор зангидан удирдах арга барил тренд болж байна. 

Бизнест гарч буй өөрчлөлтийг дагаад компаниуд алсын хараа, стратегиа дахин томъёолж эхэлсэн. Үүнтэй уялдаж хүний нөөцийн менежмент, стратеги, инновац, хиймэл оюун ухаан, хамтын ажиллагаа, зорилгоор дамжуулж хэрхэн үнэ цэн бүтээх зэрэг бизнесийн боловсролд өөрчлөлт орж байна. Өөрөөр хэлбэл компанийн эзэд, гүйцэтгэх удирдлагууд урт хугацааны стратегиа хэрхэн утга учиртай зорилготой холбож ашигтай ажиллах талаар алсын хараагаа тодорхойлох сорилттой тулгарч байна. Дэлхий нийтэд “цонх” үе буюу капитализмын шинэ эрин буюу бизнесийн бүх оролцогч талуудын капитализм руу шилжих боломж үүссэн.

Дээрх өөрчлөлтөд эхлээд хувь хүний хандлага сэтгэлгээ өөрчлөгдөж, үүний дараа бодит, зөв мэдлэг мэдээллээ хүлээн авч, ур чадвар дээшилж хөгжих боломжтой. Энэ нь бизнесийн боловсролын салбарт гарч буй өөрчлөлтийн нэг хэсэг. Иймд МҮХАҮТ-ын дэргэдэх  Бизнес академи “Харвард МенежМентор”, CEO Excellence, CEO Radar зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн түвшинд ажиллах чадвартай гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэхэд 1000 CEO бэлдэж, мөн төдий тооны хүчирхэг компанийг бий болгоё гэсэн алсын хараатай ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дээрх хөтөлбөрт 500 орчим удирдлагууд хамрагдаад байна.

Бид монгол CEO, менежерүүдийг дэлхийн хаана ч, ямар ч компанийн менежментийн багт ажиллах чадвартай болоход туслах зорилготой. Монгол нүүрс экспортлох бус CEO-гоо экспорлох боломжтой. Өнөөдөр Энэтхэгчүүд Цахиурын хөндийн технологийн олон компаниудыг удирдаж, жилийн 160,000 гаруй, дундаж, дээд тал нь 63 сая ам.долларын цалин, урамшуулал авч байна. Монгол залуучуудад ийм боломж байгаа. 1000 CEO бэлдэх хөтөлбөр бол богино хугацааны ажил биш 5-10 жилийн дараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол гүйцэтгэх захирлуудыг бэлдэхэд бид гүүр нь болж ажиллана.

Нөгөө талаар Монгол залуучуудын орон, тэднийг урамшуулж, идэвхжүүлэх шаардлагатай. Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудын ажлын байрны 80-аас дээш хувийг жижиг дунд бизнесүүд эзэлж, асар олон хүнийг ажлын байраар хангаж байдаг. Энэ салбарт шинийг санаачлагч энтрепренерүүд олон байдаг бөгөөд цаашдаа 5-10 жилийн дараа хөл дэрээ тогтсон, экспортын баримжаатай дэлхийн хэмжээний компанитай болох боломжтой. Бидний эхлүүлж буй  “БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ” 10000 залуусын сургалт ч ийм алсын хараатай эхлүүлсэн. Энэхүү сургалт зөвхөн залуучуудаас гадна бүх насны хүмүүст нээлттэй.

Хөтөлбөрийн хувьд, олон улсад Бизнес Удирдлагын Магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 200 орчим сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, албан ёсны эрхтэй 12 модуль бүхий P-MBA /Personal MBA/ сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес Академи” 300 мянган төгрөгийн төлбөртэй зохион байгуулах гэж байна. Сургалтын төгсгөлд буюу санаачлагын 2-р үе шатанд бизнесийн шинэ санаа, төсөл нь шалгарсан 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулна.

Харин 3-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100 хүмүүсийг бизнесийн бүх оролцогч талуудын оролцоотой, тухайлбал банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, медиа, төрийн байгууллагууд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд, танхимын гишүүн компаниудтайгаа хамтран бизнес инкубатор хөтөлбөрт хамруулахаар зохион байгуулахаар ажиллаж байна.  

Бизнесийн боловсролд өөрчлөлт орж байгаатай хөл нийлүүлэн хүн төвтэй бизнесийн философийг ойлгох, бизнесийн боловсролыг шинэ түвшинд гаргах цаг болсон, 5 төгрөгөөр авсан зүйлээ 10 төгрөг болгож зарахыг бизнес гэж ойлгодог хандлага бий. Энэ бол бизнес биш, наймаа. Бизнес нь хэн нэгний бус хүмүүсийн төлөө (хэрэглэгч, бизнест оролцогч бүх талууд) завгүй ажиллах хүмүүсийн хамтрал.    

Мөн бизнес  зөвхөн ашиг олдог арга хэрэгсэл гэхээсээ илүүтэй тухайн нийгмийнхээ асуудлыг шийдсэн бизнесийн бүх оролцогч талуудад үнэ цэн авчирахуйц байх ёстой. Дэлхийн чиг хандлага өнөөдөр зөвхөн бизнесийн ашиг бус хүнлэг зорилго ашиг хоёрын тэнцвэрийг хэрхэн зөв байлгах вэ гэдэгт чиглэж байна. Ийм учраас дээрх үндсэн зарчмуудыг сургалтад хамрагдаж буй залуустаа хүргэхийг зорино.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn